Гашуун сургамжийн дараах автобус худалдан авалтын шинэ Тендер нээхийн өмнө!

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдээлэл хийхдээ 2023 оны 11 дүгээр сарын 24-нд автобус нийлүүлэх нээлттэй тендрийг нээж, шалгарсан компани нь энэ онд автобус нийлүүлж эхэлнэ. Ингэхдээ эдгээр автобусыг шингээх парк төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд байхгүй учраас нийтийн тээврийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг ААН-үүдтэй хэлэлцээр хийхгүй бол болохгүй. Иннгэснээр олон нийт шинэ автобусаар зорчих боломж нээгдэнэ” гэсэн билээ.
Хэрэв олон нийтийн бухимдлыг төрүүлсэн “ногоон автобусны будилаан, луйврын хэрэг” гараагүй бол нийслэлчүүд БНХАУ-ын төрийн өмчит, автобус үйлдвэрлэл, борлуулалтаар мэргэшсэн “топ” гурван компанийн нэг “Golden Dragon Bus”-ын автобусаар тав тухтай зорчиж байх байсан. Гэтэл тэднийхтэй хийсэн гэрээг гэнэт цуцалж “ногоон автобус”-ны гэрээг хийснээр Вьетнамын нэг “амбаараас” Солонгосын “Daewoo”-д засаж угсарсан 400 автобус гэгчийг авчирч нийслэлчүүдийг доромжилж төсвөө тоносон хэрэг өнөөдөр шүүх дээр очоод байна.

Алдаагаа яаралтай засах ёстой. Тийм ч учраас Хотын дарга 2009 оноос хойшхи автобус худалдан авах гэрээнүүдийг АТГ, холбогдох хуулийн байгууллагуудаар шалгуулна гэсэн. Харин одоо авах автобусаа хаанаас, яаж авбал улс орондоо хохиролгүй, нийслэлчүүдийг тав тухтай зорчих шаардлагыг хангаж чадах бол. Энэ тендер хэдхэн хоногийн дараа нээгдэх учиртай. Гэтэл яагаад тендер нээгдээгүй байхад сэлбэг захиалгын асуудал яригдаж эхлэв? Өмнөх гэрээнүүдээс харахад сэлбэгээ захиалснаас хойш 90 хоногийн дараа автобус нийлүүлэгдэхээр дурдсан байдаг. Сонирхоод үзэхэд, нэг автобус үйлдвэрлэхэд “Юу чай”, “Ви чай” моторын үйлдвэрээс, дугуй, гэрэл, шил, накладаа тус бүр өөр өөр үйлдвэрүүдэд гээд нийт 400-500 төрлийн сэлбэг янз бүрийн үйлдвэрүүдэд захиалагддаг. Гэхдээ чанараараа дээгүүрт ордох эхний хэдэн компани бүгд чанартай гэсэн нэг үйлдвэртээ захиалдаг бие биеэ мэддэг юм байна. Эдгээрээс 5-рт жагсдаг  “Zhongtong Bus Holding” компани”-ийнхан “Монголын сайдтай тохирсон, 600 автобус нийлүүлэхээр болсон, тиймээс сэлбэгээ эртнээс захиалж байна” гээд захиалгаа өгч байгааг нь хараад өрсөлдөгчид нь “тендерийн дүн тодорхойгүй байхад яагаад” гэдгийг гайхаад байгаа аж.

Одоогоор энэ тендерт 10 гаруй компани оролцохоор бэлтгэж байгаа юм. Нийслэлийн автобус худалдан авалтын түүхийг харахад дэлхийд борлуулалтаараа 2-рт ордог, хамгийн өндөр рангтай компаниас хамгийн хямд үнээр 224 автобус худалдаж авсан байдаг. Энэ нь үзүүлэлтийн хувьд дизель хөдөлгүүртэй, Евро-5 мотортой, орчин үеийн дизайнтай, одоо зарлаад байгаа тендрийн шалгуурт төдийгүй евро стандартад нийцсэн автобусууд байсан. Ийм сайн худалдан авалт, нийлүүлэлт үргэлжилж байхад зээлийн гэрээгээр биш бэлэн мөнгөөр автобусаа авах болсон нь сайн хэдий ч гэрээг цуцалж, төдөлгүй Түгжрэлийн сайдтай болж “ногоон автобусны будилаан” гарч ирсэн нь хамгийн харамсалтай юм. Өөрөөр хэлбэл, эднийхтэй л нийлүүлэлтийн ажлаа төвөггүй дуусгасан бол нийслэлчүүд бид дулаан тав тухтай нийтийн тээвэртэй болчих байсан.  
Тухайн үед юу болсон бэ гэхээр хотод мөнгө урьдчилгааны 60 тэрбум төгрөг л байсан. Үүнийгээ урьдчилгаанд өгөөд 500 автобус авах байсан, үүний 380 нь дизель хөдөлгүүртэй, 120 нь цахилгаан автобус байхаар төлөвлөж, “Голден драгон бус”-аас 224 автобус автобус авахаар гэрээ хийсэн. Гэтэл Засгийн газраас түгжрэлийг бууруулах төсвөөс хөрөнгө мөнгө гаргаж тус компанид урьдчилгаанд өгөөд байсан 60 тэрбум төгрөгтөө л автобус авахаар болж хамтын ажиллагаагаа дуусгаад “Daewoo”-ийнханд залилан мэхлүүлж Вьетнамын нэг “амбаарт” угсарсан засвар замааск дүүрэн ногоон автобус гэгчийг авчирсан гашуун түүхтэй.

