Ю.Цэдэнбал ном унших, мэдлэгээ сэлбэн баяжуулах талаар хосгүй хүн байв

Монголын удирдагч Ю.Цэдэнбал эрдэм мэдлэгээр тухайн үеийнхэндээ тоогдож, мэдлэг ухаанаараа бусдад хүндлэгдэж, тэр чанараараа бусдад нөлөөлж, олон түмнийг залан жолоодож байв. Ю.Цэдэнбалын ухаалаг чанар, алсын хараатай зөв бодлогын тухай XX зууны үеийнхэн олонтаа голлон тэмдэглэсэн байдаг юм.

Ю.Цэдэнбалын комиссар байсан Борхүү тэмдэглэхдээ: “Би Зөвлөлтөд сургууль төгсөж ирэнгүүтээ 1974 оноос 1984 он хүртэл Цэдэнбал даргыг албан тушаалаасаа буух хүртэл комиссараар нь ажиллаж байлаа. Ном их уншдаг, маш их номтой, оюуны потенциал өндөр, ухаалаг, 44 жил төр барихдаа бүх зүйлийг бодож хийдэг, ажилсаг, үргэлж ширээний ард суудаг, чөлөөт цаг тун багатай байсан. Номын сандаа олон арван мянган номтой, тэр дотор нь ховор номнууд олон, 46 оноос хойших бүх тогтмол хэвлэлийг жил жилээр нь хадгалдаг, бид нар тэрийг нь ордонд авчирч хавтаслаж ирдэг байсан. Хүн зүгээр сууж байхад их дургүй, юм уншиж, бичиж л байвал их дуртай, Даргыг өрөөндөө ороход нь бид хүлээгээд сууж байдаг учир, та нар зүгээр сууж байхаар ном унш. Миний номын сангаас ном авч уншиж болно, харин уралгүй цэвэрхэн уншаарай гэдэг, номондоо их хайртай, бусад юманд нь хүрч байхад тоохгүй, харин номонд нь зөвшөөрөлгүй хүрвэл дургүйцдэг. Өөрийн гэсэн “бамбар барьсан гар, тулга, хуучин монгол бичиг болон кирилээр нэрээ бичсэн" тамгатай, тэр тамгаа өөрийнхөө уншсан бүх ном, номын сангийнхаа номнуудын эхний хуудсан дээр тавьдаг байсан. Мөн номон дээрээ гол зүйлээ улаан харандаагаар, бусдыг нь хөх харандаагаар тэмдэглэдэг...Хувь хүнийхээ хувьд их наргианч хүн. Оюуны потенциал сайтай, уншсан юмаа мартдаггүй эргэн санадаг, тэр номны тэд дүгээр хуудас гээд шууд хэлдэг байсан. Нэг удаа надаар номын сангаас 20-иод  ном авчруулж уншсан, би бодохдоо нэлээд хэдэн өдөр болох байх гэсэн боловч надад маргааш өглөө нь буцааж өгч байсан, ном унших арга барилыг дээд зэргээр эзэмшсэн, уншсан зүйлээ хэзээ ч мартдаггүй, санаж байдаг. Оросын сурвалжлагч даргаас -Та номын сангийнхаа номны хэдэн хувийг уншсан бэ? гэж асуухад дарга: -Тэд эд гэх ч юу байхав, уншаагүй ном гэж байхгүй, харин өчигдөр, уржигдар ирсэн юмыг уншиж амжаагүй л байна даа гээд инээж байсан" гэж тэмдэглэсэн бол, Дотоод Яаманд ажиллаж байсан Т.Жамсранжав: “Түүний гэр, ажлын өрөөнд дүүрэн ном байдаг байсан. Хүнлэг сайхан сэтгэлтэй, хүнийг их ойлгодог хүн байв” хэмээн бичжээ.

