Бүгд Найрамдах баяр

СССР-ХЯТАДЫН ГЭРЭЭГЭЭР МОНГОЛ УЛС ҮГҮЙ БОЛОВ

1924 оны гуравдугаар сарын дунд гэхэд Зөвлөлт Оросын талаас Лев Карахан, Хятадын талаас Гү Вэйжунь нар албан ёсны бус тохиролцоонд хүрлээ. Гэрээний гар нооргийн 5 дугаар зүйлд Зөвлөлт Орос нь Гадаад Монголыг Дундад Иргэн Улсын салшгүй нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч байгаа ба Гадаад Монгол дахь Хятадын суверенитетийг хүндэтгэн үзэхээс гадна өөрийн цэргээ тун удахгүй Монголын нутгаас гаргахаа амласан байна. Ингээд 1924 оны тавдугаар сарын 31-нд Дипломат харилцаа тогтоох болон Зөвлөлт-Хятадын харилцааны зарчмуудын тухай СССР, ДИУ-ын хэлэлцээрт Карахан, Гү нар гарын үсэг зурлаа.

Тэр үедээ л зөвлөлтүүд Монголыг Бүгд Найрамдах Улс болгон тунхаглахаар нэгэнт шийдсэн бололтой. Бээжинд гарын үсэг зурахаас яг 10 хоногийн өмнө 1924 оны тавдугаар сарын 20-нд VIII Богд хаан Нийслэл хүрээнээ таалал төгсөв. Цаг давхцсан энэ үед Монголыг Хятадын салшгүй нэг хэсэг гэсэн Бээжингийн хэлэлцээр ба Бүгд Найрамдах Улс болгон яаралтай өөрчлөх шаардлагын үүднээс үхэв бололтой. 

Богд хаан нас барснаас ердөө арав хоногийн дараа Бээжинд Караханы хэлэлцээрийг баталгаажуулж гарын үсэг зурсан. Хэрэв Гадаад Монгол нь тусгаар улс биш, Хятадын сюзерен юм бол хаантай байх ёсгүй. 1915 оны гурван талын хэлэлцээний үеэр Гадаад Монголыг Хятадын сюзерен гэж хүлээн зөвшөөрсөн мөртөө өөрийн хаантай байлгана гэсэн маргаанд хятадууд маш их эмзэглэж байсан. Эцэст нь оросуудын зөвшөөрсөн, хятадуудын шахсаны үндсэн дээр Богд Жавзандамба нь Монголын хаан биш повелитель болж дууссан билээ. Эндээс Монгол нь өөрийн хаантай байх байхгүй асуулт нь хятадуудын хувьд зарчмын асуудал юм. 

Зөвлөлтүүд хоёр нүүртэй тоглоомоо хэрхэн гүйцэтгэж байсныг тэр үеийн Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн хувийн тэмдэглэлээс харж харьцуулахад нэн сонин.

1924.6.8. Орос Элчин сайд ирж Орос-Хятадын гэрээг нэгэнт баталсан, танай Монголыг Хятадын нэгэн хэсэг газар болгов хэмээсэн боловч хоосон нэр болно. Танай засгийн одоогийн байдал хэвээрээ. Хятадаас губернатор ба түшмэл цэрэг суухгүй тул танай Монгол татгалзах хэрэг огт үгүй. Монгол-Орос хоёрын найрамдал хуучин хэвээр буй хэмээх зэргийн үгсээр ихэд ятган хэлэв[1].

Зөвлөлт-Хятадын хэлэлцээрийн дараа үнэндээ ч Монголыг бүгд найрамдах засаглалтай болгоход ядаад байх юм байсангүй. Зөвлөлт Оросын Бүрэн эрхт төлөөлөгч Васильев: “Та нар бүгд найрамдах засаг байгуулбал Коминтернийг баярлуулна” гэж хэлсний нөгөөдөр л МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар Монголыг бүгд найрамдах улс хэмээн зарлахаар шийдвэрлэв. Ингээд зургадугаар сарын 7-нд хуралдсан Төв Хорооны бүгд хурлаар Богдын тамгыг хурааж Засгийн газарт хадгалах, парламентын бүгд найрамдах улсыг байгуулах, улсын баярыг долдугаар сарын 11-нд тэмдэглэж байх, “Олноо өргөгдсөн он” гэдгийг Монгол улсын төддүгээр он гэж онцлон нэрлэж байх шийдвэр гаргалаа. 

