Жендэрийн өөрийн үнэлгээний салбар хэлэлцүүлгийг зохион байгууллаа
- 2023-11-23
- Улс төр
- 0
Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний Жендэрийн өөрийн үнэлгээний салбар хэлэлцүүлэгт “Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл товч танилцуулга хийлээ. Тэрбээр, Монгол Улс Азийн бүсэд эмэгтэйчүүддээ улс төрийн эрх олгосон анхны орон гэдгийг тэмдэглэсэн.
Монгол Улсын парламент 1992 онд анх удаа 4 эмэгтэй гишүүнтэй болсон түүхтэйг дурсаад, хэдийгээр УИХ 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн эмэгтэйчүүдийн квотын 30 хувийг цуцалсан ч 2028 онд 40 хувь болгох шийдвэрийг гаргуулж чадсан нь том амжилт хэмээлээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Улсын Бага хуралд 50 гишүүн сонгогдсоноос 2 нь эмэгтэй байсан. 1992 оноос хойш УИХ-ын 8 удаагийн сонгуульд 577 эмэгтэй нэр дэвшснээс 65 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдсон тоо бий. Нийт хүн амын олонхыг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэд нийт сонгогчдын 51 хувийг бүрдүүлдэг, улс төрийн өндөр идэвхтэй. Бүх салбар тэнцвэртэй, тогтвортой хөгжихөд саад болж буй зүйл нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо юм. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн зүйл, заалтыг авч хэлэлцэхгүй байна. 1992 оноос хойш УИХ-ын даргаар 12 хүн ажилласнаас УИХ-ын даргаар нэг ч эмэгтэй сонгогдоогүй. Харин дэд даргаар 2 эмэгтэй ажилласан. Манай парламентын 30 гаруй жилийн түүхэнд анх удаа Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайхан гэж эмэгтэй томилогдон амжилттай ажилласан. Тэр хүн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр саяхан томилогдсон. Цаашид ч Ерөнхий нарийн бичгийн даргаар эмэгтэй хүнийг томилох асуудалд анхаарал хандуулна. Нийт залуучуудын хүн амд эзлэх хувь өндөр хэдий ч жендэрийн мэдлэг, ойлголт муу. Эрэгтэй улс төрчдийн жендэрт хандах хандлага, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн хандлага ч тийм. Ялангуяа эмэгтэй улстөрчдийг илүү гоочилдог. Жишээлбэл, өөртөө тохиолдсон кэйсийг дурдаж болох юм. Энэ асуудалд Жендэрийн үндэсний хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албан зөвлөл зэрэг байгууллагын оролцоо ч тааруу байгаа. Учир нь томилгоогоор барьцаалагдсан учраас хөдөлж чаддаггүй хэмээн шүүмжилсэн.
Тэрбээр, Үндсэн хуульд Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийснээр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог баталгаажуулсан бөгөөд үүнээс 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар сонгохоор хуульчилсан. Жагсаалтыг 1:1 байхаар сонгуулийн хууль тусгасан нь парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломж, дэвшил гэж үзэж байгаа хэмээн танилцуулсан.
Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд, Тамгын газрын ажилтнууд, ОУПХ, Жендэрийн хөтөлбөр, Жендэрийн үндэсний зөвлөх, холбогдох төрийн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл бүхий оролцогчдоос “Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд асуулт асууж, жендэрийн үнэлгээг явуулав.