 

Комиссар байсан Л.Чүлтэмжамц: “Даргын хувийн номын сан нь олон арван мянган номтой байсан. Тэднийх гэр бүлээрээ номын “хорхойтой” хүмүүс. Номоо өөрсдөө худалдан авдаг учир жилд овоо хэдэн төгрөг зарцуулдаг байсан байх аа. Бусад орны нам, төрийн удирдагч, Зөвлөлтийн цэргийн жанжинууд, сансрын нисгэгчид, урлаг соёлын зүтгэлтнүүд, монголын эрдэмтэд, зохиолчид бусад хүмүүсээс дурсгасан гарын үсэгтэй ном хэдэн зуугаараа бий. Дарга эдгээр номоо алтнаас ч илүү үнэлнэ. Ер нь номонд дуртай, номыг үнэлдэг, соёлтой хүмүүс. Номын санг нь хараад биширч сөгдмөөр. Дарга гэртээ бол номын сандаа л сууж байдаг сан. Номын сан нь даргын гэртээ байх үеийн ажлын өрөө нь бөгөөд тэндээс гарах ч үгүй. Жил бүр гадаад, дотоодын 50 орчим сонин, сэтгүүл захиална. Жилийн эцэст бүх сонин сэтгүүлийг дугаарлаж, хавтаслан хадгалдаг учраас олон жилийн сонингийн фонд хуримтлагдсан нь ховор бөгөөд үнэтэй ч цуглуулга гэж боддог.

 

Дарга ном сонинд гарсан чухал сэдэв өгүүллэгийг уншихдаа хөх, улаан будгийн харандаагаар эрээн болтол зурна. Зарим үгийг дугуйлна. Ном, сонин, сэтгүүлийн захад уйгаржин монгол бичгээр, эсвэл оросоор хэдэн үг бичиж тэмдэглээд, нэмэх, хасах тэмдэг энд тэндгүй тавьсан байдаг байлаа. Бид ном авч уншихад тэр их дуртай. “Та нар эндээс ном авч уншиж бай, харин халтар болгож болохгүй, эргүүлээд яг авсан байранд нь хийгээрэй” гэж захидаг сан” хэмээжээ.

 

Ахмад дайчин, 86 настай Жигмэддорж: “Нэг хуралдаанд Бал дарга илтгэл тавихаар ирээд, алгандаа жоохон цаасан дээр юм бичиж тэмдэглэчихээд тэрүүгээрээ цаг гарангийн илтгэл тавьчихдаг байсан. Тэр үед их л гайхаж, хэлэх үгийнхээ эхний үсгийг нь л тавьж болмоор энэ жижиг цаасыг хараад яаж ингэж сайхан ярьдаг байна гэж гайхаж байсан. Одоо бодохнээ их л сайн илтгэгч, үгийн баялаг, ой тогтоолттой, юмыг дэлгэрүүлж ярьж чаддаг хүн байж. Цэдэнбал дарга ер нь аливаа асуудалд төвийг баримталдаг байсан гэж бодогддог” гэж дурсжээ.

 

Дипломатч, академич Х.Цэрэв: “Ю.Цэдэнбал гадаадын эрдэмтдийг маш элэгсэг дотно хүлээн авч, тэдний яриаг анхааралтай сонсож, харилцан асууж, тухайн орны шинжлэх ухааны талаар сонирхон ярилцах, мэдэх, өөрийн орны эрдмийн байгууллагын байдал тэдэнд ямар санагдсан, юунд анхаарах талаар эрдэмтдийн санал, бодол зөвлөлгөөг илүү их сонирхон лавлаж ярьдаг байсан нь тод санагдана. Гадаадын эрдэмтэд төлөөлөгчид н.Цэдэнбалтай уулзаад маш өндөр сэтгэгдэлтэй, их мэдлэгтэй, соёлтой, яриа хөөрөө сайнтай, баяр баясгалантай, хөгжилтэй хүн юм аа гэж магтдаг байв” гэжээ.

