Ц.Элбэгдорж: Эх орноо хамгаалах гэдэг ойлголт иргэнээ бэлтгэхээс эхэлдэг

Үндэсний эрх ашгийн цаана бүх хүний нэгдмэл эрх ашиг байна

Энд хуран цугласан эрхэм генерал, офицерууд, хүрэлцэн ирсэн журмын нөхдийн энэ өглөөний түмэн амгаланг айлтгая.

Цэргийн анги, байгууллагууд, тусгай үүрэг чиглэлтэй байгууллагуудын учир утга, цаашдын үйл ажиллагааны талаар эхлээд товч нэг зүйлийг хэлье. Аливаа орон эрх чөлөөтэй, бие даасан байна гэдэг бол өөрийгөө хамгаалах чадвар нь байнга байж байна гэсэн үг. Өөрийгөө хамгаалах чадвартай байхын тулд хамгаалах чадвар бүхий бүтэц, бие бүрэлдэхүүн байх ёстой. Тэр нь бүрэн бэлтгэгдсэн, байнгын байх ёстой гэж хэлж болно.

Аюулгүй байдал гэдэг ойлголт бий. Үндэсний аюулгүй байдал гэж ямар ойлголт вэ? Хаанаас гардаг юм бэ гэвэл үндэсний аюулгүй байдал гэдэг ойлголт тухайн үндэстний нийтлэг эрх ашгаас ургаж гардаг. Монголын ард түмний нийтлэг эрх ашиг гэдэгт хамгийн эхэнд нь Монголын ард түмний эрх чөлөө, амар тайван амьдрал орно. Манай улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, дараа нь Монголын Үндсэн хуульт тогтолцоо орно гэж ойлгож болно.

Энэ 3 том ойлголтыг авч үзэх юм бол энэ нь Монголын ард түмний, Монгол Улсын, монгол хүн бүрийн нийтлэг эрх ашиг гэж хэлж болно. Улс орондоо нийтлэг эрх ашгаа тодорхой хууль тогтоомжоор баталгаажуулж хэрэжүүлдэг. Үүнд чиглэсэн Үндсэн хууль, Батлан хамгаалахын хууль, Хилийн цэрэг, Онцгой байдал, Тагнуулын, Цагдаагийн гээд эдгээр хуулиудаар эрх ашиг, хийх ажлыг тодорхойлж гаргадаг.

Үндэсний эрх ашгийн цаана бүх хүний нэгдмэл эрх ашиг байна. Үндэсний эрх ашиг гэдэг бол хувь хүнийхээс дээгүүр эрх ашгийг хэлнэ. Нэг үгээр хэлбэл, хуульчлагдсан эрх ашиг юм. Үүнийг хамгаалах үүрэг нь та бүхэнд байгаа. Энэ эрх ашгийг нийлүүлээд аюулгүй байдал гэдэг.

Монгол Улс өөрийгөө хамгаалахдаа хамгийн түрүүнд нэгдүгээрт нь, бэлтгэгдсэн, тангараг өргөсөн байнгын бие бүрэлдэхүүнээр өөрийгөө хамгаална гэж үздэг. Хоёрт, бэлтгэл хүч. Гуравт, нийт иргэдийнхээ оролцоотойгоор аюулгүй байдлаа бид хамгаалах ёстой.

Өөрийгөө хамгаална гэхээр зөвхөн гаднын халдлагаас хамгаалах тухай ойлголт биш, улс орон, ард иргэдэд тохиох гай гамшиг, янз бүрийн алан хядлага, хууль бус зохион байгуулалт, эмх замбараагүй байдал зэрэг орно. Өөрийгөө хамгаалах, хууль ёсоо хамгаалах гэдэг бол энд орж байгаа ойлголт юм. Шаардлагатай үе гарах юм бол энэ бүтэц маань их үр дүнтэй, шуурхай ажиллах ёстой.

Бид нэг бодлогыг тууштай баримталж байгаа. Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал гээд энэ бүхэн бие даасан бүтэцтэй байна. Шаардлагатай тохиолдолд үр дүнтэй, шуурхай, мэргэжлийн хамтын ажиллагаа өрнүүлж чаддаг байх ёстой гэж үзэж байгаа. Хамтын ажиллагааны талаар зарлиг гарсан байгаа. Мөн энэ талаар Засгийн газрын тогтоол гарсан. Энэ чиглэлийн эрх зүйн үндэс бүрдсэн.

Цэргийн алба бол төрийн албаны онцгой төрөл юм

Хоёрт, миний хэлэх нэг зүйл бол цэргийн албан хаагчдад өнөөдөр ямар шинэ шаардлага тавигдаж байна вэ? Ямар онцлогтой үед бид амьдарч байна вэ? Энэ талаар санаа бодлоо хэлье.

Цэргийн алба бол төрийн албаны онцгой төрөл юм. Онцгой гэж хэлж байгаа нь энэ албанд тусгай бэлтгэл шаарддаг. Дээр нь тусгай чиг үүрэгтэй. Онцгой өөрийн чиг үүрэгтэй учраас төрийн албаны онцгой төрөл гэж цэргийн албыг үздэг. Тийм учраас энэ төрийн албаны гол үүрэг бол бүхэлдээ Монгол Улсын нийт ард иргэдийн нийтлэг эрх ашигт үйлчлэх үүрэгтэй байдаг.

Монгол Улсад цэргийн албыг хоёр үндсэн үүрэгтэй гэж хэлж болно. Эх орноо хамгаалах, үүнд бэлтгэх үүрэгтэй. Мөн эх орноо хамгаалах эх оронч иргэдийг бэлтгэх газар гэж ойлгож болно. Эх орноо хамгаалах байнгын бие бүрэлдэхүүн байх ёстой. Дээр нь иргэдийг бэлтгэх газар гэж хэлж байгаа юм.

Орчин маш хурдан өөрчлөгдөж байгаа учраас ийм байдал яаж үүсч байна вэ гэдгийг хэлье. Нэгд, орчин өөрчлөгдөж байна гэдэг дотор юу хэлэх вэ гэвэл албан бус аюул заналууд бий болж байна. Төр, армийн бүтцээс гадна төрийн бус бүтцүүд бий болж тухайн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, улс үндэстэн оршин тогтноход хүртэл аюул занал учруулдаг байдал бий боллоо. Жишээ нь, ISIS  буюу Исламын улс бүлэглэл байна.

Хоёрт, мэдээллийн эрин бүхнийг өөрчиллөө. Бид 20-иодхон жилийн өмнө мэдээллээ яаж авдаг байсныг та бүхэн мэднэ. Одоо бол мэдээллээр дамжуулаад бидний амьдарч байгаа орчин бүрэн өөрчлөгдлөө. Өнөөдөр дэлхийн хаана юу болж байна вэ гэдгийг хэрэв мэдэх хэрэгтэй бол дэлхийн 7 тэрбум хүн маш хурдан мэдэж болж байгаа. Бүр дээр үед бол энэ тухай мэдэхгүй өнгөрөх тохиолдол байсан. Мэдээлэл их байгаа учраас ард иргэд, олон түмний зүгээс цэргийн албанд тавих шаардлага өндөр болж байна. Шаардлага нь өөр болж байна.

