“Цахим дайснууд”-ыг ялах хуультай болтол “Тэд” Монголоос хэр ашиг олохыг таашгүй
- 2023-11-23
- Нийтлэл
- 0
…Залилагч багийнхан дансны орлого зарлага, банкны мэдээллийг хакердаж, үүнд үндэслэн тухайн хүнд тохирсон арга хэрэглэнэ. Зээл өгнө, худал мэдээлэл илгээнэ, хааяа мөнгө хожуулж дасгана. Тэд чиний хожихоос айхгүй, тоглохоо болихоос чинь л айна…
Хэдүүлээ “мөрийтэй тоглоом” гэдэг шинэ дайсантай болоод удаж байна. Үүнтэй найзалсан хүмүүсийн амьдрал орвонгоороо сүйрч огт тоглоогүй ч энэ тоглоомд хүсээгүй байхдаа бооцоо тавьчихсан мэтээр луйвардуулаад ч нэлээд хугацаа өнгөрлөө. Эхлээд одоо мөрдөж буй Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэдэгт ямар хэмжээнд энэ гэмт хэргийг заасныг харцгаая.
Энэ хуульд “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол” гэж заасан байдаг юм байна. Тэгвэл өнөөдөр Монголд ямар төрлийн “ашиг олох”, “аз турших” тоглоомууд орж ирсэн бол?
Хамгийн түгээмэл тархсан төрлийн мөрийтэй тоглоомуудын нэг нь фэйсбүүкээр гишүүн элсүүлэх зарчмаар ажилладаг покерийн клуб болон “клуб” нэртэйгээр 2000 гаруй идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа клубууд байна. Эдгээрээс “x-poker” болон “pokerrrr 2” зэргийг онцлон нэрлэж болно
Эдгээр клубууд хэрхэн ажилладаг вэ? ОХУ болон БНСУ-аас покер болон слот машины зориулалттай вэб сайт худалдан авах болон түрээслэн ажиллуулдаг. Бүр “Topaz poker”, “Royal casino” гэдэг нэртэй вэбсайт, янз бүрийн хувилбараар байна. Нэрийг нь өөрсдөө зохиочихно, шаардлагатай тоног төхөөрөмж, программ хангамж, хэрэгслээ дээрх хоёр улсаас аваад, Хаан банкны дансуудтай. Topaz poker нь домэйн хаягаар үйл ажиллагаа явуулдаг цахим мөрийтэй тоглоомын платформ юм. Энэ төрлийн мөрийтэй тоглоом тогтмол зохион байгуулж байгаа сайтууд 50 орчим байгаагаас хамгийн том нь “Topaz poker”бөгөөд 1xBet-тэй хамраалгүй аж.
Тэдгээр дансыг монгол хүмүүсээр нээлгэж, дансаар нь орж ирсэн орлогыг гадагшаа шилжүүлэх үйлдлийг хийдэг бөгөөд дансаа “түрээслүүлж” байгаа хүмүүс тодорхой цалин урамшуулал авахаас гадна өөрсдөө дээрх тоглоомд оролцохыг ил тодоор уриалж, тоглоом явуулж байгаа вебсайтыг ч сурталчилж байна. Энэ тохиолдолд Хаан банкны дансны дугаар, фэйсбүүк хаяг, утасны дугаар зэрэг нь интернэт орчинд ил байдаг учраас зохион байгуулагчийг нь олж илрүүлэхэд харьцангуй хялбар байдаг ч хууль эрх зүйн хувьд торгоод өнгөрдөг учир түүнээс ч илүү ашиг олж байгаа хүмүүст тэр асуудал биш. Хүсвэл “Данс түрээслүүлэгч”-ээ солиод дахиад л өөр хүмүүстэй хамтран ажиллана. Монголчуудын цалинг, орлого, амьдралыг тэр чигт нь залгиж байгаа цаад гол эзэд, ашиг хүртэгчдийг харин олж барьж, хорьж, эсвэл хохирсон иргэдийг хохирлыг барагдуулж чадахгүй хэвээр.
Манай улсад хамгийн өргөн тархсан,монголчуудыг хайр, найргүй цөлмөж суугаа дараагийн нэг төрлийн хууль бус үйл ажиллагаа бол цахим казино. Хөзөр, шоо, покер, бакарат, рулет, слот машин зэрэг бүх төрлийн тоглоом агуулсан олон улсын хэрэглэгчдийг хамруулах боломжтой хүчирхэг платформ Монголд ажиллаад удлаа. Үүний нэг нь 1xBet юм.