 

УТТ-ны гишүүн байсан, Улаанбаатар хотын Хүндэт иргэн Б.Алтангэрэл: “Цаг үргэлж л ном, сонин, сонгодог болон уран сайхны өгүүллэгүүд, шинжлэх ухааны мэдээ сэлт сонирхон үздэг байсан. Орос хэлний өндөр мэдлэгтэй. Орос хүний илтгэл ч юм уу аливаа зохиол шүүмжлэлийг үзүүлэхэд л улаан эрээн болтол засчихдаг байлаа. “Юный техник” сэтгүүлийг захиалан уншдаг. Гэрт нь том том боодолтой ном байдаг байсан сан. Асар том номын сантай, өндөр мэдлэгтэй хүн байсан. Тийм ч учраас доод шатныхандаа шаардлага өндөр тавьдаг, өөртэйгөө эн чацуу байхыг хүсдэг байсан. Монгол хэлийг цэвэр тунгалаг байлгахын төлөө их анхаардаг, орос хэлийг тийм сайн мэддэг мөртлөө монгол хүнтэй ярихдаа нэг ч орос үг хэрэглэдэггүй байсан нь гайхмаар шүү. Ер нь унтаж амрахыг мэддэггүй, өглөө эрт босож, орой унтдаг, хоол унд идсэн ч тавлаж тухалдаггүй хам хум идээд л ажлаа гэдэг хүнбайсан. Ер нь их баярламтгай, итгэмтгий зөөлөн хүн байв. Чөлөөт цагаараа сав л хийвэл ном уншиж байнга өөрийгөө цэнэглэж, шинжлэх ухааны олон салбарыг сонирхон судалдаг байсан” тухай дурсжээ.

 

Ю.Цэдэнбалын жолоочоор 25 жил ажилласан Ш.Шадав: “Өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэхийг их эрхэм болгож байсан. Асар их боловсролтой хүн байсан хэрнээ түүнийгээ чамлаж үргэлж шинийг сурахыг эрмэлздэг байсан. Би нэг зүйлийг тод санаж байна. Цэдэнбал дарга орос хэлээр чөлөөтэй уншиж, ярьдаг. Дэлхийн II дайны талаарх мэдээг герман хэл дээрээс уншдаг байсан. Даргын байрнаас гараад очих газар хүртэл цаг ашиглаж сонин уншдаг байсан. Номыг маш түргэн уншдаг нь сонин. Бид чинь номыг 2, 3 өдөр уншдаг байхад Бал дарга өгүүлбэр өгүүлбэрээр нь хараад л явчихна" гэж ажигласнаа дурсжээ.

 

Гавьяат хуульч Х.Загд: “Цэдэнбал гуай амралтын өдөр, орой үдэш байнга суудаг хүн байсан. Тэр үеийн удирдлагуудаас хамгийн их мэдлэгтэй хүн нь байсан даа” хэмээн, МУИС-ийн орлогч захирал, УБДС-ийн тэнхимийн эрхлэгч байсан, түүхч эрдэмтэн Ц.Сүрэнхорлоо: “Цэдэнбал гуай ултай суурьтай, боловсон хүчний талаар их анхаарал тавьдаг, өргөн хэмжээний мэдлэгтэй” хүн байсныг дурсжээ.

 

Монголын шинжлэх ухааны нэгдсэн академийн Ерөнхийлөгч байсан, Ардын гавьяат багш, доктор, профессор С.Галсан: “Ширээн дээр нь өөрийн нь уншиж байгаа бололтой янз бүрийн өнгийн харандаагаар зурж тодотгосон ном байх аж. Ном их уншдаг, ер нь номон дээр их ажилладаг хүн юм гэсэн сэтгэгдэл олон жил сурган хүмүүжүүлэх ажил хийсэн надад өөрийн эрхгүй зурсхийн бууж байлаа. “Миний энэ номын сан овоо номтой” гээд номынхоо санг үзүүлж, хаана, ямар төрлийн ном байдгийг чадамгай мэддэгээ харуулан тайлбарлаж, бас гадаадынхан болон монгол хүмүүсийн өгсөн ном ч бий гэж байв. Хурал, цуглаан, зочин гийчинтэй явж байхад нь цэмцгэр, ажил хэрэгч Бал дарга гэртээ, зэрэгцэн суугаад ярилцахад бараг л итгэмээргүй найрсаг хүн байлаа. Бид мэтийн эгэл ард түмний дундаас төрж гарсан жирийн сэхээтнүүд Цэдэнбал даргыг ёстой л бурханчилж, улс орныг удирдаж, соёл боловсролыг тэргүүн зэрэгт тавьж буй ухаан чадварыг нь хүндэтгэж үздэг байсан” болохоо дурсчээ.