Өөрийнх нь үзэл бодлыг дэмждэггүйгээр барахгүй илэрхий эсэргүүцэн үзэл онолоо сөргүүлэн тавьдаг Монголын удирдлага Ринчинод төдийлөн хэрэг байсангүй. Иймээс Данзан хэмээх “капиталист элементийн төлөөлөгчийг” дарж авахын тулд тэрээр холбоотон хайсан байна. Төв Хорооны тэргүүлэгч гишүүн Ц.Дамбадорж энэ үүрэгт тун зохиж байлаа. 

Намын III их хурлын өмнө Данзан Ринчино нарын тэмцэл хурцдахын цаагуур хурцадсан ба Бүх цэргийн жанжин маань Хүрээний намын гишүүдийг цуглуулж хийлгэсэн нэгэн хуралд “Элбэгдорж бол Оросын суулгасан төрийн хутгуур, Элбэгдорж бол хувьсгалын эсэргүү эзэрхэг харгис дарангуйлагч этгээд юм байна. Намайг Элбэгдорж зайдалж байна. Элбэгдорж өнөөдөр намайг тонилгоод маргааш Та нарыг тонилгох болно” гэж хэлсэн нь[2] хэдийгээр уурласан хүний давчидсан үг авч хожмын түүхээр авч үзвэл аргагүй үнэнийг зөгнөсөн мэт. 

Намын их хурал бараг л тэр хоёрын хоорондын хэрүүлийн тоглолт болжээ. Ринчиногийн дэвшүүлсэн “Монголын хувьсгалын ирээдүй цагийн төлөв” гэсэн нэртэй капитализмыг алгасуулах 6 зүйлт сэдвийг өшт Данзан нь шууд эсэргүүцэж “Өнөөдөр манайд өөрийн хөрөнгөтөн (тэмцээд байх?) байхгүй учир энэ нь одоо хэлэлцэх зүйл биш. Эрмэлзэх 10 зүйл бол Ринчино нарын зэрэг хүнээс шинэ зүйлийг нэмэн гаргасан төдийгөөр өөрчилж болох тийм амар зүйл бишээ” хэмээсэн Данзангийн басамжлангуй дуу танхимд хадахад Ринчино шурхийн гарч одон, туслах хүчин болсон МХЗЭ рүүгээ гүйжээ. Коммунист үзэлд тархи нь эргэсэн залуучууд уухайлан дайрч очоод Данзангийн хамсаатан гэгдэх Засгийн газрын нарийн бичгийн дарга Баваасанг барьж авсан төдийгүй өөрсдийнхөө зөвийг батлуулахаар Ерөнхий сайд Цэрэндоржоос асуувал цаадах нь нэлээд зориг гаргасан бололтой “Та нар залуу улс байна, эрх хэмжээнээсээ хэтэрсэн зүйл хийх ёсгүй, мэдэхгүй юмаа бүү хийж бай. Монгол улсаа бодох хэрэгтэй. Орос, буриад нарын үгийг сохроор битгий дага… Элбэгдоржийн юу хэлснийг сохроор дагаж, юм болгонд түүнд итгэж болохгүй”[3] хэмээн төрийн хашир хүний хувьд сургамжилсан байна. 

Их хуралд Ринчиногийн хамсаатан Дамбадорж “Жанжин Данзанг барихыг Элбэгдоржид даалгах хэрэгтэй” гэснээр Данзан хууль эрхийн хувьд Ринчиногийн гарт бүрэн оржээ. Ердөө 24 цагийн дотор Данзанг баривчлан Баваасангийн хамт Шар хадны өвөрт аваачин буудаж хороолоо. Харин их хурлын гишүүдэд хэрхэн гүйцэтгэсэн ба ямар учраас чингэсэн болохыг Зөвлөлтийн Бүрэн эрхт төлөөлөгч Васильеваас их хуралд төлөөлөгчдөд тайлбарласан нь: 

Дэг журамгүй явдал мэдэгдмэгц нь бид эзэн хүний ёсоор засч залруулж дэг журмыг сахиуллаа. Учирч тохиолдсон явдлаас бүү айгтун. Та нар их зөв юм хийлээ… Олон хүнийг бүрэлгэхгүйн тулд нэг хоёр хүнийг тонилгох хэрэгтэй болдог удаа хааяа тохиолддог юм. Та нарын хийсэн энэ үйл хэрэг Монгол-СССР хоёрын холбоо хэлхээг бэхжүүлэхэд дөхөм болж ач тусаа үзүүлэх болно хэмээн би бодном[4].

