Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.11.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 17 минутад эхлэв.

 Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр албан ажлын зайлшгүй шаардлага гарсан тул Монгол Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагаас “Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь газрын ховор элементийн Халзан бүрэгтэйн орд газрын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох товыг хойшлуулах албан бичиг ирүүлснийг уламжилсан юм.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс авсан хоёр цагийн завсарлагын хугацаа дууссан тул Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг  үргэлжлүүлсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, “Монгол Улсын 2024 оны том төсөв батлах гэж байна. Төсвийн төсөл дэх  гоё нэртэй төслүүд ирэх жилийн валютын ханшийг өдөөдөг төдийгүй эргээд дараагийн жилүүдийн урсгал зардлыг нэмэгдүүлдэг. Үүн дээр цалин, тэтгэвэр тэтгэмж зэрэг нь төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлж, эдгээр асуудлууд нь эргээд үнийн өсөлтийг хурдасгадаг гэдгийг бүгд мэддэг болсон. Төсөв ийнхүү тэлж, томрох тусам илүү их эрх мэдлийг нэхэх болно” гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүүхдийн үдийн хоолны зардал болон байгалийн гамшиг, давагдашгүй хүнд нөхцөлд нэн тэргүүн дайчлагддаг Онцгой байдлын ерөнхий газрын төсөв зэргийг энэ жилийн төсвийн төсөлд нэмж чадаагүй тул ирэх жилийн төсвийн төсөлд тусгах шаардлагатай байна” гэсэн санал хэлэв.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно,” гэж, тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулсан.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)