Тэгвэл 1xBet Монгол Улсад хэрхэн ажиллаж байна вэ?
1xBet нь Олон улсад ашиглагддаг спорт бооцоо болон бүх төрлийн мөрийтэй тоглоом байдаг аппликейшн юм. Үүнд төлөөлөгч /агент/ буюу цэнэглэлт хийж байгаа хүмүүс мөнгөн дүнгийн 2-5 хувийг авч байгаа нь банк бус санхүүгийн байгууллагын олж байгаа ашгаас их байгаа юм. Мөн татвар төлдөггүй. Цэнэглэлт хийгдсэн нийт дүнгийн 90-95 хувийн мөнгө нь гадаад улс руу шилждэг байна. Бүртгэлтэй цэнэглэлт хийж байгаа хүмүүсийг судалбал хэр их хэмжээний мөнгө гадагш гарсанбайдаг ч харамсалтай нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг бүрэн шалгах эрх зүйн зохицуулалт манай улсад байдаггүй аж.
Одоогоор 1xBet.com-д Монгол Улсаас 192 төлөөлөгч буюу agent ажиллаж байгаа бөгөөд олон нийтэд нөлөөлөгч буюу influencer хүмүүсээр сурталчилгаа явуулж байна. Эдгээр нь сүүлийн үед фэйсбүүкээр мөрийтэй тоглоомоо шууд дамжуулдаг болсон. “Ийм хаягаар бид хоёр тоглож байна шүү, ороод ирээрэй” гээд live хийдэг болж. Хэдийгээр тэд үүнийгээ казино биш гэдэг боловч казино гэж нэрлэх бүх элемент, бүх тоглоом нь, шинж чанарууд нь бүрдчихсэн байна гэж хуулийн байгууллагынхан үздэг. Цахим казино эрхэлж байгаа 1xBet -ийнхэн бас тэнэг хүмүүс биш болохоор өөрсдийнхөө хууль бус үйл ажиллагааг далдлах, нүүрэн талын халхавчаа ч сайн хийдэг.
Жишээ нь, Спортын холбоодтой өндөр үнийн дүнтэй гэрээ хийж тоглолтын талбай дээр нь логогоо байршуулах болон сошиал хаягуудаар сурталчилгаа явуулах, баг тамирчдын өмсгөл дээр лого байршуулах замаар сурталчилж байна. Фэйсбүүк хаяг, Хаан банкны дансаа зарлаад, холбоо барих утасны дугаараа тавиад яг л хууль ёсны бусад ААН шиг үйл ажиллагаагаа явуулдаг.
Казиногийн хувьд Монголд албан ёсны данс, хаяг байхгүй. Гэхдээ хувь иргэд буюу агент гэгдэх хүмүүс дансаараа мөнгийг нь шилжүүлж өгдөг. Үүнийг л Монгол Улсад таслан зогсоохын тулд мөнгөн урсгалыг нь таслах, гадаад улс руу мөнгө шилжүүлэхийг нь зогсоох, наад зах нь дансаа ашиглуулж байгаа хүмүүсийн дансыг хаах, дансаа түрээслүүлэхийг хуулиар хаах арга хэмжээ авах шаардлага тулгараад байна.
Угтаа мөнгөн хохирлын их, багаар нь ялгаварлах бус үйлдэл нь казинотой ижил байгаад асуудал байгаа юм.
Тэнд хэр хэмжээний мөнгө эргэлддэг вэ?
“Халхавч” буюу покер тоглуулж буй нэг хүний данс, нэг агентын дансаар эргэлдсэн мөнгийг харьцуулаад үзэхэд хоорондоо нэг их зөрүүгүй байгааг дансны хуулгаас нь харж болж байна. Ингээд одоогийн байдлаар 1xBet.com болон ийм нэрийн бусад хувилбар бүхий вэб сайтад нийт 192 хүн бүртгэлтэй байна. Дээр дурдсан 192 төлөөлөгчийн дансны мэдээлэл болон утасны дугаар гэх мэдээллүүд олон нийтэд ил харагдаж байгааг царцаах, мөн энэхүү мэдээллээр илэрхийлэгдсэн тодорхой баримтуудыг хүргэе.