 

Ю.Цэдэнбалын туслах байсан Л.Батцэнгэл: “Бал дарга ой ухаан, өргөн мэдлэг, их дадлага, туршлага, хөдөлмөрч чанараар үнэнхүү гайхамшигтай хүн байлаа, их юм уншдаг, Монголын бүх тогтмол хэвлэлээс гадна ЗХУ-ын 74 тогтмол хэвлэлийг захиалан уншдаг, нэрт жанжингуудын дурдатгал, дэлхийд алдаршсан ном, түүхэн романуудыг тогтмол уншиж, чухал зүйлүүдийг зурж тэмдэглээд, улс орноо хөгжүүлэхэд ашигладаг байсан, орос хэл сайн эзэмшсэн, илтгэлээ шууд орос хэлээр бичдэг, алив асуудалд нягт нямбай ханддаг, шаардлага өндөр, хувийн сахилга, хариуцлага сайтай хүн байсан. Нэг жишээ хэлэхэд: МАХН-ын 16-р их хурлын тайлан илтгэлийг боловсруулах комисс томилогдож нэлээд хугацаанд 146 хуудастай илтгэл боловсруулаад даргад өгснийг уншаад, өөрт нь таалагдаагүй тул уг илтгэлийг дарга өөрөө бичиж, их хуралд илтгэж байсан удаатай. Их хурлын үед унтахгүй хоноод үүрээр 5-10 хором дугхийгээд л дараа өдрийн ажилд ордог заншилтай байлаа” гэжээ.

 

НТХ-ны нарийн бичгийн дарга байсан Г.Адъяа: “1972 онд зоотехникчдийн улсын зөвлөлгөөнд оролцогчидтой хийсэн уулзалт дээр “Улсын хөгжлийг хангах уу, хойш татах уу? Гэдэг асуудпыг боловсрол шийднэ. Хэн ч хаана ч байлаа гэсэн боловсролоо дээшлүүлэх явдал бол төрийн асуудал, үүнд өөрийгөө албадах хэрэгтэй. Эрдмийг сурна гэдэг урсгал сөрөн сэлэхтэй адил. Сэлэхээ зогсчихвол буцаад урсчихна гэдгийг анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

 

Уг хүн хувийн жаргалыг хөөцөлддөггүй, баяжих хөлжихийг боддоггүй, ажлаас өөр амин чухал зүйлгүй, монголчуудын хүндэтгэдэг, үгийг нь сонсдог лидер байсан” тухай тэмдэглэжээ.

 

