“Сонгуулийн өмнөх төсөв”-ийн гол сонголт нь юунд байв?

Ирэх 2024 он бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сүүлийн дөрвөн жилийн тайлангаа тавих мөчлөг. 2021 оны 1 дүгээр сарын 21-нд ажлаа аваад, бараг шууд ковидтой золгосон. Нийтдээ 12 хувийн төсвийн алдагдалтай, 8 их наядын төсөвтэй эхэлсэн. Төсвийн алдагдал гэхээсээ иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах, орлогыг нь хамгаалах сорилт дунд гараагаа эхэлсэн билээ. Гэтэл 2022 онд дараагийн сорил, дайн тулааны асуудалтай шууд золгосон. Сорилт ч гэх үү, дарамт ч гэх үү дэндүү содон, эгзэгтэй, эмзэг нөхцөл юм л даа.
Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулийг УИХ энэ сарын 11-нд баталсан. Энэ удаагийн төсвийн онцлог нь Ерөнхий сайд, танхимын зарим гишүүний хамт төсвөө төлөвлөхийн өмнө орон нутгуудаар явж иргэдийн санал, оролцоог хангаж, товчхондоо олон нийтийн хэлэлцүүлэг дунд болсон нь урьд өмнө байгаагүй шинэ зүйл байлаа.
Энэ төсвийг “хэт өөдрөг” гэж үнэлээд, бас шүүмжлээд байгаа билээ. Үүнийг тайлбарлах гэж оролдъё.
2022, 2023 оны төсвийн онцлогууд нь Ковидын дараа дэлхий нийтийн хэмжээнд эдийн засгийн тэлэлт явагдаж байна. Үүн дунд Монголын эдийн засаг өөрийн инерцээр болон гадаад эдийн засгийн хамааралтайгаар тодорхой хэмжээнд хөдөлгөөнүүд явагдаж байгаа учраас ирэх оны төсөв сууриараа ч, хүн ам, статистик, бүх талаараа тэлж байна. Монгол Улсын гадаад худалдааны хэмжээ 2022 онд анх удаа хоёр оронтой тоо руу орж ирсэн. 2023 онд энэ тэлэлт ажиглагдаж 2024 онд экспорт 15 тэрбум ам.доллар, импорт 10 тэрбум ам.доллар, зөрүү 5 тэрбум ам.долларын ашигтай болох дүр зураг харагдаж байна. Төлбөрийн тэнцэл оны эхний долоон сарын байдлаар 500 сая ам.долларын ашигтай явж байгаа нь сүүлийн арван жилд ажиглагдаагүй тоо. 2011 онд ийм зөрүү гарч ирж байсан. Түүнээс хойш анх удаа төлбөрийн тэнцэл хагас жилийн дотор хагас тэрбум ам.долларын ашигтай гарч байна. Ирэх онд гадаад худалдаа энэ тэнцвэрээ хадгалж чадвал төлбөрийн тэнцэл эерэг явна.
ДНБ 74 их наяд төгрөгт хүрэх нь. Ийм том тоо ойрын 4 жилд хараагүй. 2021 онд манай Засгийн газар ажлаа авахад энэ тоо 36 их наяд төгрөг байсан. Хоёр дахин тэлсэн гэсэн үг. Тэгвэл нэг хүнд ногдох үндэсний орлого хэд байна вэ. 2022 оны жилийн эцсийн дүнгээр нэг хүнд ногдох үндэсний орлого 5036 ам.доллар байсан. 2023 оны хүлээгдэж буй жилийн эцсийн дүнгээр нэг хүнд ногдох үндэсний орлого 5400 ам.доллар, 2024 онд 6000 ам.долларт хүрнэ. Барагцаагаар 20 сая төгрөг юм уу даа. 3 сая гаруй иргэндээ үржүүлээд бодохоор 74 их наяд төгрөгт дөхөж байгаа юм. Нэг иймэрхүү олз орлоготой төсөв баталчихжээ. Тэгвэл сайн, “муу” хэлүүлсэн энэ өгөөмөр төсвийг яаж зарцуулах бодлого онцгой анхаарал татаж байгаа биз?