Цэргийн анги, байгууллагууд иргэдэд нээлттэй болох ёстой

Эх орноо хамгаалах гэдэг ойлголт иргэнээ бэлтгэхээс эхэлдэг. Тэгэхээр бид үүргээ өргөн хүрээнд харах шаардлагатай болж байгаа юм. Өргөн хүрээнд харна гэдэг нь бидний алба хааж, сурч байсан хуучин цагт цэргийн анги, байгууллага нь хаалттай, тусгай орчин гэж үздэг байсан. Одоо бол иргэдэд нээлттэй болох ёстой. Нийгэмшинэ гэж хэлдэг. Цэргийн анги, байгууллагууд нийгэмших, одоогийн хэллэгээр иргэнших шаардлага маш өндөр тавигдаж байна. Иргэдийн очих дуртай, иргэдэд хэрэгтэй байгууллага байя. Цэргийн анги, байгууллагууд дээр болж байгаа бэлтгэл сургалтад хамрагдах нь бидэнд хэрэгтэй гэж үздэг газар болж хувирах шаардлагатай.

Цэргийн анги, байгууллага энгийн байгууллагаас нэг л зүйлээр ялгаатай. Тэр нь юу вэ гэхээр тусгай дүрэм, журамтай, өөрийн гэсэн зохион байгуулалттай. Үүнийг цэргийн анги, байгууллагууд байнгын бие бүрэлдэхүүн дээрээ хэрэглэдэг. Тэнд иргэд орж ирээд ажил үүрэг гүйцэтгээд, бэлтгэлд хамрагдаад явж байхад тэдэнд хориглох зүйл заалт нь тодорхой байх ёстой. Ингэж цэргийн анги, байгууллагаа цаашид бид өөрчлөх чиглэлээр бодож ажиллах цаг болжээ.

Эх орны хамгийн сайн хамгаалалт бол бэлтгэгдсэн иргэд байх юм

Гуравдугаарт, бид цаашид юу хийх вэ гэсэн хэсэг рүү оръё. Цэргийн анги, байгууллага бол нэгд, байнгын бие бүрэлдэхүүн ажилладаг, албаа хаадаг, үүргээ гүйцэтгэдэг газар юм. Хоёрт, бэлтгэл бие бүрэлдэхүүнийг бэлддэг, тэдэнд үйлчилдэг газар. Одоо байнгын бие бүрэлдэхүүн, хоёрт нь бэлтгэл бие бүрэлдэхүүн гэсэн ойлголт бий болох нь байна. Зөвхөн үндсэн бие бүрэлдэхүүнээрээ цаашдаа үүргээ гүйцэтгээд явах боломжгүй. Эх орны хамгийн сайн хамгаалалт бол бэлтгэгдсэн иргэд байх юм. Түүний өмнө явах хүмүүс бол байнгын бие бүрэлдэхүүн юм.

Ингэхийн тулд цэргийн анги, байгууллагууд төлөвлөгөөгөө шинэчлэх хэрэгтэй. Дизайнаа шинэчилж гаргах хэрэгтэй. Анги танхим, стандартаа шинэчлэх хэрэгтэй. Та бүхний эргэн тойронд хот, суурин, сум, сургуулиуд бүх зүйлээ шинэчилсэн төлөвлөгөө гаргаад, шинэ нөхцөлд амьдрах гээд явж байна. Үүнийг зөвхөн Улаанбаатарт, Жанжин штаб дээр юм уу Хилийн цэргийн удирдах газар, онцгой байдлын газар, бусад төв газруудад хийдэг биш, бүх газар шинэчлэл, өөрчлөлт явах ёстой.

Цэргийн анги, байгууллагууд стандарт, дүрмээ шинэчлэх хэрэгтэй

Цэргийн анги, байгууллагуудын нэг онцлог бий. Өөрийн стандарт, дүрэм, журамтай. Энэ бүхнээ шинэчлэх хэрэгтэй. Сая тавигдаж байгаа нөхцөлдөө зориулж ингэж өөрчлөх хэрэгтэй болж байгаа юм.

Манайхан ажил хийнэ гэхээр мөнгө, төсөв шаардаад эхэлдэг. Хамгийн түрүүн сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Дотроосоо харах зүйлгүй байгаа бол дэлхий нээлттэй болсон. Дэлхийгээс хар л даа. Дэлхийн хамгийн гайхалтай нээлттэй, зохион байгуулалттай цэргийн анги, байгууллага хаана байна. Хэлтэй устай хүмүүсийн тусламжийг аваад дэлхийгээс харж үзэх хэрэгтэй. Бид дэлхийн дундаж түвшин, болж өгвөл дунджаас дээгүүр л гарах ёстой. Энэ бол маш чухал, цоо шинэ зүйл.

Цэргийн анги, байгууллага Оюутан-цэргийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бааз болж хувирах хэрэгтэй

Бид “Оюутан-цэрэг” гэж том хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа. Батлан хамгаалах бодлогын үндэс зэрэг бүх баримт бичигт орсон. Одоо гарах шинэ хуулиудад орно. Цэргийн анги, байгууллагууд бол Оюутан-цэргийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бааз болж хувирах хэрэгтэй. Үүнийг зөвхөн Улаанбаатарт, тусдаа карантилж гаргаад хийдэг ажил биш. “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдаж байгаа залуусыг харахад “Далайд дусал” гэдэг шиг, хамрагдаж болох залуусын маш өчүүхэн хэсэг нь байгаа юм. Бид дусал биш, далайгаа ашиглах хэрэгтэй. Хамрагдаж болох бүх залуусыг хамруулах хэрэгтэй.  

Тэгж байж хүмүүст эх оронч үзэл суудаг. Тэгж байж хүмүүст сайн сайхан төлөвшдөг. Ямар учраас цэргийн анги, байгууллагуудыг тусад нь зохион байгуулдаг вэ. Ямар учраас бэлтгэлийг жилээр, сараар, цугларалтыг долоо хоногоор хийдэг юм бэ. Үүнд маш их учир шалтгаан байдаг юм. Та нар бодох хэрэгтэй.

Хүнийг аав ээжээс нь, асардаг тэтгэдэг хүмүүсээс нь, эхнэр, хүүхдээс нь холдуулахаар тэднийхээ үнэ цэнийг маш их мэдэрч эхэлдэг. Гал унтраах гээд хэд хоногоор, сараар яваад ирэхэд та бүхэн гэр бүлээ хэчнээн санасан байдаг билээ. Тэднийхээ үнэ цэнийг мэдэрдэг. Хэд хоногоор хилээ манаад отряддаа ирэхэд хилийнхэнд ямар ойлголт төрдөг билээ. Эх орон гэдэг ойлголт төрдөг. Хэдэн өдрөөр сургуулилт хийгээд тусдаа яваад ирэхээр эргээд тэднийхээ үнэ цэнийг мэдэрдэг.

