Д.Янсанжав: Баянгол дүүргийн 4-р хорооны байр барих хөрөнгийг нийслэлийн 2024 оны төсөвт суулгаж өгнө үү
- 2023-11-22
- Улаанбаатар
- 0
Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотын 2024 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулах, тэдний санал, хүсэлтийг тусган боловсруулах зорилгоор “Нийслэлийн төсөв-2024” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр болсон бөгөөд хэлэлцүүлэгт нийслэлийн харьяа байгууллагын удирдлагуудаас гадна есөн дүүргийн иргэдийн 230 орчим төлөөлөл оролцож, асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлсэн юм.
Энэхүү хэлэлцүүлэгт Баянгол дүүргийн 4-р хорооны иргэн, Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Янсанжав оролцож, хороондоо тулгамдаж буй асуудлаа хэллээ. Тэрбээр:
“Баянгол дүүрэг 25 хороотой байсныг төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулах чиглэлээр зохион байгуулалт хийж өнгөрсөн онд 34 хороотой болгосон. Энэ бол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон холбогдох албаны хүмүүсийн иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах чиглэлээр хийсэн зөв зүйтэй ажил болсон гэж иргэд бид үнэлдэг. Манай 4-р хорооны тухайд мөн энэ зохион байгуулалтад орж хоёр хуваагдсан. Үүнтэй холбоотойгоор 4-р хороо маань одоо өөрийн гэсэн байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Мөн Өрхийн эрүүл мэндийн төв байхгүй. Иймд 4-р хорооны оршин суугчийн хувьд санал хэлэхэд манай хорооны нутагт байдаг 20-р сургуулийн сургуулийн баруун хойд талд хорооны байр барих боломжтой газар байдаг. Иймээс холбогдох албаны хүмүүс дээрх газар дээр очиж танилцаж өгнө үү. Мөн Дүүргийн Засаг дарга манай хорооноос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч учраас энэ газрын асуудлыг надаас илүү мэдэж байгаа. Иймд та бүхэн хамтран энэ асуудалд анхаарал хандуулж, 2024 оны Нийслэлийн төсөвт суулгаж өгнө үү. Хэрэв хөрөнгө, санхүүжилт батлагдаад БГД-ийн 4-р хорооны барилга баригдчихвал оршин суугчид бид төрийн болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэх юм” гэв.
Сэтгэгдэл (0)