УЛСЫН АНХДУГААР ХУРАЛ

Үндсэн хууль шинээр зохиох асуудалд Монголын зарим сэхээтэн ихэд буурьтай хандан ялангуяа өрнийнхний олон Үндсэн хуулийг харж, харьцуулж, монгол хувилбараа гаргах гэж нэлээдгүй мэрийжээ. Шүүх яамны сайд Магсар Хурцаар толгойлуулсан Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг 1922 оны дундуур байгуулжээ. Гэвч үүнээ мөн оныхоо эцсээр татан буулгасан ба гол шалтгаан нь дээрх комисс өөрийн ажиллагаанд “Европын олон улсын хууль дүрмийг харгалзана” гэсэн “буруу” чиглэл баримталсанд оршино[5]. Ингээд эцсийн бүлэгт Москвагийн заавраар, мөнөөх хоёрын “орчуулсан” хуулийг Ерөнхий сайд Цэрэндорж өврөөсөө гаргаж ирснээр асуудал шийдэгдэв. Юу гэвэл 1924 оны аравдугаар сарын сүүлчээр Засгийн газрын 39 дүгээр тогтоол гарч Ерөнхий сайд Цэрэндоржоор толгойлуусан Үндсэн хуулийн төсөл зохиох комисс байгуулсан ба бараг л маргааш нь бэлэн төсөлтэй болчихсон байваа. Учир нь, Москвагаас Петр Всесвятский гэгч ирж Үндсэн хууль зохиосон[6] ба харин орчуулгыг нь мөнөөх Ринчино нар хийсэн бололтой. 

Орос, Зөвлөлтийн нэртэй хуульч, профессор Вселовод Дурденевский Холбоот Орос, Монгол, Тувагийн Үндсэн хуулинд харьцуулсан судалгаа хийжээ. Зөвлөлийн засагт холбоот Орос улсын 1918 оны долдугаар сарын 10-нд батлагдсанҮндсэн хууль, Монгол “ард улсын” 1924 оны арваннэг дүгээр сарын 26-нд батлагдсан Үндсэн хууль,Тагна Тувагийн 1926 оны арваннэг дүгээр сарын 26-нд батлагдсан Үндсэн хууль нь өөр өөр үндэстнийх учир инстүүцийн нэрс нь хоорондоо ялгаатай болохоос үнэндээ нэгнээсээ хуулж орчуулсан яг ижил бичиг баримт юм гэжээ.[7]

Улсын анхдугаар хурлыг 1924 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулав. Төлөөлөгчдөд шинэ Үндсэн хуулийг нь арваннэгдүгээр сарын 24, 25-нд уншиж сонсголоо. Хүмүүс янз янзын юм сонирхон асууж байв. Уншихыг нь Цэрэндорж гүйцэтгэж, гол төлөв Ринчино тайлбарлав. Богдын хойд дүрийг тодруулах эсэх, Нийслэл хүрээний нэрийг солих эсэх, хойшид жасын малаас татвар авах эсэх, далбаан дээр буй соёмбо үсэг ямар учиртай тухай зэрэг зүйлийг төлөөлөгчид сонирхон асууж дарга нарын тайлбарласан дагуу тус тусдаа дажгүй ойлголттой болоод авсны дараа Үндсэн хуулийг гар өргөн батлажээ. Ийнхүү Монгол улс бүгд найрамдах засагтай болсон ба энэ өдрөөс эхлэн албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээжээ. 