Гэртээ, байнгын тааламжтай орчиндоо байгаа хүн бол хайр халамж, үнэ цэнийг мэдэрдэггүй юм. Гэр бүлээ хайрладаг хүн, үр хүүхдээ, ойр дотнынхноо хайрладаг хүн л эх орноо хайрлана. Тэрний үнэ цэнийг мэдэрсэн хүн л хайрлана.

Эх орноо, аливаа юмыг хайрлахын тулд эхлээд түүнд тохиолдож болох аюулыг мэдрэх хэрэгтэй

Зөвхөн цэргийн тангараг цээжлүүлж өргүүлээд тэр сэтгэл рүү орж ирдэггүй. Үүнийг дотор нь оруулах арга бол сая хэлдэг бэлтгэлээр дамжуулж, цугларалтаар дамжуулж ойлгуулдаг. Үндсэн нэг үзүүлэлт бол эх орноо, аливаа юмыг хайрлахын тулд эхлээд түүнд тохиолдож болох аюулыг мэдрэх хэрэгтэй. Улсад маань ийм аюул, гамшиг тохиолдож болох юм байна. Би үүний төлөө бэлтгэгдэж байна гэж мэдрэх хэрэгтэй. Тэр аюулыг мэдрэх юм бол хайртай хүндтэй бүхнээ, эх орноо хайрлаж эхэлдэг. Үүнийг мэдрүүлж ойлгуулдаг газар бол цэргийн анги, байгууллагууд юм. Ингэж харах хэрэгтэй.

Аюулыг сөрөх бэлтгэлтэй болоод ирэхээр өөртөө итгэлтэй болдог. Бидний бэлтгэл бол хэрийн аюулыг сөрч чадна. Бид даваад гарч чадна гэдэг итгэл олж авах хэрэгтэй.

Заавал бүгдээрээ энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, Өмнөд Суданд, Афганистанд очиж мэдрэх биш. Эх орондоо бэлтгэл сургуулиар дамжуулаад мэдрэх хэрэгтэй. Өөр нэг маш чухал зүйл бий. Ганц цэрэг юу ч хийж чадахгүй. Ганц хүн айл болдоггүй. Хамт олноороо, салаагаараа, тасгаараа, ангиараа бид амжилтад хүрнэ гэдэг хамт олонч, багийн мэдрэмжийг төрүүлдэг газар бол цэргийн анги, байгууллага.

Хатуухан үг сонсч үзээгүй, компьютерийн тоглоомоос цааш гарч үзээгүй хүүхдүүдийг үүгээр дамжулж эх оронч болгох хэрэгтэй. Тийм болчихсон хүүхдээ оюутан-цэрэгт хамруулъя гээд хүсээд явж байгаа хүмүүс байгаа.

Бидний хэрэгжүүлж байгаа олон хөтөлбөр дотроос хамгийн их дэмжлэг авч байгаа нь  “Оюутан-цэрэг”

Бидний хэрэгжүүлж байгаа олон хөтөлбөр дотроос хамгийн их дэмжлэг авч байгаа нь  “Оюутан-цэрэг”. Тэгэхэд бид жилд 1000 орчмоос илүүг бэлдэж чадахгүй байна. 18-25 настай, бэлдэж болохоор хэдэн арван мянган залуучууд байна. Бүгдийг нь үүгээр оруулах л хэрэгтэй. Үүнийг иргэд хүсч байна. Хоёр сар карантинд яваад, 2 сар хил дээр ажиллаад,  дахиад 2 сар цэргийн анги, байгууллагад ажиллаад ирэхэд миний хүү эр хүн болж байгаа юм. Хүний үг сонсдог болдог юм байна. Зохион байгуулалтад ордог юм байна. Одоо л нэг төлөвшлөө. Их өөр боллоо. Ямар богино хугацаанд манай цэргийнхэн хүнийг өөрчилж зөв хүн болгож чаддаг юм бэ. Хэрэв ард иргэд дунд ийм ойлголт төрөх юм бол цэрэг, армиа хүндэлдэг, та бүхнийг хүндэлдэг хүндлэл асар их нэмэгдэнэ. Цэрэг, армийн нэр хүнд, энэ хувцас форм өмссөн хүмүүсийн нэр хүнд өсөх юм.

Энэ үүднээс сэтгэлгээгээ задлаач ээ. Зөвхөн анги, байгууллага дээр байгаа хэдэн хүнтэйгээ харилцдаг, тэр хүрээнд сэтгэдгээ боль. Хилийн цэргийнхэн өдөр тутам үүргээ гүйцэтгээд явдаг. Арай нэг өөр өнгөтэй байдаг. Онцгой байдлынхан бол бас тохиолдож байгаа гамшигтай тэмцээд өөр.

Зэвсэгт хүчнийхэн хатуу хэвшмэл байдлаа өөрчлөх хэрэгтэй

Харин зэвсэгт хүчнийхэн нэлээд хатуу хэвшмэл байдалтай байгаа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Шаардлага тохиолдоогүй үед цэргийн анги, байгууллагууд дээр та бүхэн яаж цагаа өнгөрөөж байгааг энд ярих юм бол өмнөөс нь нүүр улайх байх. Яаж энэ бүхнийг өөрчлөх тухай яримаар байна. Цэргийн албан хаагч, офицер гэдэг тэр хэдэн жилийг авахын тулд сууж байгаа хүмүүс биш шүү дээ. Тэр хэдэн жилийг цоо шинэ агуулгаар баяжуулах хэрэгтэй. Аймагт байгаа цэргийн ангиуд аймагтаа хөтөлбөрт хамрагдах залуусыг бүгдийг нь бүртгэчихсэн, Жанжин штаб руу явуулах хэрэгтэй. Бид жилдээ тэдэн залууг  “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамруулж байна гэх хэрэгтэй. Энэ хөтөлбөрөөр цэргийн алба хаасан гэдгийг хуулиар биш, Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоож өгье гээд нэлээд чөлөөтэй, боломжтой тогтоох гээд байгаа юм.

Хоёр сар карантинд хамрагдаад, 2 сар хил дээр юм уу, өөр тусгай чиг үүрэг гүйцэтгээд,  дахиад 2 сар цэргийн анги, байгууллагад ажиллаад ирэхэд цэргийн алба хаасанд тооцож болж байгаа юм. Бүх хүмүүсээ ингэж оруулдаг. Эргээд 45 нас хүртлээ наад зах нь жилд нэг удаа цугларалтад ороод гардаг систем рүү бид орох хэрэгтэй.

Бид хэн нэгэнтэй байлдах гээд байгаадаа биш юм. Зүгээр л бэлтгэгдсэн, эрүүл, чадвартай иргэдийг бэлтгэх гээд байгаа юм. Энэ зөвхөн цэрэгт хэрэг болдог биш. Монгол Улсад хэрэгтэй. Ийм сургуулиар орсон хүн сайн аав болдог. Сайн хүмүүжилтэй болдог. Сайн боловсролтой болдог. Цэргийн боловсрол бол амьдралд хамгийн хэрэг болдог боловсрол. Миний явж байгаа үйл ажиллагаанд хамгийн их нөлөөлдөг зүйл бол миний цэргийн боловсрол. Энэ бол үнэн. Үүнийг тэр хүмүүст мэдрүүлэх хэрэгтэй.