Хөгжил рүү чиглэхдээ хөдөөгийн сэргэлтэд хөрөнгө хаяж чадсан нь улс төрийн зориг байв

Онцлог нь юунд байв. Мэдээж “сонгуулийн өмнөх жилийн төсөв” гэдэг утгаар нь олон нийт нэлээд хардаж сэжиглэсэн. Эрх баригч нам ч олон нийтэд амласан зүйл ихтэй. Гэхдээ хамгийн олзуурхууштай нь хөгжил рүү чиглэж чадсан шүү.
Тухайлбал эрчим хүчний салбарт 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Арван аймагт ДЦС барихаар болсноор дулааны станцын хүчин чадал 376 мВт-аар, дулааны шугам сүлжээний урт 113 км-ээр, нийт эрчим хүчний сүлжээний уртыг 1697 км-ээр уртасгах болжээ. Ингэснээр эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал 160 мВт-аар нэмэгдэх нь нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөний хувьд эрс нэмэгдэж, “сэхээнд орох шахсан эрчим хүчээ сэргээх” төсөв болж чадлаа.
Түүнчлэн шинэ сэргэлтийг дэмжиж “Хөгжлийн тойрог” авто замын үндэсний сүлжээг бий болгох зорилтын хүрээнд улсын хэмжээнд 712 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2472 км урт авто замыг шинээр тавих юм байна. Мөн улсын чанартай 740 км автозамын их засварт 372 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Нийгмийн бодлого, халамжийн асуудал хэдийгээр шүүмжлэлд өртсөн хэдий ч өндөр насны тэтгэврийг 100 мянган төгрөгөөр, төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж 10 хувиар нэмсэн. Эрүүл мэндийн салбарт Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний хэмжээний төвийн барилгын төсөвт өртөгийг 132 тэрбум төгрөгөөр баталсан. Энэ бол нэн яаралтай ажил яах аргагүй мөн. Тиймээс ч санхүүжилтийг нь “амсуулж” биш ердөө гурав хувааж олгон барилгын ажлыг түргэн дуусгахаар болж эхний жил буюу 2024 онд 42 тэрбум төгрөг тусгасан байна билээ.  
Хамгийн гол онцлог нь ирэх жилийн төсвийг бүхэлд нь “Хот, хөдөөгийн сэргэлт” буюу тэр тусмаа хөдөөгийн сэргэлт гэдэг чиглэл рүү дорвитой зориулж байна. Ингэхийн тулд тэнд хүмүүс ажиллаж амьдрах амьдралын чанар нь дээшлүүлэх шаардлагатай. Орон нутагт боловсрол, эрүүл мэнд асуудалтай. Сургуулийн насны хүүхэдтэй гэр бүлүүдийн ихэнх нь хот руу явах хүсэлтэй. Хөдөө орон нутагт сайн багш, сайн эмч нарыг очуулахын тулд цалинг нь нэмж байгаа. Нийт төрийн албан хаагчдын цалин 10 хувиар нэмэгдэж байгаа бол хөдөө орон нутагт ажиллаж байгаа албан хаагчдыг төсвийн бодлогоор дэмжиж орон нутгийн нэмэгдэлд хамрагдаж чаддаггүй байсан хүмүүсийг бүгдийг нь хамруулахаар боллоо. Аймгийн төвд ажиллаж байгаа бол үндсэн цалин дээр нь 20 хувийн нэмэгдэл тооцож олгоно. Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг бас үүнд хамаарна. Сумын төвд ажиллавал үндсэн цалин дээр 40 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин нийтдээ 30-60 хувиар нэмэгдэж байгаа юм. Мөн орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдийг орон сууцжуулах зарлагад 100 тэрбум төгрөг төсөвлөсөн. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэл, орон нутгийн нийт нэмэгдлүүдийн хамтдаа бараг 1.2 их наяд төгрөгийн зардал төсөвлөгдсөн байна. Энэ бол зоригтой алхам байлаа, Б.Жавхлан сайд аа! Баяр хүргэе. Энэ бол төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад ч тусгалаа өгнө гэдэгт найдаж байна. Төсвийн орлого сайн байгаа үед л үүнийг хийхэд хамгийн тохиромжтой гэдгийг зөв олж харжээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “тайлангийн” он-2024

