Эрх мэдэлтнүүд сэтгүүлчдээр даажигнадаг нь хэрээс хэтэрлээ
- 2023-10-24
- Нийтлэл
- 0
Чөлөөт хэвлэл гэдэг бол ардчилал. Энэ хоёр ойлголтыг салгаж ойлгох ямар ч боломжгүй. Чөлөөт хэвлэл шударга хүчтэй байх тусам ардчилал эрүүл байна. Гэтэл өнөөгийн нийгэмд ардчилал дарангуйллаар солигдсон гэж ярих, шүүмжлэх хүн олон. Ардчилал муугаараа дуудуулж байгаа л бол үүнд чөлөөт хэвлэл ч хамаатай. Ардчилал яагаад дарангуйлал руу чиглэв. Яагаад Монголын сэтгүүл зүй дөрөв дэх засаглалын үүргээ гүйцэтгэх чадамжгүй болов. Үүнд хэн буруутай вэ. Хэн нөлөөтэй вэ. Нэг ч реклам тавьдаггүй, нэг ч сурталчилгаа явуулдаггүй хэвлэлийн сэтгүүлчдийн орлого яаж огцом өсөөд байна вэ. Үүний цаад шалтгаан нь хэнд, юунд байна. Өнөөгийн Монголын эрх мэдэлтнүүд өөрийн гэсэн сэтгүүл зүйтэй болж. Тэд өөрийн гэсэн сэтгүүлчтэй. Бүр хэвлэл мэдээллийн алба, редакцтай болсон нь нууц биш. Үүнээс болж Монголын сэтгүүл зүй эрх баригчдын гай, гавьяа хоёрыг ард түмэндээ бодитоор мэдээлж чадахаа больсон. Эсрэгээрээ Монголын сэтгүүл зүйг микрофон барьсан “дайчин” хүүхнүүд дарга, эздээ өмөөрсөн тулааны талбар болгон хувиргалаа.
Сэтгүүл зүйг доромжилсон, гутаасан үйлдэл ч сүүлийн үед олширч байна. Шинэ хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийх үеэр “Ёс зүйгүй сэтгүүлчийн асуултад хариулахгүй” гэж хэлсэн. Энэ үг үнэндээ сэтгүүлчийн хувьд асар том доромжлол. Гэхдээ анх удаа Х.Нямбаатар сэтгүүлчдийг шүүмжилж, ялгаж байгаа биш л дээ. Сэтгүүлчдэд ёс зүйн хичээл заадаг, ямар асуулт тавихыг нь ч хэлж, шүүмжилдэг улстөрч бол Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж байлаа. Тэрбээр улс төрд ноёрхож байхдаа хэвлэлийг ялгаж, өөрийн гэсэн сэтгүүлчээ өрөөндөө дуудаж байгаад л хэлэх ёстойгоо хэлж, бичүүлдэг байв.
Дэлхийд бол Америкийн ерөнхийлөгч Трамп тэгдэг байв. Муу юм модон улаатай гэгчээр энийг дуурайсаар сүүлдээ хэвийн юм шиг болсон нь энэ Нямбаатарын том хүн болох гэж ядсан жүжиглэлт. Ингэж эрх мэдэлтнүүд сэтгүүлчдийг ялгадаг, өөрсдөд нь таалагдсанд мэдээлэл өгдөг, таалагдаагүй сэтгүүлчтэй дуугардаггүй, ярьдаггүй, бүр доромжилдог болсон тогтолцоо Монголын нийгэмд нутагшсан. Энэ бол сэтгүүл зүйг гутааж байгаа хамгийн том нөлөөлөл, учир шалтгаан нь юм.
Монгол ардын нам сүүлийн гучин жил засаглаж байна. Ардын нам засаглах болсноос хойш сэтгүүл зүй доромжлогдож, гутаагдаж, худалдагдаж ирсэн нь үнэн. Худалдаж авсан сэтгүүлчдээ өөрсдийнхөө хамгаалагч болгосон, болгосоор ч явна. Харин хамгаалагчаа болгож чадаагүй сэтгүүлчээ өөрсдийнхөө “нохдоор” уруулдаг. Үүнээс нь болж Монголын сэтгүүл зүйн нэр төр унасаар л байна.