Монголын ШУА-ийн Түрэг, Монгол судлалын төвийн ерөнхийлөгч, академич, доктор (Sc) Х.Ислам Ю.Цэдэнбалыг Монголын “Хамгийн боловсролтой удирдагч” гэж үнэлээд” Монгол төр төвхнөн тогтсоноос хойш 799 жил болоход Юмжаагийн Цэдэнбал шиг боловсролтой, түүн шиг Монгол улсыг дэлхийн тавцанд мандуулан гаргасан хүн байхгүй юм. Ю.Цэдэнбал Монгол төрийн түүхэнд алтан аяганаас рашаан ууж, Монголын атар хээр талд орд харш сүндэрлүүлэн босгож, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хүчирхэг цогцолборыг байгуулсан төдийгүй ХАА-н бүтээгдэхүүнээ өөрийн орондоо боловсруулан гаргаж -адах мэргэжил эзэмшүүлэх бүхэл бүтэн систем, байгуулж сэхээтний үеийг өсгөн хүмүүжүүлсэн хүн юм. Энэ ололтоороо Монгол орныг сэргэн мандуулж чадсан давтагдашгүй гавьяатай хүн байв. Энэ бүхэн түүний нэртэй салшгүй холбоотойн дээр Монголыг дэлхийн таван тивтэй танилцуулж, анд найзын ёсоор нөхөрлүүлж чадсан аугаа их боловсролтой удирдагч байв. XX зууны төр, засгийн удирдагчдаас хэн ч уншиж, мэдэж чадаагүй К.Марксын “Капитал”, эрин цагийн шинжлэх ухааны нэг оргил болсон Лениний 55 боть зохиолыг Цэдэнбал орос хэл дээр уншиж судалсан төдийгүй тэрбээр монгол, оросоор зэрэг сэтгэдэг аугаа их ухаантан удирдагч байжээ. Гадаад хэл мэддэг, тэр хэл дээр сэтгэж бичиж чаддаг ухагдахуун ховор юм... Монголчууд 80 гаруй жилд Оростой нөхөрлөж тэднээс суралцахад судлаач миний мэдэх гуравхан хүн орос хэлийг гаргууд эзэмшсэн байв. Эрдэмтнээс Б.Ренчин, яруу найрагч Ч.Чимид, төр, засгийн удирдлагаас Ю.Цэдэнбал нар шууд оросоор сэтгэж, бичиж чаддаг боловсрол эзэмшжээ. Сүүлийн 100 жилд Цэдэнбал шиг боловсролтой, түүн шиг их хөршийнхөө хэлээр бичиж, ярьж, сэтгэдэг нэгээхэн ч удирдагч манай гариг дээр төрөөгүй биз. Тиймээс би Ю.Цэдэнбалыг боловсрол, мэдлэгээр нь Чингис хаанаас илүү аугаа их үйлс үлдээсэн ухаантан гэж үздэг юм” гэжээ.

 

ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, АБЯ-ны сайд, ДТДБУХ-ны дарга байсан, академич Ч.Сэрээтэр: “Цэдэнбал гуай бол асар их ажилдаг хөдөлмөрч хүн. Ном хэвлэлийг тун их уншина. Цаг үеийн нийгмийн улс төр, эдийн засгийн шинж байдлыг няхуур, нямбай, ул үндэстэй судалж мэдэхийн тулд төрөл бүрийн мэдээллийг маш өргөн ашиглана. Оюун ухаанаа цэнэглэх, мэдлэгээ арвижуулах, улс орныхоо гадаад, дотоод байдлыг бүрэн дүүрэн мэдэж байх, нам, төрийн оновчтой зөв бодлого шийдвэр бодож боловсруулахын тулд үлэмжхэн цаг хугацаа зарцуулж байсан нь мэдээж хэрэг. Нийгмийн түргэн хөгжлөөс хоцрохгүйн үүднээс шинжлэх ухаан, техникийн шинэ мэдлэгээр өөрийн мэргэжил боловсролыг байнга баяжуулж, ном хэвлэлийг үргэлж уншиж, түүнээс шинэ соргог санаа оноо авах, ажил амьдралд тустай арга туршлага болох зүйлийг авч ашиглаж байхыг бусдад ямагт хэлж зөвлөж, сануулж шаардаж байсан нь Цэдэнбал гуайн удирдлагын нэг өвөрмөц арга барил байсан болов уу гэж би боддог. Ер нь мэдлэг боловсролыг ямагт дээдэлж, өөрийгөө хөгжүүлэх, өөртөө өндөр шаардлага тавих, ажил амьдралын дэвшилттэй шинэ барил, шалгарсан шинэ туршлагыг цаг үргэлж санаж эрэлхийлж, бусдын сэтгэл санаа, хүсэл бодлыг тэвчээртэй сонсож ажиллахыг Цэдэнбал гуай гол зарчмаа болгодог бөгөөд үүнийгээ төр, нийгэмдээ хүчин зүтгэж буй хэний ч болов нэн эрхэмлэх журамт ёс зүй мөн гэж хатуу баримталдаг байсан нь тодорхой билээ. Цэдэнбал гуайн ном хэвлэлтэй тун их уйгагүй нямбай ажилладаг сайхан туршлага, арга барил нь, эрдэм оюуныг дээдлэгч залгамж хойч үеийнхэнд үнэхээр үлгэр дуурайлал болох сургамжийн их ач холбогдолтой гэж би бодно. Ном бол хүн төрлөхтний оюун ухааны барагдашгүй арвин баялаг өв сан мөн. Тэр их өгөөмөр өв сангаас сурч эзэмших нь боловсролтой соёлч хүн болгоны зайлшгүй хийх ёстой нэгэн чухал ажил мөнөөс мөн билээ”гэжээ.