Тэгэхээр үүнийг мэдрүүлдэг, хийдэг газар бол та нар юм. Одоо ингэж бодож ажлаа харах хэрэгтэй. Тэгэхээр 18-45 настай бүх хүнээ л бүртгэх хэрэгтэй. Энэ талаар цаашдаа хууль гаргаж болно. Эхний ээлжинд бид зарлигаар энэ бүхнийг зохицуулж байгаа. Хуульд нийцсэн зарлиг бол хуулийн адил хүчин төгөлдөр үйлчилдэг. Ийм зарчимтай. Тийм учраас бидэнд ийм боломж байна.

Батлан хамгаалах, спортын яам болгоё

Үүнээс өмнө та бүхэн сэтгэлгээнийхээ өөрчлөлтийг хийгээд, төлөвлөгөө дизайнаа өөрчлөөд, хүмүүсээ бүртгээд ажиллах хэрэгтэй байгаа юм. Би энэ Батлан хамгаалах яамны нэрийг хүртэл өөрчлөх саналтай байгаа. Батлан хамгаалах, спортын яам болгоё. Цэргийн хүний нэг сайн чанар бол бие бялдрын хөгжил. Бие бялдраа хөгжүүлбэл сэтгэлзүй хөгждөг. Бие бялдраараа, бэлтгэлжилтээрээ ялгарч байх ёстой. Бүх зүйлээ үүрээд хэдэн км газар гүйж байна гэдэг чухал. Та бүхэн мэдэж байгаа байх, өндөр хөгжилтэй улс орнуудад цэргийн бэлтгэл сургуулилт асар хатуу шүү дээ. Харин манайд эрхэлсэн байдалтай байгаа. Би цэргийн сурвалжлагч байхдаа л энэ эрхэлсэн байдлыг шүүмжилж бичдэг байсан. Өнөөдөр ч засагдаж сайжирсэн зүйл бага л байна. Үүнийг засаж сайжруулах хүмүүс бол та нар юм.

Миний харж байгаагаар Батлан хамгаалах, спортын яам гэж нэрлэвэл дээр үед дунд сургуульд хүртэл иргэний хамгаалалтын багш офицер нар байдаг байлаа шүү дээ. Биеийн тамирын багш нарыг тусад нь цэрэгжилтийн бэлтгэлд оруулаад, цэргийн алба хаасныг нь шууд бэлтгэл офицер цол өгөөд, тэгээд биеийн тамир дээр нь цэрэгт заадаг зүйл заая. Цэрэгт заадаг зүйл гэдэг нь хүнд заадаг зүйлээс өөр юм биш. Аливаа хүн мэдэж авах ёстой зүйлийг л цэрэгт заадаг. Бие бялдрынх нь хувьд шүү дээ, тэр зэвсэг техник нь тусдаа л байдаг юм байгаа биз. Ингэж холбож өгсөн газрууд байна. Батлан хамгаалах, спорт хоёроо холбосон. Үүгээрээ дамжуулж ард түмнийхээ эрүүл мэндийг, чийрэгжилтийг сайжруулдаг. Үүгээрээ дамжуулан бодлогоо явуулдаг. Энэ чиглэл рүү явах байх гэж би найдаж байна.

Хүүхдүүдээ цэргийн албатай ямар нэг замаар холбочих хэрэгтэй. Дээр үеийн иргэний хамгаалалт биш юм аа гэхэд биеийн тамираар дамжуулаад холбох хэрэгтэй. Биеийн тамирын багш нь дээр нь нэмээд иргэний хамгаалалтын тодорхой ойлголтуудыг тухайн сургуульд өгдөг байж болно. Наад зах нь газар хөдлөхөд өөрийгөө хэрхэн аварч гарах вэ гэх мэт. Хурдан гүйгээд аюулаас зайлна гэдэг бэлтгэлжилтийн асуудал юм. Олон хоног ус хоолгүй өөрийгөө аваад гарна гэдэг бол бэлтгэлжилт. Тэгээд аюул тохиолдсон үед нөхрөө аварч гарна. Тэгэхээр энэ ойлголтыг бид багаас нь сургуулийнхаа бүтэцтэй, төрийнхөө бүтэцтэй уялдуулж өгөх юм бол сайн болно.

Цэргийн ангиуд фитнес төв болж хувирах хэрэгтэй

Бялдаржуулах, фитнес төвүүд нээгдэж байгааг та бүхэн харж байгаа. Эдгээр төвүүдэд хэдэн зуун мянгаар нь төлбөр төлөөд манай залуус гүйлдээд байх юм. Манай цэргийн ангиуд фитнес төв болж хувирах хэрэгтэй. Тэнд байгаа залуучууд, эхлээд ажиллаж байгаа байнгын бие бүрэлдэхүүнээ оруулах хэрэгтэй. Харин гаднаас хүн орох гэвэл мөнгө төлдөг байя. Бид нарт мөнгө төсөв байхгүй гээд суугаад байх юм. Энэ боломжийг чинь нээж өгье л дөө. Тэгээд үүнийгээ эргээд хөрөнгө оруулалтдаа ашигладаг байя.

Аймгийн төв дээр хэдэн мянган хүний дунд 18-45 настай хүмүүс бэлтгэл хийгээд гардаг ийм гарцыг олго л доо. Тэгээд мөнгийг нь ав, бэлтгэл хийгээд гарахдаа хажуудаа усанд ороод, хоолонд ороод гардаг байя. Хоолных нь мөнгийг ав. Сарын хураамж гээд тогтоочих. Тэгээд л боллоо. Эргүүлээд үүгээрээ баазаа сайжруулаад яв л даа. Манай хилийнхэн мал аж ахуйгаа хөгжүүлээд өөрийгөө хангаад явж болж байна шүү дээ. Ийм их эрэлт байна.

Энэ их фитнес төвүүдээс хямд, тэгсэн мөртөө үйлчилгээгээр илүү өрсөлдөөн бий болго л доо, та нар. Тухайлбал, тэнд яваад очиход турник дээр суниадаг гэх мэт цэргийн дасгалуудыг оруулж болно. Тэгээд бие хамгаалах урлагийг бага зэрэг зааж өг. Өөрсдөө чаддаггүй юм бол үүнийг чаддаг, хийдэг дуртай хүмүүсийг урь. Тэгээд өөрсдийн чадвартай офицерүүдээ үүнд хамруул. Тэгээд хүмүүс дараа нь ирсэн хүмүүстээ зааж сургана шүү дээ. Үүнийг л ард иргэдтэйгээ холбогд гээд байгаа юм.