БҮГДЭЭРЭЭ НАЙРАМДАХЫН УЧИР

Бүгд найрамдах улс гэдэг бол хятад хэлний gonghe guo гэсэн үгний махан орчуулга юм. Латин хэлний res publica гэсэн үг бол махчилсан орчуулгаараа “нийтийн үйлс” гэсэн утгатай. Гэвч ХХ зууны эхээр Манж Чин улсын хаант ёсыг халаад бүгд найрамдах засгийг явуулахаар эрмэлзсэн хүмүүст энэ нэрний хятад орчуулга туйлын ач холбогдолтой байжээ. Шинээр буй болох засаг гагц хань үндэстэнд төдийгүй Хаант улсад эдүгээ хамаарч буй бусад бүх үндэстэнд, юуны өмнө голлох 5 үндэстэнд хамаатайг ойлгуулахын тулд “бүгдээрээ найрамдана” гэсэн утгыг орчуулганд нь хэргээр суулгаж өгсөн хэрэг. Хятад, монгол, төвд, уйгар, манж гэсэн 5 үндэстэн газар нутгийнхаа хамт шинэ засаг төрд хамааралтай болохыг ийнхүү эхнээсээ сурталдсан цаанаа тийм учиртай. Гэвч эдүгээгийн Хятад хэлний “gonghe guo” ч, монгол хэлний “бүгд найрамдах улс” ч бүхэлдээ төрийн засаглалын нэг хэлбэрийг харуулсан нэр томьёо болон үлджээ. 

Нөгөө нэг сонирхолтой нэр нь “ард” гэсэн үг байна. Ийм албан ёсны нэр томьёо буй болоход оросуудын нэмэр илүүтэй байсан бололтой. Чухам “ард” гэдэг бол сурвалж язгуургүй иргэнийг нэрлэсэн монгол нэр үг. XI зууны үеэс Монголын хаад язгууртнууд өөрсдийгөө тэнгэрээс заяатай гэж үзэн цагаан ястан гэж өргөмжилдөг байсан ба харьяат хамжлага нараа үүнтэй сөргүүлэн хар өнгөтэй холбон харц гэдэг байжээ[8]. Мөн харан гэж ч хэлдэг байсан ба олон хамжлагыг харад гэнэ. Ц.Дамдинсүрэнгийн тогтоосноор аяндаа энэ нь аран, арад болсон аж[9]. Үгийн гарлыг хөөвөл ийм юм. Тухайн хүний сурвалж үүслийг аяндаа илтгэж байгаа болохоос хөрөнгө чинээ, нийгмийн байдал, суурьшил, эрхэлж буй хөдөлмөрийг тодорхойлох боломжгүй. Малчин ард, хотын ард, баян ард, сэхээтэн ард алин нь ч байж болох авч эдний нийтлэг шинж нь тайж язгуургүйдээ байгаа юм. Сүүл рүүгээ ард гэсэн үг нь иргэн гэсэн санааг илэрхийлдэг болсон гэж зарим эрдэмтэд үздэг. 

1919 оны үед автономт засаг унасны дараа чухам Богдын ивээл дор тэр үеийн монголын нийгмийн гурван төлөөлөгчийн бүлэглэл үүссэн нь Ноёдын нам, Түшмэдийн нам, Ардын нам гурав билээ. Энэ дундаас ардын нам илүү идэвхтэй байсан нь үнэн боловч большевикууд дэмжлэг үзүүлэхэд мөнөөх ардын гэдэг үг монголын нөхцөлд пролетари гэсэн үгийг орлож болохуйц байсанд хамаг учир бий. “Арат” гэж Орос хэлэнд монголын малчинг нэрлэх болсон ба мөн ядуулаг гэсэн давхар утгаар хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл ядуу монгол малчин гэхчлэн. Цаашлаад монгол хэлэнд ардын араас түмэн гэсэн үгийг нэмж “ард түмэн” буюу орос хэлний “народ” гэсэн өөр утгыг илтгэнэ. Ийнхүү монгол хэлний ард гэсэн үгэнд ангийн тэмцлийн утга оруулж авсан оросууд Монголд тогтоосон шинэ маягийн бүгд найрамдах улсаа бусдаас ялгахын тулд энэ үгээрээ тодотгол хийлээ. 

ЯДУУ БАЙХ САЙХАН

Чухамдаа ард түмний улс биш, гагцхүү ард гаралтай хэсэгт нь зориулсан улс юм шүү гэдгийг улсын нэрээр бэлгэдсэн төдийгүй Үндсэн хуулийн үг үсэг мөр нэг бүрээр шууд хэлж хуульчилжээ. Нэгдүгээр зүйлдээ “Улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлнэ”, хоёрдугаар зүйлдээ “Улс төр захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийцүүлнэ” гэсэн бол чухам энэхүү жинхэнэ ардад хэн хамаарахгүйг 35 дугаар зүйлд тодотгож “урьдын ван, гүн ба хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан нарт” сонгуулийн эрх олгохгүйгээ ёслол төгөлдөр мэдэгдэн тунхаглажээ[10]. Энэ бол иргэдийн зарим нь улс төрийн эрх огтоос эдлэхгүй гэсэн үг. Ийнхүү шинэ Монголын газар нутагт алив язгууртан болон лам нарт багтах зай байхгүй гэдгийг хуульчлан тунхагласан нь хожим тэднийг аймаглан устгах үйлдэлд зам нээж өгсөн юм. 