 

Ю.Цэдэнбалын талаар түүний хамтран зүтгэгчид олонтаа дурсан бичжээ. Үүнд:  “Цэдэнбал үнэхээр ухаантай, эрдмийг шамдан сурсан шинэ хүчин. Зав чөлөө бүхнийг ном уншихад зориулж, мэдлэгээ ямагт дээшлүүлж байдаг”107 (Х.Чойбалсан);

-“Одоо намыг жолоодох хүн хэн байна? - Цэдэнбал гуай, - Өөр хүн байхгүй гэж үү? - өнөөхөндөө байхгүй. Цэдэнбал гуай бол онолын их мэдлэгтэй, үе үе гадаадад “цэнэглэгддэг”, олон жилийн туршлагатай. - Цэ даргыг Та хүртэл магтаж байна. Хожим муулах өдөр бий болов уу? - Хэнд эрх байна, түүнд алдаа бий. Гэвч даргын алдаа бүхнийг түүх цагаатгана” (Д.Төмөр-Очир);

-“Ю.Цэдэнбал ажлын үлэмж практиктай, мэдлэг чадвар сайтай, зарчимч сайн хүн”, “Тухайн үедээ л эрдэм чадлаар Цэдэнбал байсан юм” (Д.Дамба);

-“Ю.Цэдэнбал бол Монгол төдийгүй дэлхийн олон улсад нэрд гарсан удирдагч хүн. Шинжлэх ухааны гүнзгий мэдлэгтэй, их туршлага, авьяас билэгтэй хүн байсан”... “Аугаа их мэдлэгтэй түүнтэй ажиллахад их сайхан байсан” (С.Жалан-Аажав);

-“Юм үнэнээрээ байх сайхан, тэр үнэхээр их уншдаг, их ажилладаг хүн байж. Бид Цэдэнбалд чирэгдэж явсан улс.” (Д.Даш);

-“Тухайн үедээ бидний дунд Цэдэнбал шиг мэдлэг боловсролтой удирдагч байгаагүй... орой үдэш их суудаг байсан” (Д.Майдар);

-“Ю.Цэдэнбал бол мэдлэг боловсролын суурь сайтай, их хөдөлмөрч, маш тэвчээртэй. Тэр их уншдаг, тиймээс түүнд чөлөөтэй цаг тун бага байсан” (Ж.Батмөнх);

-“Цэдэнбал дарга эдийн засгийн бодлогын асуудалд ухаалаг ханддаг, зарим дарга нарын хар практикийн хүчээр тулгасан байдлыг хүлээж авдаггүй, мэргэжлийн хүний санал сонсдог байсан. Ер нь энэ үе манай эдийн засгийн хөгжлийн алтан үе гэж хэлж болно” (Даваадорж);