Цэргийн анги гэж үүдэндээ хоёр цэрэг зогсоочихоод хэн ч орж болдоггүй. Яваад орохоор склад энэ тэр харсан харуулын хоёр цэрэг байдаг. Бид ийм байдалтай байж болохгүй ээ. Жинхэнэ ардын арми цэрэг, ард түмний сайн сайхны төлөө ажилладаг байх хэрэгтэй. Ард түмний сайн сайхны төлөө ажиллана гээд зүгээр суугаад байж болохгүй. “Цэргийг мянган өдөр тэжээнэ, нэг өдөр хэрэглэнэ” гэдэг үг хуучирсан. Мянган өдөр хэрэгтэй байх хэрэгтэй. Өдөр бүхэн ард түмний сайн сайхан амьдрал, эрүүл мэнд, биеийн тамирт цэргүүдээ оруулж байх хэрэгтэй. Долоо хоногт хэдэн зуун мянгаараа төлөөд эрүүлжихүйн хичээл заалгаж байна. Зөвхөн тэр хоол ундны тухай, энэ хоол унд гэдэг чинь яаж шингэдэг юм, ямар хоол биед сайн байдаг юм гээд мэргэжлийн хүмүүс подвалд суугаад, тэр сайд дарга нар, алдартай од бүгд түүнд ирээд суучихсан байна. Ийм их хэрэгцээ байна шүү дээ. Та нар эрүүлжихүйн төв нээгээд хажууд нь суу л даа. Тэр  офицер, тэнд ажилладаг хүмүүст үйлчилдэг мэдлэгтэй болох хэрэгтэй. Хүнд үйлчилж байж өөрсдөө сайжирдаг юм. Та нар нэг зүйлийг ойлго. Хэдэн цэрэг авчраад, тэгээд өөрсдөө сууж байгаад сайжирна гэж байхгүй.

Хүнд юм заагаад үйлчлээд, хэлээд ирэхээр өөрөө түүнийг илүү хийх шаардлагатай болно. Тэр бэлтгэлийн бааз болох юм бол та нар үргэлж сайжирна. Яагаад гэвэл нөгөө үйлчлүүлэгчид үргэлж шинэ шаардлага тавина, та нарт. Үүнийг ойлгооч. Тэгэхээр та нарын цэргийн анги, байгууллагын өнгө улам бүр дээшээ сайжрах хэрэгтэй болно. Хугацаат цэргийн алба гээд тэд заавал сууж байх албагүй. Тэд нар ч гэсэн бэлтгэгчид, хүмүүст юм заадаг байх ёстой.

Тэд хүмүүстэй харилцаад хүмүүсийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийгээд, өөрсдийнхөө ажил хөдөлмөрийн үр дүн хараад ирэхээр бүгд урамшиж эхэлнэ. Бүгд өөр болно, манай цэргийн анги байгууллагууд. Яг өөр өөрийн чиглэлээр, онцгой байдлынхан юу хийж болох вэ, хилийнхэн юу хийж болох вэ. Хилийнхэн дээр хүрээд ирэхэд л наад зах нь хотын хүүхдүүд, сумын төв, аймгийн төвийнхөн ч адилхан шүү дээ. Наад зах нь морин дээр мордож үзээгүй л байгаа. Морьтой хэрхэн харьцах вэ, морь унаад хажуугаар нь бэлтгэлээ хийгээд, анги байгууллага дээр хүрээд ирэхэд нь буу задлуулаад ОВП цув өмсүүлж гүйлгээд байж болно. Тэр хүмүүст маш сонин байх болно.

Энэ чиглэлээр цаашид өдөрлөг зохион байгуулах хэрэгтэй. Тухайн анги дээр долоо хоногт заавал нэг арга хэмжээ болж байдаг. Аав ээж нь хүүхдээ дагуулаад хүрээд ирэг л дээ. Та нар ах дүү ойр хавийн бүх хүмүүсээ хамруул л даа. Тэгээд тэнд очоод нэг шинэ зүйл сонсч болдог. Тэгээд тэр бүх зүйл нь үнэлгээтэй.

Алийг нь үнэлэх вэ, алийг нь үнэлэхгүй байх вэ гэдгээ та нар бүгдийг нь өөрсдөө тогтоодог байя. Хүүхдүүд хүрээд ирэхэд нэг өрөөнд их том дэлгэцтэй байг. Гурван жилийн өмнө би сурч байсан сургуульдаа очиход лав л тийм болсон байсан. Одоо цэргийн сургуулиуд тийм болсон байна лээ. Бүх зүйлийг дэлгэцэн дээр хийж байгаа. Зүгээр л хүүхдүүд компьютерийн ард суугаад байлдаж байгаа юмыг тэр салаа, рот зохион байгуулж, байгаа газар нь дэлгэцэн дээр харуулаад л байдаг. Тийм заалтай байх хэрэгтэй. Тийм мөнгө алга, тийм юм олох гэсэн юм гэх хэрэггүй. Саяын миний хэлж байгаа зүйлүүдээр дамжуулаад хөрөнгө оруулалт хийгээд яв л даа.

Хүмүүс аяндаа мөнгө өгдөг хандив өгдөг болно. Сайн юм хийдэг, дэмждэг хүмүүстэйгээ харилц л даа. Ингэж сэтгэлээ задла. Манай аймгийн төв дээр цэргийн анги байгаа чинь ямар хэрэгтэй юм бэ. Зөвхөн барига бариад, хэдэн офицер харагдаад байгаа юм биш юм. Манай аймгийн иргэд цэргийн ангиараа дамжуулаад өөрчлөгдлөө. Тэгээд үүнд хамрагдаж байгаа залуусыг бүртгээд авах хэрэгтэй. Тэгж байгаад тодорхой хугацаанд бэлтгэлжилт нь ханаад ирэхээр шалгалт аваад тэнцэх юм бол цэргийн алба хаасанд тооцож болно шүү дээ. Наад зах нь янз бүрийн гэрчилгээ олгоод байж болно. Стандарт тогтоочихоод гэрчилгээ олго л доо. Би бол эх орноо хамгаалах 3-р зэрэгтэй, ийм чадвартай гэх мэт. Ийм ажлуудыг та нар хийхгүй бол болохгүй ээ.

Мөн дээрээс нь бас нэг том хэрэгцээ байна. Иргэд маань ихэнх нь буутай. Иргэд маань нэг бол эзгүй талд бууддаг, нэг бол амьтан хөөж агнадаг. Цэргийн ангиуд тирүүдийг байгуулах хэрэгтэй. Буу сумаа өөрсдөө авч ирээд чөлөөтэй бууддаг болгох хэрэгтэй. Эхлээд үйлчлүүлэгчид бий болгож байгаад дараа нь төлбөртэй болгоё. Тэгэхээр энд ирж л бууддаг байя. Тэнд зөвхөн өөрийн буугаар биш, хийн буугаар, таваг буудуулдаг болгоё. Та нар цэргийн ангиуд дээрээ энэ ажлыг бий болго л доо. Буугаа тусгалд оруулаад, буудаад, бүртгэлд оруулаад, хадгалах зарчмыг мэдээд авах хэрэгтэй. Бүр шаардлагатай үед буутай иргэдийг зэвсгээр хангахгүй, өөрийнх нь бууг ашиглаад үүрэг гүйцэтгэх боломжтой гэж бүртгэж аваад тооцно. Бусад улс орнуудад ийм байдаг юм. Монголд яагаад ингэж болдоггүй юм. Хүмүүс хэлдэг. Хүн надад буу бэлэглэсэн, буудаг үзмээр байх юм гэдэг. Надад хүртэл хэрэгтэй байна. Хүн бүхэнд тийм хэрэгцээ байгаа шүү дээ. Тэгээд тэр сум хэрэгслээ өөрсдөө аваад ир. Жаахан бод л доо. Ийм их хэрэгцээ байна. Тэгээд буу зэвсгээ шалгуулж бүртгүүлээд, хууль журмаа сайжруулаад явъя л даа.

