Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр боллоо

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2023.10.26/ үдээс  хойших нэгдсэн хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар үргэлжлүүлэн хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд, Г.Амартүвшин нар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж үг хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх бол Үндсэн хууль болон бусад олон улсын гэрээгээр баталгаажсан байдаг. Сэжигтнийг баривчилна гэдэг хүний халдашгүй эрхэд халдаж буй үйлдэл юм. Одоо үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг баривчлах асуудалд тухайн шийдвэр гаргаж буй шүүх эрх мэдэлтний хандлагаас шалтгаалж байгаа тал ажиглагддаг. Тиймээс баривчлах үйл ажиллагааг илүү тодорхой хуульчлан зааж, хүний эрхийг хангах нь зүйтэй гэж манай улсад ажиллаж буй олон улсын хүний эрхийн байгууллагууд дүгнэлт хийж ирсэн. Сэжигтэн, яллагдагч байсан ч эрхээ хангуулахын тулд  хамгаалагдах ёстой гэсэн байр сууринаас энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна гэв. УИХ-ын гишүүн Н.Энхболд, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байхад энэ хуулийн шинэчлэл чухал гэж үзэж байна. Тухайлбал, гэрчийн мэдүүлгийг ямар төвшинд авч үзэх асуудлыг хүний эрхийг хангах хүрээнд шийдэж, хуулийн төслийг сайн  ярилцах хэрэгтэй гэв. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хэрэг илрүүлэхийн тулд нотлох баримтыг  цуглуулдаг арга  нь зарим талаар айлган сүрдүүлэлт болчихоод байна. Бусдын мэдүүлгийг үндэслэж,  хэрэг үүсгэдэг асуудлыг цэгцлэх ёстой. Энэ мэт хүний эрхийн зөрчлийн болон хэрэг илрүүлэх явцыг сайжруулах асуудлыг зохицуулахаар хууль санаачлагч оруулж ирсэн учраас дэмжиж байна гэв.

Ингээд тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад  хуралдаанд оролцсон гишүүдийн 57,1 хувийн саналаар дэмжигдлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд  дэмжих нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Түүний дараа Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг ажлын 4 хоногийн завсарлагыг 10 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн чуулганаас авсан. Завсарлагын хугацаа дуусч, УИХ дахь хоёр намын бүлгийн дарга нар тус хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. Тус хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж, 57,1 хувийн саналаар дэмжигдэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)