"Хүйс харгалзахгүй харилцан ойлголцож, нийгмийн харилцаанд оролцох хэрэгцээ шаардлага байна. Бусад улс орны сайн туршлагыг нэвтрүүлэх, сонгогчдын олонх нь болох залуучуудад ойлголт, мэдээлэл өгөх, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлснээр нөлөөлөх, улстөрч эмэгтэйчүүд хуйвалдаанд оролцдоггүй зэрэг судалгааны дүнг танилцуулах, эмэгтэйчүүд улс төрд оролцоход санхүүгийн хувьд ижил гараанаас оролцох, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, мэдлэг, туршлагаараа өрсөлдөх, үнэлэх үнэлэмжийг бий болгох шаардлагатай" гэсэн байр суурийг УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа илэрхийллээ.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг жил бүр УИХ-д өргөн барьж байгаа. 6 удаагийн илтгэлд жендэрийн асуудлыг тусгаж, санал хүргүүлсэн. Харамсалтай нь бидний өргөн барьсан илтгэлийг хэрэгжүүлдэггүй. ХЭҮК-ын санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх, УИХ-ын тогтоолд тусгуулах зайлшгүй шаардлага байна гэв.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Төрийн албаны зөвлөл жендэрийн асуудлаар хуулиар хүлээсэн үүрэгтэй. Мэдээлэл, статистик ҮСХ-ны сайтад гарсан байдаг учраас өнөөдөр дурдагдсан илтгэлийн дагуу ашиглаад яваарай гэж зөвлөе. Жендэрийн үндэсний тайланг олон байгууллагын төлөөллийг оролцуулан бэлтгэдэг нь үр дүн авчирч байна. Төрийн албаны зөвлөл бичмэл тайландаа ч хүний эрх, жендэрийн квот биеллээ олоогүйг бичдэг. Биеллээ олох нь бага байна. Парламентын цаадах төрийн албаны зөвлөл, Тамгын газар шинэ гишүүдийг өлгийдөж аваад сургалт явуулдаг бол лобби хийдэг асуудал алга болох байх. Намын бүлгүүд өөрсдөө жендэрийн мэдрэмжтэй байж, анхааралдаа авах, жендэрийн мэдрэмжтэй парламент болохын тулд хуралдааны дэгд үг хэлэх гишүүдийн хүйс, дараалал ямар байх зэрэг оролцоог тооцдог байх. Парламентад эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх чухал. Үүнд сонгогчийн боловсрол, намуудын, улстөрч эмэгтэйчүүдийн манлайлал нөлөөтэй байдаг. Жендэрийн квот УИХ, Засгийн газар, ИТХ зэрэг удирдах түвшинд биелэгдэхгүй байна гэсэн юм.
УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ахлах зөвлөх Ц.Норовдондог, хийсэн судалгаануудын дүнд үндэслэн мэдээлэхэд парламентад эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхдээ төрийн албанд туршлагажсан, мэргэшсэн албан хаагчдаас түлхүү оруулбал үр дүнтэй. Төрийн албан хаагчын эрхийг хязгаарласан заалт нь сонгуулийн хууль тогтоомж дахь зохицуулалт байдаг. Нэр дэвшихийн тулд хагас жилийн өмнө ажлаа хүлээлгэн өгөх ёстой гэсэн заалт нь хүний эрх зөрчиж байгаа талаар Өлзийсайхан нар Үндсэн Хуулийн цэцэд гомдол гаргаж байсан удаатай. Энэ заалт байгаа цагт өнөөдрийн асуудал байсаар байна гэж судлаачийн хувьд үздэг гэсэн юм. Ийнхүү хэлэлцүүлэг үнэлгээний асуултын хүрээнд үргэлжилж, жендэрийн хэвшмэл ойлголтыг багасгахад улс төрийн намуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, сонгуулийн хууль тогтоомжийн шинэчлэлээр хүйсийн квотыг нэмэгдүүлсэн дэвшилттэй заалтууд тусгасан нь сайшаалтай ч төрийн захиргааны төв байгуулагуудын удирдлага, гишүүдийн томилгоонд квотоо баримталдаг байх, сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн тэнцвэрийг хангахад анхаарах шаардлагатай гэсэн саналыг оролцогчдоос гаргасан юм. Жендэрийн үнэлгээний хэлэлцүүлэгт оролцогчдын 36 хувь нь эрэгтэйчүүд байгааг чиглүүлэгч онцлоод хэлэлцүүлэг маргааш (2023.11.23) хүний эрх, жендэрийн үнэлгээгээр үргэлжлэхийг сануулснаар өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)