-“Хичээлээ өдөр шөнөгүй хийдэг, сурлага сайтай хүүхэд байсан... Тэр -адаас өмнө төгсөж ажиллаж эхэлсэн болохоор мэдлэг чадвараар надаас илүү тул надад зааж сургаж өгдөг байлаа... ном их уншдаг хүн байж билээ” (Б.Ширэндэв);

-“Цэдэнбал гуай түүхийн асар их боловсролтой, түүхийн холбогдолтой ном зохиол их уншдаг. Би түүнээс ухаалаг зан чанар, улс төр, эдийн засгийн мэргэн ухаан цөмийг нь олж хардаг байсан” (Ч.Далай);

 

-"Улстөр, нийгэм, эдийн засгийн өндөр боловсролтой. Түүний бичгийн соёл, уншсан  сонссон мэдлэг, орос хэлний чадвар, итгүүлэх дайчлах арга, хүнлэг энгийн зан төлөвд нь би л лав биширдэг” (Ц.Балхаажав);

 

-“Цэ дарга маш их ном, сэтгүүл уншдаг, түүнийгээ үргэлж бясалгаж, бодож боловсруулж явдаг хүн байсан. Өндөр боловсролтой. Их соёлтой хүмүүсийн нэг. Асар их мэдлэгтэй, дэндүү хөдөлмөрч хүн байсан. Бүх биенийхээ хүч чадал, цэцэн ухааныг ганцхан Монголын төлөө зориулсан цорын ганц хүн гэж хэлж болно”(М.Пэлжээ);

-“Ю.Цэдэнбал бол манай улсын өргөн мэдлэг, өндөр боловсролтой цөөхөн сэхээтнүүдийн нэг байсан төдийгүй, сүүлдээ улс орныг удирдах арга ухааныг муугүй эзэмшсэн, улс төрийн стратеги, тактикийг сайн мэддэг, манайдаа тэргүүн зэргийн улс төрч, онолч байсныг үгүйсгэвэл төдий л үнэмшилтэй бус, үнэнийг гуйвуулсан болох биз” (Ц.Гүрбадам);

-“Ю.Цэдэнбал бол Монголын түүхэн дэх аугаа их соён гэгээрүүлэгч мөн тул сургуулиа түүний нэрэмжит болгож, хөшөө дурсгалыг нь босгохоор шийдсэн юм” (Б.Эрдэнэбат) гэж бичицгээснээс үзэхэд тэрээр эрдэм мэдлэгийг шүтэн бишрэгч, түгээн дэлгэрүүлэгч, соёл, боловсролын салбарт олон талтай өөрчлөлт хийсэн реформатор, Монголын түүхэн дэх томоохон соён гэгээрүүлэгч байсан гэдэг дүгнэлт гарч байна.

 

Хуучин ЗХУ-ын Эрхүү, Улаан-Үдэд олж авсан мэдлэг, мэдлэгээ цаашид бие даан аривжуулах чадвар нь Ю.Цэдэнбалын ирээдүйн их үйлсийн үндсэн бэлтгэл нь болсон. Үүн дээр тэрээр амьдралынхаа туршид ном, мэдээлэлд хамгийн ойрхон байж, мэдлэгээ сэлбэх талаар их чармайлт тавьж байсан нь тухайн нийгмийнхээ тэргүүний хэсэгтэй олон арван жил хөл нийлүүлэн алхлах боломж өгсөн юм. “Бэлтгэлтэй байна гэдэг амжилтын үндэс юм.” (Х.Форд.АНУ), “Бэлтгэл сайтай хүн ялалтад хүрэх их замын тэн хагасыг туулчихсан байгаатай агаар нэг юм” (Сервантес, Испани) гэж аугаа их ухаантнууд сургасан байдаг билээ.