Төсвийн олз, орлого, “эрүүл мэндийн” хувьд зарим зүйлийг тодотгоё. Энэ онд нүүрсний экспортыг 36 сая тонн гэж төлөвлөсөн ч долдугаар сар гэхэд 36 сая тонн нүүрс экспортолсон. Төсвийн тодотголын үеэр 50 сая тонн гэж төлөвлөсөн ч өнөөдрийн байдлаар 59.5 сая тонн нүүрс экспортолчихсон. Ажлын өдөр дунджаар 2300 машин, 200 вагон нүүрс буюу 250-300 мянган тонн нүүрс гарч байгаа юм билээ. Тэгэхээр энэ долоо хоногт 60 сая тоннд хүрчихнэ.  Ирэх онд хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадал болон удаа дараа БНХАУ-д хийсэн айлчлал, тэдний эрэлт хэрэгцээний судалгаа зэргээс харж тооцоход худадан авагч тал манай экспортлох, хилээр нэвтрүүлж чадах хэмжээгээр нүүрс худалдан авч чадна гэдгээ хоёр ч удаагийн дээд хэмжээний айлчлалын үеэр илэрхийлсэн. Тиймээс энэ онд гаргаж чадсан хэмжээгээр ирэх онд экспортын нүүрсээ гаргаж чадах нь дамжиггүй. Товчхондоо энэ бол биелэгдэшгүй тоо биш даруухан төлөвлөгөө.
Алтыг энэ жил 20 тонныг экспортолно гэж төлөвлөсөн, хүрэхгүй шинжтэй байгаа учраас эргэлзэж байгаа шүү.  Хятадад гангийн эрэлт нэмэгдэж гангийн бүтээгдэхүүн хурдтай экспортлогдож байгаа сайн мэдээтэй ч төмрийн хүдрийн үнэ хэлбэлзэлтэй байна. Нөгөөтэйгүүр нүүрс шиг машинаар ачдаггүй учраас төмөр замын боломжоо харах шаардлагатай болж байна. Инфляци одоо 10 орчим хувьтай байна. Монголбанк, ЭЗХЯ-ны төсөөллөөр ирэх оны хагас жилд 8 хувь руу очно гэсэн төсөөлөл амласан.

Төсөв жилээс жилд нэмэгдэж л байдаг. Эмнэлгийн үйлчилгээний өртөг ч, сургалтын төлбөр ч өсөж л байдаг. Төр өөрөө ажил олгогч, 220 орчим мянган ажилчинтай. Хувийн компаниуд ажилчдынхаа өмнө үүрэг хүлээдэг шиг төр ч гэсэн ажил олгогчийнхоо хувьд төсвөөс цалинждаг албан хаагчдын өмнө үүрэг хүлээдэг. Цалин, тэтгэврээр нь дамжуулан амьжиргааг нь дэмжиж байдаг.
Ирэх жил ч мөн адил төсвийн орлого 4 гаруй их наядаар нэмэгдэнэ. Орлого ихээр нэмэгдээд байна гэдэг нь эдийн засгаа тэр хэмжээгээр сорж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эдийн засагт байгаа төрийн оролцоо гэсэн үг. Тэр орлогыг буцаагаад хэр ихээр хуваарилж байна вэ гэдэг л гол бодлого юм. Үүнийг үзэхийн тулд заавал ДНБ-тэй харьцуулах ёстой болж байна. Жилээс жилд төсөв өсдгөөрөө өсөж, зарлага өсдгөөрөө өсөж номиналь тоо өндөр байна. Бодитоор харцгаая гэвэл ДНБ-тэй харьцуулсан тоонд анхаарч болох юм. Ихэнхдээ 36 хувьтай байна, ковидын үеийнхийг тооцохгүйгээр. Төсвийн орлого нэмэхдээ шинээр татвар нэмээгүй, татварын хувь хэмжээг өсгөөгүй. Компаниудын борлуултын орлого нэмэгдээд байгаа хэрэг. 2020 онд 36 их наяд байсан. Одоо 2022 оны байдлаар 74 их наяд гээд хоёр дахин өсчихөөд байна. Энэ жилийн гүйцэтгэл 63 их наяд буюу 10 их наядаар нэмэгдэж гарахаар байна. Энэ 10 их наяд дотор эдийн засгийн өсөлтийг 6 хувь гэчихээд байгаа. Гэтэл үүний дотор инфляци явж байдаг. Энэ агуулгаар нь харахаар номиналь дүнгээрээ заавал өсөж 10 их наяд харагдаад байдаг. Тэгвэл өсөж байгаа 10 их наядаас хүн амын 36 хувийн орлогоо тооцоод үзэхээр 3.6 их наядын орлого харагдаж байна. Өөрөөр хэлбэл, татвар нэмэхгүйгээр зах зээл өөрөө том болчихож байгаа юм. Гэтэл бид эрүүл мэндийн болон боловсролын үйлчилгээг чанаржуулахгүй гээд яах юм бэ, шинэ технологи оруулж ирье, багш нараа чадваржуулъя, цахимаар хичээлээ заадаг болъё. Нийгмийн үйлчилгээгээ байнга сайжруулж байх ёстой. Орлогын бүтцийн хувьд эдийн засгийн өсөлтөө 7 хувь гэчихсэн байгаа бол сая эдийн засгийн өсөлт гүйцэтгэлээрээ 6.9 хувьтай гарсан байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)