Мөн хуулийн 35 дугаар зүйлийн нэг ба хоёрт “Ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжигчид”, “Ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгө хүүлэгчдэд” сонгуулийн эрхийг эдлүүлэхгүй хэмээн хуульчлан зааснаар капиталист үйлдвэрлэлийн харилцаа дөнгөж буй болж байсан Монголд төрж эхэлсэн төлөөлөгчдийг нь шахан зайлуулах төдийгүй, эдийн засгийн ийм харилцаа цаашид хөгжих эрхийг хууль зүйн хувьд хориглон зааснаар үл барам олон хүнийг хоморголон хэрэгт оруулж болох үүд хаалгыг нээжээ. Уг хуулийн 3 дугаар зүйлд “Газар ба уурхай хийгээд ой мод, ус ба мөн тэдгээрийн баялгууд” ардын мэдэлд байх ба энэ тухай хувийн өмч байгуулж үл болно хэмээн зааснаар ерөөс хувийн өмчийг үл зөвшөөрөх тогтоцын эхийг тавьсан төдийгүй хойшид улсын, төрийн, ард түмний хэмээн нэрлэгдэх боловч чухам хэн өмчийн эзэн болох нь тодорхойгүй социалист эдийн засгийн харилцаа гэгч тогтох ёстойг хуульчилжээ. 

ШИНЭ ТӨРИЙН ТОГТОЛЦООНЫ АНАТОМ

Ийнхүү Монгол оронд de jure зөвлөлт маягийн засаг хуульчлагдаж, 70 жил үргэлжлэх учиртай коммунист дэглэм ноёрхож эхэлжээ. Хэрэг явдлыг үнэлж Коминтерний төлөөлөгч Рыскулов төв штаб руугаа илтгэхдээ, “Монгол нь өөрийн бүтцийн хувьд зөвлөлт маягийн улс боллоо[11] хэмээв. Монголын нийгэм дэх нэг хэсгийн ноёрхол нөгөө хэсгийнхээр солигдлоо. 1911 оноос эхлэн Хятадын мэдлээс гарч тусгаар улсаа байгуулах гэсэн монголчуудын хүсэл эрмэлзэл, тэмүүлэл, тэмцлийн нэг үе үүгээр өндөрлөлөө. 

Үндсэн хуулийн дагуу төрийн байгууламжийг тогтоов. Хуулиар улсын дээд эрхийг барих байгууллага нь Улсын Их Хурал (УИХ) юм. УИХ-ын завсар чөлөөнд мөн эрхийг Улсын Бага Хурал (УБХ) барина. УБХ-ын завсар чөлөөнд тэргүүлэгчид нь эрхийг эдлэх ба тус бүр дээш дээшээ тайлагнана. УБХ нь Засгийн газрыг томилно. Эндээс үзэхэд нэг нь нөгөөдөө захирагддаг хоёр шаттай парламент байгаа ба доод танхим нь Засгийн газрыг томилдог бүтэц харагдаж байна. 

Гэхдээ зөвхөн ингэж харагдаж буюу тайлбарлагдаж л байгаа болохоос начир дээрээ огт өөр. Дотор дотроосоо урган гарсан энэ бүтэц гаднаас нь харахад урвуугаа харсан пирамид мэт боловч үнэндээ дээшээ харсан пирамидын зохион байгуулалт гэхээр. Хурал гэдэг үг монгол хэлэнд хоёр утгыг илтгэнэ. Нэгд хурилдай гэдгээс гаралтай эрх барих инстүүцийн нэр, нөгөө нь хэсэг бүлэг хүн цуглаж тодорхой хугацаагаар асуудал авч хэлэлцэх үйл явцын нэр. Хуулинд УИХ, УБХ-ыг төрийн дээд эрх барих инстүүц гэсэн утгаар нь оруулсан мэт боловч нэг хоёр жилд ганц удаа хэд хоногоор цуглаж хууль батлах болон тайлан сонсох нь мөнөөх бөөгнөрч байгаад хуралдах үйлс төдий үүрэг гүйцэтгэж буй хэрэг, хүмүүс ч энэ л утгаар нь ойлгодог байлаа. Иймээс УИХ, УБХ-ыг парламент хэмээн гүжирдэн тайлбарлаж л болохоос бус энэ нь хууль тогтоох байгууллагатайгаа төстэйгөөсөө төсгүй нь их юм. УБХ-аас томилсон Засгийн газар нь эрх биш өдөр тутмын байнгын ажиллагаа явуулдгийн хувьд гартаа илүү их эрх мэдэл төвлөрүүлнэ. 