Монгол эр хүн бүр буун дуунаас айгаад чихээ дардаггүй л байх ёстой шүү дээ. Бай гэж юу юм, хөдөлгөөнтэй байг яаж бууддаг юм, хэрхэн хараалдаг юм гэх мэт наад захын зүйлүүдийг мэдээд авсан байх ёстой. Автомат буугаар яаж бууддаг юм, яаж ганцаар бууддаг юм, яаж цэнэглэдэг юм, яаж буугаа цэвэрлэдэг юм, бороонд норвол яах вэ, цасанд унавал яах вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ бүх үйлчилгээг мэддэг байх, үүнд зааж сургахад л та бүхэн ард иргэдтэйгээ маш ойр дотно холбогдоно. Үүнийг ингэж ойлго.

Цэргийн ангийг ард иргэдээ тэсвэр хатуужил, амьдрах чадварт сургах газар болгомоор байна

Мөн дээрээс цэргийн ангийг ард иргэдээ тэсвэр хатуужил, амьдрах чадварт сургах газар болгомоор байна. Ер нь иргэдээ бэлтгэнэ гэж юу гэж хэлж байгаа юм гэвэл хамгийн түрүүнд чи өөрийгөө хамгаалаад сурчих, тэгээд хажуудаа байгаа нөхдөө, гэр бүлээ хамгаалаад сурчих. Үүнийг л заах ёстой. Дараа нь чи тэр орон нутаг, эх орноо хамгаална. Тэр өөрөөс чинь эхэлнэ. Манай эрчүүд наад зах нь үүнийг сурсан байх ёстой. Хүн ирээд цохиход гараараа хаагаад сурчихсан л байх ёстой. Өөрийнхөө амийг авраад, хажуудаа байгаа хүмүүсийг хамгаалаад сурчих л хэрэгтэй. Заавал нэг дайсан ирэхэд бэлэн байна гээд унтаад байж болохгүй.

Тэгэхээр бид ийм түвшинд хүрэх хэрэгтэй. Манай онцгой байдлынхан галын хамгаалалтын талаар бүхэл бүтэн сургалт зохион байгуулдаг. Зөвхөн гэртээ яаж галын аюулгүй байх вэ гэдгийг л заадаг. Тэр унтраалга, тэр утас шугам хаагуур явдаг, юунаас болж гал асдаг юм, утаа мэдрэгчийг хаанаа тавих хэрэгтэй гэх мэт зүйлийг заадаг. Гэртээ унтаж байгаад угаарт цохиулаад нас барсан хүмүүс бий. Бид иргэддээ үүнийг зааж өгөөгүй байна шүү дээ. Энэ бүх сургалтыг, хүнд хэрэгтэйг мэдрүүлэх хэрэгтэй.

Цэргийн тусгай бэлтгэл хийдэг залуусыг хөдөө хээр орхичихдог. Тэр залуус өөртөө маш итгэлтэй болно. Хажууд нь мэддэг хүнтэй орхиод уул хаданд хэд хоногоор хоол унд усгүй галгүй орхи. Бидэнд тийм үе тулгарч болно. Галыг хэрхэн гаргаж сурах вэ, юугаар хооллох вэ, ямар шавж хорхой, ургамал идэхэд хоргүй вэ. Ус хаанаас олж болох вэ. Энэ бүгдийг та бүхэн зааж өг л дөө. Уснаас хэрхэн гарах вэ. Том голын эргүүлэгт орсон хүн яаж гарах вэ. Энэ бүхнийг яагаад хэлж өгдөггүй юм бэ. Иргэдэд ийм хэрэгтэй бай л даа. Усан бороо, цасан шуурганаас амиа аваад гардаг л байх хэрэгтэй шүү дээ. Даараад байвал хувцсаа тайлах юм уу нэмж өмсөх юм уу. Хүйтэнд алхаад байх ёстой юм уу, суух ёстой юм уу. Энэ бүхнийг та нар иргэдэд хэлж өг л дөө.

Ингэж байж манай цэргийн анги байгууллагууд бидэнд хэрэгтэй юм байна гэдгийг иргэд маань ойлгоно. Цасанд юугаар оромж барих вэ, элс шавартай газар яаж оромж босгох юм. Энэ бол телевизээр та бидний үздэг шоу нэвтрүүлэг биш. Энэ бол иргэдэд хэрэгтэй чухал мэдээлэл, мэдлэг. Үүгээр та бүхэн зурагтын нэвтрүүлэг ч хийсэн болно. Гэх мэт түмэн боломж байна.

Яавал утаагүй гал түлж болох вэ, норсон модыг хэрхэн асаах вэ, ямар бодисоор гал асаах вэ. Энэ мэт зүйл ангийн дэлгүүрт байдаг. Энэ бүхнийг мэдүүлж заадаг болох хэрэгтэй. Иргэд энэ бүх сургалтад суусны дараа өөртөө итгэлтэй болдог. Дахин сургалтад явмаар болдог. Дараагийн сургалт ямар саад бэрхшээлтэй байх бол гэж хүлээдэг.

Хүн жаргалаас аз жаргал мэдэрдэггүй. Зовлонг туулж байж жаргадаг юм. Хүн жаргалтай газар хэвтээд байвал хэн ч биш, амьтан болно. Улс үндэстнийг хүртэл жаргаасаар байгаад устгаж болдгийг та бүхэн түүхээс мэднэ. Тиймээс монгол хүн чадвартай, өөртөө итгэлтэй, хэцүү бэрхийг даваад гарах чадалтай байх ёстой гэдэг чинь үүнд оршиж байгаа юм.

Ийм иргэдтэй, бэлтгэлтэй болж байж бид ялгарч гарна. Бид чадна. Цэргийн анги, байгууллагууд юугаараа ялгарах вэ? Хамгийн энгийн зүйл бол олон орны цэргүүдээс зохион байгуулалтаараа ялгардаг байх ёстой. Дээр нь чадвараараа, үндсэн ажлаа эзэмшсэн байдлаараа, аюулыг сөрөх чадал, эр зоригоороо ялгарах ёстой. Хүн зоригтой төрдөггүй. Бэрхшээлийг даваад, гардаг болоод байвал тэр эр зориг. Тэр бүхэн хүнд суугаад байдаг юм. Чадвар суухаар түүнийгээ дагаж бий болдог. Үүнийг ойлгуулах улсууд бол та бүхэн юм.

