Барилга эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр суурь хэтрүүлэн ухсан зөрчил гаргажээ
- 2023-11-17
- Улаанбаатар
- 1
Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Нэхмэлийн шарын байрнуудын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй “Фүжи Девелопмент” ХХК-ийн үйл ажиллагааны талаар иргэдээс гомдол, мэдээлэл ирсний дагуу холбогдох албаныхан газар дээр нь ажиллалаа. Тодруулбал, тус компани нь Нэхмэлийн шарын 7 дугаар байрны суурийг Архитектур төлөвлөлтийн даалгавраас хэтрүүлэн ухсан тул зөрчлийг арилгахаар хэтрүүлж ухсан суурийг битүүлж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Нийслэл болон дүүргийн холбогдох байгууллагынхан тус байршилд хэмжилт хийхэд дахин төлөвлөлтийн байршлаас урагшаа 4.5 метр, хажуу тийш 9 метр хэтрүүлж барилгын сууриа ухсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, шинээр барилгажих талбайн зөвшөөрлөө Хот байгуулалт, хөгжлийн газраас авалгүйгээр дур мэдэн суурь ухсан. Тус компанид Хотын стандарт, хяналтын газраас болон дүүргээс зөрчлөө арилгах талаарх шаардлага, мэдэгдлийг хүргүүлсэн боловч биелүүлээгүй. Зөвшөөрлөө дараа нь авна гэх зэргээр дур мэдэн ажлаа үргэлжлүүлж байна. Хуучин байрнуудыг нураах зөвшөөрөлтэй боловч шинэ зураг төсөл, суурийн зургийг батлуулаагүй, барилга эхлүүлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаад байна гэсэн үг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас уг зөрчлийг арилгахаар хоёр дахь өдрөө ажиллаж байна” хэмээлээ.
“Фүжи Девелопмент” ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Нэхмэлийн шарын 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 байрны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж, 5, 6А, 6В байрыг байнгын ашиглалтад оруулаад буй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (1)
(66.181.161.96)
Энэ хавийн газар ямар ч машины зогсоолгүй нуль бетонон цамхаг болж дууслаа. Ногоон байгууламж ч байхгүй. Харамсалтай юмаа.