Дээрх покер тоглуулж байгаад баригдсан 2715 дансны 4.6 тэрбум төгрөгийг царцааж байсан бол 1xBet-тэй холбоотой 192 төлөөлөгч буюу агент тус бүрдээ дор хаяж 3 данстай гэж үзвэл нийтдээ 600 орчим данс байгаа гэсэн тооцоолол гарчээ. Жишээ нь BET Tips with BUYANAA фэйсбүүк группийн админ гэх иргэн Б-ийн дансанд 2021 оны 4-р сард 4.8 тэрбум, 5-р сард 6.7 тэрбум, 6-р сард 5.1 тэрбум төгрөг тус тус данс руу нь орж гарсан хуулга энд байна.
Нэг сарын дотор эргэлдсэн мөнгө гэхээр хэвийн гүйлгээнээс анхаарал татахаар байгаа биз? Гэтэл 1xBet-ийн агентынх болохоор гүйлгээ тус бүрийн хэмжээ бага боловч олон хүний гүйлгээ гэдгээрээ дээрхээс өөр. Мөн өнгөрсөн 2022 оны байдлаар 1990 онд төрсөн иргэн Х гэх бүсгүйн дансанд 47 тэрбум төгрөг орж гарсан бөгөөд энэ данс нь дээрх 192 агентын нэг учраас дансны олон утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл нь нээлттэй харагддаг.
Ер нь Монголд казино байгуулж болох уу? Байгуулсан тохиолдолд хэн үйлчлүүлэх вэ? Мэдээж голдуу хятадууд тоглож таарах биз. Болгоомжлох зүйл олон. Гэтэл монголчууд маань хил даваад Солонгос, Америкийн казинод тоглоод байна. Харин одоо Оросоос, Солонгосоос, хаанаас ч 1xBet тоглож болдог, мөнгөн шилжүүлгийг нь хийдэг агентууд цалинжаад ажиллаж байна. Үүнийг хянах, хууль хэрэгжүүлэх цагдаа нь ч, хууль тогтоогчид нь ч тоглоод байхыг хэн байг гэхэв?
Одоогоор цагдаагийн байгууллагынхны ажиллагаанаас харахад клубын зохион байгуулалттай болон фэйсбүүк группийнхний мөрийтэй тоглоомыг эрхбиш монгол хүмүүс ажиллуулдаг, бас ч гэж Монгол Улсад үйлчилдэг хуультай болохоор хянаж болоод байгаа бололтой юм. Эдгээрт хүн ажиллуулахгүй, цахим, гэхдээ Хаан банкны дансаар хянагдаад байдаг. Тиймээс ч Хаан банкны 2000 гаруй дансыг битүүмжлэхэд 4 тэрбум гаруй төгрөгийг хязгаарласан байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.
Саяын баригддаг хоёр цагдаагийн хувьд Монголын Эрүүгийн хуульд хамаарах төрлийн тоглоомтой холбогдолтой учраас баригдсан. Харин хэрэв тэд 1xbet-тэй холбоотой бол түүнийг нь яаж илрүүлэх вэ гэдэг нь “асуудалтай”. Үүнд хоёр зүйлийг зайлшгүй хаах шаардлагатай байгаа юм. Юуны өмнө мөнгө гадагш нь, гадаад дахь компанид дамжуулж байгаа агентын дансыг хаах шаардлагатай. Учир нь агентууд лимиттэй байлаа ч түүнд хүргэхгүйгээр тогтмол гүйлгээг олон удаагийн давтамжтай хийж болоод байна. Жишээ нь саяхны баригдсан, данс нь царцаагдсан покерчид 20 сая төгрөгт хүргэхгүйгээр мөнгөн шилжүүлэг олон удаа хийгээд байсан. Олон давтамжтай гүйлгээг ч мэдээлэх шаардлагатай.
Түүнчлэн бусдад дансаа түрээслүүлэх зэрэг амар хялбараар сул мөнгө олох зорилгоор, санаандгүй байдлаар цахим залилангийн хэрэгт холбогдогч болох магадлал өндөр байгааг сэрэмжлүүлэх нь зүйтэй байх. Жишээ нь фэйсбүүкийн зараас “Хаан банкны данс түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу нууц үгээ өгсөн. “Хаан банкны нууц үгүүдээ өгөөд сар бүр 1 сая төгрөг авах уу” гэхээр нь тэгье гээд нууц үгээ өгчихсөн, ингээд сар бүр 1 сая төгрөгийн нэмэлт орлоготой болсондоо баярлаад явж байсан. Ямар зорилгоор ашигласныг огт сонирхоогүй гэж ярьсан байгаа юм. Энэ үйлдэл нь тухайн иргэний дансаар гэнэт огцом буюу сарын дотор хэт олон давтамжтайгаар гүйлгээ хийгддэг болсон нь анхаарал татсан байдаг. Тиймээс мэдээлэлгүй иргэд санамсар болгоомжгүйгээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох магадлал өндөр байдаг аж.