Ууланд явж байгаад төөрсөн тохиолдлууд байдаг. Тусгай бэлтгэлтэй залуус туслаад амийг нь аварсан тохиолдлууд байдаг юм. Үүнийг бүх хүнд сурга л даа. Наад зах нь зүг чигээ олдог байх хэрэгтэй. Луужингаар уртраг, өргөрөг, уулзах газраа тогтоогоод олдог байх хэрэгтэй. Төөрдөггүй л байх хэрэгтэй.

Зөвхөн утас ашигласнаас болоод хянаж байсан хүмүүс нь олоод сүйтгэчихсэн тохиолдол байдаг. Түүнээс яаж зугтаж болох юм. Яаж гарч болох вэ.

Монголчууд яагаад хүчирхэг цэрэг армитай байсан бэ? Ийм бэлтгэлтэй байсан. Борцоо ганзгалаад явдаг. Буунгуутаа бидон сав ашиглахгүйгээр зөвхөн гал түлж чулуу халаагаад, түүн дээрээ хоолоо хийгээд, хоол ундаа бэлтгэчихдэг тийм гайхамшигтай уламжлал бидэнд байна. Үүнийг яагаад хүн бүрт сургаж болдоггүй юм бэ. Ийм ажил хийгээд ирэхээр та бүхнийг бүчээд, оюутан-цэргийг арын хаалгаар авахаас аргагүй боллоо гэдэг шиг юм болно. Ийм хүнд хэрэгцээтэй газар бол л доо. Мэддэг хүнийг нь урь. Сургалт явуул. Заал, танхимаа ашиглуул. Эхлээд түрээсийн төлбөр авахгүй гэвэл дуртай орж ирнэ. Нэг хоёр сар сургалтад нь суугаад дараа нь та нар өөрсдөө өөр хүнд заадаг болно.

Цаашдаа манай цэргийн анги, байгууллагууд сургалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн бааз, төв болох хэрэгтэй. Үйлдвэрлэл гэж юу вэ? Өргөдөг, түлхдэг бүх хэрэгслийг труба, жирийн төмөр ашиглаад хийчихдэг үе байсан. Заавал өндөр үнэтэй брэндийн тоног төхөөрөмж хэрэггүй. Шалан дээрээ, сандал дэрээ суниахад л болдог юм байна гэдгийг ойлгуул. Гарын дор өөрийгөө бялдаржуулаад, эрүүлжүүлээд явж болдог юм байна гэдгийг ойлгуул.

Цэргийн хувцас хунарыг заавал Улаанбаатарт хийдэг биш. Цэргийн ангиудаа түшиглээд гайхамшигтай бөх гутал хийдэг, бүс, малгай, хувцас хийдэг болох хэрэгтэй. Стандартын дагуу хийж байгаа бол төсвөө аваад цэргийн анги дээрээ хувцсаа хий л дээ. Ийм боломж олгоё л доо. Тэр сургалт, бэлтгэлд хамрагдаж байгаа залуусын хувцсыг захиалгаар, тэгэхдээ үнэтэй хийгээд өг. Танайх тэгээд босоод ирнэ. Хүнд үйлчлээд ирэхээрээ ажил сайжраад ирнэ.

Бэлтгэлтэй иргэд дуудсан цагт хувцсаа өмсөөд, байгаа зэвсгээ бариад ир гэсэн газарт ирээд, зохион байгуулалтад ороод гүйцэтгэх үүргээ гүйцэтгээд явдаг л байх ёстой. 18-45 насны бүх хүмүүс, шаардлагатай бол 45-аас дээш насныхан ийм бэлтгэлтэй байх ёстой. Авч гарах цүнхийг нь бэлдээд өг л дөө. Түүнийг заавал гадаадад бэлтгүүлж авч ирэх шаардлагагүй. Үүнийг Монголдоо, цэргийн ангидаа хийдэг бол. Наад зах нь мориныхоо эмээлийг, чөдөр, тушааг хийгээд, засаад явж байгаа биз дээ. Морины эмээл, хазаар хийдэг юм чинь хүний хувцас хийж яагаад болдоггүй юм бэ. Дээр үеийн, XIII, XIV зууны монгол цэргийн гутал хувцас музейд байгааг хараарай. Ямар гайхамшигтай юм хийж байгаа вэ. Бид үүнийг чаддаг байсан юм.

Өнөөдрийн миний ярьж байгаа энэ бүхэн манай зэвсэгт хүчин, цэрэг арми, эх орончдыг бэлтгэхэд хувьсгал болох ёстой. Үүнийг цаашаа бодлого гаргагчдад ойлгуулна. Та нар газар газраа ийм хэрэгтэй зүйлээ хийх хэрэгтэй. Ингэж чадах юм бол энэ цэргийн анги, байгууллага иргэдийг татдаг, дууддаг газар болно.

Сайн цэрэг гэдэг бол тавигдсан үүргийг гүйцэтгэхэд байнга бэлэн байдаг цэргийг л хэлнэ. Сайн иргэн гэдэг бол иргэнийхээ үүргийг биелүүлэх чадвар эзэмшсэн хүнийг хэлнэ.

Долоо хоног хоол ундгүй газар аваачаад хаяхад өөрийгөө аваад, хажуудах хүмүүсээ аваад гараад ирдэг тийм л иргэн хэрэгтэй. Аюулд ороход өөрийгөө авраад, хажуудах хүмүүсээ авардаг иргэн бидэнд хэрэгтэй. Энд тэндгүй ёолоод хавтгайраад хэвтвэл хэн биднийг аврах юм. Онцгой байдлынхан иртэл ингээд хэвтэж байя гэх юм уу. Тоосго ирээд цохиход хүлээхгүй шүү дээ. Усанд унаад живээд үхэхэд хүлээхгүй шүү дээ. Хөдөө төөрч үхэх гэж байхад яаж гарах юм. Төөрсөн хүмүүс бичсэн байдаг. Асаагуур өндөр хүйтэнд асдаггүй. Гэрээслэлдээ “Зүгээр л зурдаг шүдэнз авч явж байгаарай” гэж бичсэн байдаг. Монголчууд эр хүн гал авч явж байх ёстой гэдэг. Шүдэнз норвол яах вэ. Юунаас гал гаргах вэ. Ийм хүнд хэрэгтэй олон зүйл нийлэхээрээ хүмүүст хэрэгтэй зүйл болж хувирна. Энэ чиглэл рүү цэргийн анги, байгууллагууд орох хэрэгтэй.

Ажил хийе, юм бүтээе гэсэн хүн бол арга олдог. Хийхгүй гэсэн хүн бол шалтаг олдог. Та нар бол шалтаг тоочоод сууж байх эрхтэй хүмүүс биш. Та бүхэн энэ ард түмнээс, төрөөс цалинг нь авч, ард түмнээс, төрөөс дүрэмт хувцсыг нь хэрэглэж, цол хэргэмийг нь эдэлж байгаа. Та бүхэн илүү юм хийх ёстой, үүрэгтэй хүмүүс. Өнөөдрийнөөс илүү бодох үүрэгтэй хүмүүс. Ингэж анги, байгууллагынхаа бие бүрэлдэхүүнд үүрэг тавих хэрэгтэй. Ингэж ойлгуулах хэрэгтэй. Юмыг шалтаг тоочихгүй эхлүүл гэж байгаа шүү дээ.