Өнөө үед сэтгүүлч хоорондын тэмцэл нийгэмд илүү хурц, тод ажиглагдах болсон. Угтаа улстөрчид хоорондоо хэрэлдэж, зодолдож, нэгнийхээ булайг бусдад дэлгэдэг байлаа. Гэтэл өнөө цагт тэдний өмнөөс сэтгүүлчид “…миний даргын зөв, чиний дарга хулгайч… гэх зэргээр зодолддог болж. Мэдээж сэтгүүлчид эрх мэдэлтнүүдийн төлөө үйлчилдэг, тэдний өмнөөс дуугарч хамаг муу муухайг нь сэтгүүл зүйг ашиглан шийдэж байгаа учраас авдаг юм нь тэр чинээгээрээ өндөр.
Нөгөөтэйгүүр хэн гэдэг сэтгүүлч хэний төлөө дуугарч байгаагаасаа хамаарч хөрөнгө нь огцом нэмэгддэг болсон цаг. Эрх мэдэлтнүүд нь ч өөрсдийнхөө өмнөөс тулаанд орж байгаа “дайчин хүүхнүүд”ээ цулайтал нь баяжуулсаар байна. Баяжиж байгаа энгийн нэг жишээ гэвэл ганц ч рекламгүй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч сард нэг байр худалдаад авчихдаг гэж дээр дурдсан. Тэд үсэг болгоноо төлбөртэй тавьсан ч өнөөдрийн нөхцөлд ийм орлого олох боломжгүй. Харин даргад сайн байсных нь урамшуулал мэдсэн ч мэдээлээгүйн шагнал нэг ёсондоо худалдагдсаны шагналд бол ийм байж болно. Реклам, цалин хөлснийхөө орлогоор сард нэг байр авдаг сэтгүүлч битгий хэл хэвлэл мэдээллийн байгууллага ч ховор. Гэтэл хамгийн их хэрүүл тэмцэл өрнүүлэгчид сард нэг байр битгий хэл хэд хэдээр нь худалдаад авчих хөрөнгөтэй болж байна. Мэдээж нэг талдаа ийм хялбар аргаар хөрөнгөжөөд байхад түүнд нь атаархсан сэтгүүлчид гарч ирнэ. Адилхан хоёр сэтгүүлч нэг нь редакцаас өгсөн цалингаараа амьжиргаагаа залгуулж байхад нөгөөх нь эрх мэдэлтнээс авсан хөрөнгөөрөө баярхаж байхад атаархахгүй гээд яах билээ. Үүнээс болж сэтгүүлчид нэгэнтэйгээ сөргөлдөх, маргалдах нь энгийн үзэгдэл болсон. Эрх мэдэлтнүүдийн үгэнд ороод яваад байвал мөнгөтэй болох боломжтой гэж ойлгосон. Тэр утгараа өнөө цагт Монголын сэтгүүл зүй хоёр хуваагдан “зодолдож” байна. Энэ хоёр хуваагдал нь сайн, муугаараа биш. Чиний дарга, миний дарга гэх улстөржсөн, мөнгөжсөн бүлэглэл болж аваад зодолдож байгаа юм. Зодолдож ч гэж дээ, зодолдуулж байна гэвэл илүү онох биз. Эрх мэдэлтнүүд сэтгүүлчдээр даажигнадаг нь хэрээс хэтрэх тусам Монголын сэтгүүл зүй үүргээ гүйцэтгэж чадахгүй боллоо. Угтаа сэтгүүлчид нэгэнтэйгээ бус эрх мэдэлтнүүдтэй зодолдож, болохгүй бүтэхгүй байгааг нь нийгэмд ил болгож, үнэн бодит мэдээллийн “хоточ банхар”ынхаа үүргийг гүйцэтгэх ёстой. Харамсалтай нь Монголын сэтгүүл зүй шударга бус өрсөлдөөн дунд сөхөрч байна. Тиймээс гуч гаруй жил эрх мэдлийг атгаж яваа Монгол ардын нам чөлөөт хэвлэлийг устгаж байгаадаа одоо дүгнэлт хийх цаг болсон.
Э.МӨНХТҮВШИН
Сэтгэгдэл (0)