Эрдэмд шимтдэг, номтой байнга нөхөрлөдөг, улс орны түүх, соёл, аж ахуйн талаар бусдаас дутуугүй мэдлэгтэй байж чадсан нь Ю.Цэдэнбал Монголын дээд удирдлагад олон жил ажилласны нэг үндэс болсон, Ер нь удирдагч, жолоодогч, хошуучлагч нарын нэн эрхэм шинж бол ерөнхий ухаан, түүх, одоо, ирээдүйг харах чадвар, амьдрал, үйлдэл, үйл ажиллагаагаа зохицуулах эрдэм чадал, аливаа тулгамдсан асуудалд хандах, шийдвэрлэх талаарх ухаалаг алхмууд, хүмүүсийг ойлгож харьцах, тэднийг ухаанаар залан жолоодох, ухаан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх чадвартай байх явдал юм.

 

Дээрхийн гэгээн Далай лам сургахдаа: “Номын дуу сонссоноор таны бодол санаа үнэний мөрөөр орж, сэтгэлд тань баяр баясгалан соёолж, санаа сэтгэл тань амирлангуй болно. Номын дуу сонссоноор та сэтгэлээ чөлөөлж, харанхуйг үлдэн хөөнө. Тэр ч байтугай амьдралаараа дэнчин тавьж номын дуу сонссон ч буруудахгүй. Номын дуу бол мунхаг харанхуйг гийгүүлэгч бамбар лугаа адил. Хэрэв та оюун санаагаа номын баялагаар дүүргэвэл тэр баялагыг хэн ч булааж үл чадмой. Энэ бол дээдийн дээд баялаг болой”121 гэж хэлсэн нь улс төрийн хувьд нэн чухал ач тустай юм.

 

Ийм ухаан, чадвар, мэдлэгийг өөртөө төлөвшүүлэхийн төлөө, өөрийн хамтран зүтгэгчдэд ийм ухаалаг чанарыг бий болгохын төлөө, нийт ард түмэн, ялангуяа залуу үеийнхний боловсрол, соёлыг дээшлүүлэхийг Ю.Цэдэнбал насан туршаа эрхэмлэн эрмэлзсэн нь түүнд өөрт нь төдийгүй, Монголын ард түмэнд өлзийтэй болсон гэж хэлж болно.

 

Мэдээжээр Ю.Цэдэнбал суут эрдэмтэн, шинжлэх ухааны нээлтийн эзэн, сод ухаантан, ер бусын авьяас билэгтэн, аугаа том сэтгэгч байгаагүй боловч өнгөрсөн түүхийн сургамжаа ухаарч, тухайн цаг үе, эргэн тойрны хүрээлэл, улс орны ирээдүйг ойлгож, итгэл дүүрэн харж чадаж байсан ажээ. Эрдэмтэн мэргэд: “Лидер хүн дунджаас дээгүүр мэдлэгтэй байх шаардлагатай. Гэхдээ заавал хамгаас илүү мэдлэгтэй байх шаардлагагүй. Лидер хүн аливааг үнэн зөвөөр нь үнэлж ойлгож, харьцуулж дүгнэлт гаргах чадвартай байх ёстой. Үүний тул суурь мэдлэгтэйн дээр ажилч хичээнгүй байх шаардлагатай. Нэгэнт эдгээр нь бий бол бусдад асар их мэдлэгээрээ гайхуулах боломжтой болдог” гэж дүгнэсэн нь Ю.Цэдэнбалын амьдрал, оюуны үйл ажиллагаатай тун төсөөтэй дүгнэлт болсон гэж хэлж болно.

Олон жилийн хичээл зүтгэл, асуудалд олон талаас нь бодож хандаж ирсэн янз бүрийн туршлага, мэдлэг боловсролын ачаар л аливаа асуудлын голыг олж харах, судсыг нь барих, түүнийг шийдвэрлэх хамгийн аятайхан аргыг сонгон авах, зорилтоо хэрэгжүүлэх арга барилаа боловсруулахын оньсыг лидер хүн олж авч чадна. Эрдэм боловсролын түвшин, ухаан нь лидер хүний хувьд тун чухал гол шинж мөн юм.

 

 

МУИС-ийн  профессор, доктор (Ph,Sc) Ц.Жамбалсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)