Нэгэнт АТГ-аас яллагдагчаар татагдаад Прокурор руу явуулчихсан “Түгжрэлийн” анхны сайдын хэргийг олон нийт мэдэж байгаа тул хойш тавья. Харин тухайн үед бид ямар сайн гэрээг цуцалсан бэ, одоо ямар автобус авах гээд байна гэдэгт анхаарлаа хандуулцгаая. Цуцалж байгаад ногоон автобус руу урвасан гэрээний тухайд “Golden Dragon Bus” компани өнөөдрийн байдлаар автобусны борлуулалтаараа 2-рт явж байна.

Миний өмнө хоёр гэрээ байна. Эхний гэрээ 2022 оны 10 дугаар сарын 11-нд хийгдсэн зээлээр худалдан авах гэрээ. Нөгөө нь 2022 оны 11 дүгээр сарын 10-нд хийгдсэн бэлэн мөнгөөр буюу үнэ нь хямдарч худалдан авалтыг хийх тухай нэмэлт гэрээ юм.
Нэг талаас НЗДТГ, нөгөө талаас “Шиамень голдер драгон бус” компани харилцан тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан “Нийтийн тээврийн автобус худалдан авах” 03/02 дугаартай үндсэн гэрээнд 173 сая 010 мянга 870 юаньтай тэнцэх төгрөгөөр нийлүүлэхээр үнийн санал ирүүлснийг захиалагч хүлээн зөвшөөрч хоёр тал гэрээ байгуулсан байдаг. Үүнд гэрээний үнэ 62 сая 841 мянга 856 юаньтай тэнцэх төгрөг болж хямдарч өөрчлөгдсөн.
Мөн гэрээний тусгай нөхцлийн 7-р зүйлд заасан “Урьдчилгаа төлбөр 34 сая 602 мянга 174 сая юаньтай тэнцэх төгрөгийг нийлүүлэгч хүлээж авсны дараа холбогдох материалыг худалдан авч эхэлнэ гэснийг өөрчилж 2022 оны 4 дүгээр улиралд 24 сая 226 мянга 211 юаньтай тэнцэх төгрөгийг шилжүүлснээр нийлүүлэгч холбогдох материалыг худалдан авч эхлэхээр болгосон. Цаашилбал, “үлдэгдэл төлбөрийг 2 жилийн хугацаанд санхүүжилтийн хуваарийн дагуу төлнө” гэснийг “2 дахь төлбөрийг гэрээний хавсралтад заасан тоо хэмжээний дагуу бүрэн гүйцэд үйлдвэрлэгдэж дууссаны дараа төлнө. 3 дахь төлбөрийг хавсралтад заасан тоо хэмжээний дагуу Монгол Улсад бүрэн гүйцэд хүлээн авсны дараа төлнө гэж өөрчилсөн.
Тэгэхээр зээлээр бол 173 сая юаниар авах байсан автобусыг бэлэн мөнгөөр худалдаж авахаар болсон учраас 62.8 сая юаниар авахаар болгож гэрээг өөрчилсөн. Энэ нь орон сууцыг зээлээр авах үнээс бэлэн мөнгөөр авах үнэ арай хямд байдагтай л ижилсгэж ойлгож болох ойлголт болохоос зарим хэвлэлээр бичсэнчлэн ашиг унацын хэмжээ огт биш гэдгийг энд тодотгон залруулах ёстой.

“Голден драгон бус”-ын нийлүүлсэн автобус нь өнөөдрийн байдлаар хийсэн үнийн судалгаанаас харахад хамгийн хямд байгаа юм. Гэхдээ энд аваагүй цуцалсан “Daewoo”-ын ногоон автобусны үнийг оруулаагүй байна. Тэр ногоон автобус бол Евро-2 мотортой, хуучин арал ашиглаж хийгдсэн капитал засварт орсон эд. Үнэ нь 370 гаруй сая төгрөгөөр үнэлэгдсэн, гэтэл “Голден драгоны бус”-ын автобусыг аваагүйгээрээ бид нэг автобус тутмаас 100-150 сая төгрөгийн үнийн зөрүүний хувьд хохирол амссан. Иймд энэ гашуун туршлага, гэмт үйлдлийн дараа, одоо нээх тендер зөв шударга байж, евро стандартад нийцсэн, нийслэлчүүдийг ая тухтай зорчуулах сайн худалдан авалт хийнэ гэдэгт найдаж хүлээх л үлдэв бололтой. Харин олон нийтийн тавих хяналт чангарч, хуулийн байгууллагынхны “нүд чих” илүү сонор соргог байх ёстойг сануулахад илүүдэхгүй биз ээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)