Үүнийг яаж хязгаарлаж зогсоож болох вэ?
Хамгийн их хэрэглэгчтэй “хүүхэд, хөгшидгүй” тоглох болсон, дээр нь спортоор халхавчлан сурталчлагддаг, хамгийн өргөн хүрээг хамардаг, олон сонголттой, наанаа цэвэр мэт, агентууд нь мөн л хаяг, дансаа ил зарладаг боловч цаанаа казиногийн бүх шинж бүрэн агуулагддаг 1xBet-ийн талаар анхаарахгүй өнгөрч болохгүй юм. Энд яагаад цагдаагийнхан ажиллагаа хийхэд хүндрэл учирдаг вэ гэхээр монгол зохион байгуулагч нь тодорхойгүй, Монголд байдаг эсэхийг ч бүү мэд. Уг нь хамжигч, оролцогч, хамтрагч юу байдаг юм бэ бүгд л монголчууд байгаа нь тодорхой. Тиймээс хамгийн их мөнгө эргэлддэг энэ төрөл дээр хангалттай ажиллахгүй байгаа мэт хардлага төрөөд байгаа нь нууц биш юм.
Төгсгөлд нь цагдаагийн байгууллагаас зөвхөн 2023 оны байдлаар илрүүлээд байгаа цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 13 томоохон бүлэг хэргүүдийг илрүүлэн шалгаж зарим хэргийг прокурорын байгууллагад шилжүүлэх буюу шүүхээр ял шийтгүүлээд байгааг дараагийн дугаарт мэдээлэх болно.
Жишээ нь БНХАУ-ын иргэн Силень хочит Dong Xiaozhing-ийн хууль бус үйлдлийг тогтоох чиглэлээр түүний хамаарал бүхий этгээдүүд, ААН-үүдэд Татварын ерөнхий газартай хамтран хяналт шалгалт явуулж 1.4 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн байж болзошгүй тул Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа аж.
БНХАУ-ын иргэн Баатар хочтой Фү Пинг гэгчийн дансны мэдээллийг Хаан банкнаас гаргуулан авч дүн шинжилгээ хийж ажиллахад Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн биеийн тамирын багшаар ажилладаг Т-ын данс руу 18 удаагийн гүйлгээгээр 350 сая төгрөг шилжүүлэн, 21 удаагийн гүйлгээгээр 1.4 тэрбум төгрөг буцаан авсан болох нь тогтоогдсон. Багш Т нь 1xBet бооцоод тоглоомын агент хийдэг бөгөөд арилжааны банкуудад эзэмшдэг дансны хуулгаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацааны мэдээллийг гаргуулан авч шалгахад 2021онд 7.5 тэрбум төгрөгийн орлого орж 7.4 тэрбум төгрөгийн зарлага гарсан.
Тэрбээр мөрийтэй тоглоом зохион байгуулдаггүй бөгөөд 1Xbet аппликэйшнийг ашиглаж бооцоо тавьж байгаа иргэдийн мөнгийг өөрийн дансаараа авч цэнэглэлт хийж 2 хувийн ашиг авдаг болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.
Үүнийг углуургаар нь шийдэхийн тулд хамгийн түрүүнд хийгдэх ёстой ажил нь Эрүүгийн хуулийг хэрэглэхэд ялгамжтай хандаж болоод байгаа нөхцлийг нь адилхан болгох нь чухал болов уу. Өөрөөр хэлбэл, зохион байгуулагч нь заавал олдож байж шийдвэр гаргах болчихоод байна шүү дээ. Гэтэл зохион байгуулагч нь олдохгүй байгаа ч гэсэн тэдэнд туслаад гэх үү, оролцож хамжаад байгаа үйлдэл нь байгаад байхад гэмт хэргийн бүрэлдэхүүн бүрдсэн гээд үзчихдэг болчихвол дундах бэрхшээл арилчих юм биш үү гэсэн бодол төрж байна.
Нийтлэлч У.Оргилмаа
Сэтгэгдэл (0)