Мод тарьсан тухай яриа байдаг. Энэ мод 20 жилийн дараа том болж ургана шүү дээ гэхэд тэгвэл өнөөдөр тарья л даа гэдэг. Яг л үнэн. 20 жилийн дараа том болгохын тулд өнөөдөр тарих хэрэгтэй.

Хамгийн сайн анги, байгууллагын захирагч ямар хүмүүс байдаг билээ. Ажилтай, олон түмэнд хэрэгтэй зүйл хийсэн хүн л хамгийн сайн анги, байгууллагын захирагч, удирдлага болж үлддэг. Хуучин үед ч тийм байсан. Хатуу, хаалттай, цэргийн анги өөр дүрэм журамтай байсан үед ч тийм байсан. Хүнд хэрэгтэй юм хийдэг, хүнд хэрэгтэй юм сургасан дарга л хамгийн сайн дарга. Тусад нь та нарт хувцас өмсүүлээд хүнд юм сурга гээд байгаа шүү дээ. Тусад нь та нарт цол хэргэм эдлүүлээд, тусад нь байр гаргаж өгөөд хүнд юм сурга гээд байхад яагаад энэ ажлаа хийдэггүй юм.

Зөвхөн албанд дуудагдсан хэдэн цэрэг, зөвхөн хэдэн гэрээт цэрэг, зөвхөн хэдэн ахлагч, хэдэн офицерийг харж би энд сууна гэж ойлгож болмоогүй байна.

Аюул, хэцүү юм тохиоход ингэж ялгахгүй шүү дээ. Бүх юман дундуур ороод гарна. Наад зах нь шумуулд хазуулахаас өөрийгөө яаж хамгаалах вэ? Бусад хэцүү газар үүрэг гүйцэтгэж байгаа манай залуус энэ дундуур ороод гарч байгаа шүү дээ.

Энд хилийнхэн, тагнуулынхан, цагдаагийнхан байна. Зарим газар нь ганц байр байшинтай байхад цэргийн анги өөр. Талбайтай, хашаатай. Наад зах нь тусгай хүчнийхэн очоод бэлтгэл сургуулиа хийчихдэг баазтай болъё. Одоо хамтарч ажиллах хэрэгтэй. Бие биеэ мэддэггүй юм шиг, бие биеэсээ дөлсөн, холдсон баймааргүй байна. Бэлтгэл, сургуулиар дамжиж дайчин нөхөрлөл, итгэл зүтгэл бий болдог.

Энэ 2016 оны 12 дугаар сарын 25 гэхэд шинэ чиглэлээр бэлтгэлээ ханга гэж би хэлж байгаа. Бид ийм зүйл хийдэг боллоо гэж хэлдэг бол. Жижиг зүйлээс эхэл. 2017 оны 1 дүгээр сарын 10 гэхэд нээлтээ хйигээд, өмнө нь сурталчлаад, хүмүүст ойлгуулаад яв.

Ийм зүйл хийж байгаа дарга нар, удирдлагуудыг урамшуулдаг, ажлыг нь дүгнэхэд авч дүгнэдэг болъё.

Цэрэг болно гэдэг зөвхөн форм өмсүүлнэ гэсэн үг биш. Хүнийг нь бэлдэнэ

Онцгой байдлынхан Гамшгийн сургалтын төв байгуулж байна. Энэ төв нээлттэй төв болоосой. ХСИС 3000 оюутанд зориулсан хичээлийн шинэ байртай. Тэндээ энэ хүмүүсийг хамруулаад өөр байдлаар ажиллаж болно. Батлан хамгаалах, хууль сахиулахын эмнэлэг гээд гурван корпус нэмж барьж байгаа. “Тэмүүжин өрлөг” сургуульд хүүхдээс нь эхлээд сургая гээд тэр рүү явж байгаа. Цэрэг болно гэдэг зөвхөн форм өмсүүлнэ гэсэн үг биш. Хүнийг нь бэлдэнэ. Цэрэг хувцас өмсчихөөр л цэрэг гэж хараад байдаг. Тэгвэл доторхийг нь өөрчилнө гэсэн үг. Одоо тэгж ойлго. Пиджак тайлаад л китель өмсөхөөр цэрэг болж байна гэж бодож болохгүй. Доторхийг нь 100 хувь өөрчлөх хэрэгтэй. Ийм юман дундуур залуусыг багаас нь, дунд сургуулиас нь оруулах юм бол арми, цэрэг, хил, онцгой, цагдаагийнханд манай залуу үе хожим хойно баярлана. Компьютерийн тоглоом тоглоод донтчихсон явж байхад намайг ингэсэн шүү гэж баярлана.

Дэлхий одоо программаар явна. Өөрчлөгдөнө. Үйлдвэрлэл тийм болно. Авч яваа станцын зай суувал яах вэ. Цэнэглэгчгүй үед яаж цэнэглээд 5 минут холбоо барьдаг болох вэ. Үүнийг зааж өг. Байгалиасаа монгол хүн хэцүү хатуу уур амьсгал дунд төрсөн учраас амьдрах чадвар генд нь суучихсан. Түүнийг нь сэрээж өг л дөө. Унтуулаад байна, наад улсууд чинь. Миний хэлж байгаа бол зөвхөн нэг хувь нь. Энэ дээр өдөрт нэг, хоёр хувиар нэмэх хэрэгтэй. Үүнийг цааш нь ойлгуулах хэрэгтэй. Ингэвэл хүмүүс аюулыг мэдэрдэг, өөрсдийгөө хамгаалдаг, бидний ажил ямар чухлыг мэдэрдэг болно. Хоёрхон сар хүүхдийг нь карантинд хамруулаад Сүхбаатарын талбай дээр алхуулахад аав ээж нь бараг нулимс нь гоожиж байгаа шүү дээ. “Ёстой их баярлалаа. Миний хүү өөр болчихлоо шүү дээ” гээд. Үүнийг жил бүр, байгаа газар бүхэндээ хийдэг бол л доо. Ийм болохын тулд саяын ажлуудыг бүгдээрээ хийе.

Цэрэг бол олон аавын хүү эх орноо хамгаалах эрдэмд суралцдаг газар юм. Эх орноо хамгаална гэдэг бол өөрийгөө, нөхдөө, ээж аав, эхнэр хүүхдээ, төрсөн өссөн нутгаа, хайртай зүйлээ хамгаалахаас эхэлдэг. Тийм сэтгэл суулгахаас эхэлдэг юм гэдгийг би энд тайлбарласан. Ийм маягаар бид үүрэг даалгавар, хийж байгаа ажлаа ойлгох юм бол төр, ард түмэн баярлана. Ингэж та бүхэн ажиллах хэрэгтэй.

Ингээд та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Бат (202.9.46.15)

    2023-11-16

    Бид хийлийн цэрэгтэй байвал зөв бус уу Хятад оросын эсрэг бид цэрэг хэрэгтэй юу чухамдаа бол асуудал

  • Рас (66.181.160.88)

    2023-11-16

    Дуугүй бай. Чамд Монгол Улсын юм хамаа байхгүй.