“S'Outlet” дэлгүүрийн барилга болон газар эзэмшигчтэй харилцан тохиролцжээ

Нийслэлийн удирдлагууд “S'Outlet” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа компанийн төлөөлөлтэй уулзжээ. Ийн урьдчилсан байдлаар харилцан тохиролцох байдлаар газар чөлөөлөхөөр ярилцсан байна.

Мөн үл хөдлөх хөрөнгийг үнэлж, өөр байршилд газар олгох, ямар байдлаар нөхөн олговор олгох вэ гэдгийг ярилцах шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа. Түүнчлэн эхний ээлжинд голын голдирол дагуу байрласан хоёр давхар барилгыг буулгахаар болжээ. 

“S'Outlet” дэлгүүрийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхтөр “Улсдаа татвараа төлж, олон ажлын байр бий болгож байгаа байгууллагын хувьд олон жил үйл ажиллагаа явуулсан дэлгүүр, объектоо буулгуулбал маш их хохирол амсах нь тодорхой. Иймээс зөвшилцөж, эхний ээлжийн барилгаа буулгаж байна” гэлээ.

Харин “Aqua garden”-ий шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Долоогоос дээш давхар барилгыг нурааж байсан туршлага манайд байхгүй. Иймээс үүнд гадаадын туршлагатай хуулийн этгээдийг оролцуулахыг үгүйсгэхгүй. Гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангаад явна. Газар чөлөөлтийн зардал харилцан адилгүй байгаа. Хувийн хэвшилтэй тохиролцож, аль болох л төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарахгүй. Хууль зөрчиж зөвшөөрөл олгосон тодорхой мэдээлэл байвал бид шалгуулна. Сэлбэ, Туул, Дунд голын ай савыг дагасан үер усны байгууламжийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэж, ямар хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, инженерийн ямар шийдлүүд зохистойг мэргэжлийн хүмүүсийн тооцоо, судалгаан дээр үндэслэж шийднэ. Эрсдэл хэзээ ч үүсэж болзошгүй учир үүнийг урьдчилан тооцож, Нийслэлийн Засаг дарга бодлогоо гаргаж байгаа” хэмээн ярилаа.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)