Гэвч энэ нь Засгийн газар хамгийн хүчтэй гэсэн үг бас биш. Төрийн дээд байгууллагуудын энэхүү бүтэцтэй зэрэгцээд намын яг иймэрхүү бүтэц оршиж байлаа. Дүрэм ёсоороо дээд эрх барих нь намын их хурал, дараа нь их хурлаас сонгосон Төв Хороо, Төв Хорооноос сонгосон Тэргүүлэгч, Тэргүүлэгч дундаас сонгосон нарийн бичгийн дарга, намын дарга гэсэн бүтэц нь мөн л жинхэнэ эрх мэдлийн хувьд өөдөө харсан пирамид хэлбэртэй. Төрийн байгууллага ба намын энэ хоёр бүтцийг зэрэгцүүлэхэд нам талынх нь үргэлж илүү эрх мэдэлтэй байхаар. Бүдүүн тоймоор энэ бол хоёр бүтэц, нам нь дээрээ байх дарааллаар салаавчилсаар нэгдсэн нэг пирамид болж хувирна. Ийнхүү пирамидын оройд Төв Хороо ба түүний Тэргүүлэгчид, дарга тодрох учиртай. Гэвч Төв Хорооны Тэргүүлэгчдийн дээр Коминтерн, ЗХУКН, Монголтой холбогдсон Зөвлөлтийн нам-төрийн бусад инстүүц байгууллагууд гарч ирнэ. Чухам яг ийм бүтэц Монголд 1990 он хүртэл үргэлжлэн тогтсон юм. Энэ бүтцийн дотор ажил алба эрхэлж буй бие хүн аль ч хэсэгт нь давхардаж болдог тул нийт бүтцийг тун ээдрээтэй нарийн болгож өгнө. Гэхдээ төр талын томхон үүрэг гүйцэтгэхийн тулд заавал нөгөөх Төв Хорооны бүрэлдэхүүнд багтсан байх учиртай. Энэ бүтэц хэдийгээр ойлгоход төвөгтэй, логик уялдаагүй зүйл мөн авч хэн нь хамгийн дээр байдгийг тэр үед нь хүмүүс төвөггүй ойлгож байлаа. 

Үндсэн хууль баталсныг тохиолдуулан “индрийн газар” ёслол үйлдэн цэнгэхэд Элбэгдоржийн эхнэр интернационалыг орчуулан дуулснаас гадна төлөөлөгч Баяр, Гонжоон нар тусгай дуу зохион дуулсан нь:

Ээ хө зээ хө, төрийн хэргийг жолоодуулахыг

Төв Хороонд даатгана даа, зээ хө зээ хө зээ

Ээ хө зээ хө, Заасан хуулийг явуулахыг 

Засгийн газарт даатгана даа, зээ хө зээ… 

хэмээн хоршин дуулсан авай[12].

Анхдугаар их хурлаас УБХ-ын Тэргүүлэгчдийн даргыг сонголоо. Энэ бол нэг ёсны зохиомол, тоглоомын орон тоо. Үнэндээ энэ албан тушаалд мэргэшсэн улстөрч суулгасан дорхноо “ардын төр” буй болсон тул “аймаар нэгэн ядуу ард” төрөө барьж байна гэж харуулах хэрэгтэй байсан бололтой. “Гал тогооны авгай ч гэсэн төр барих болно”[13] гэж Ленин хэлсэн нь бий. Гэхдээ энэ бол гал тогооны авгайгаар төр бариулна гэсэн үг хараахан биш, харин гал тогооны авгайг ч үзүүлэн маягаар ашиглагдаж болно гэсэн үг юм. 

Төлөөлөгчдийн дунд янз янзын юм асууж шалгаасан залууг Ерөнхий сайд Цэрэндорж санаандаа тэмдэглэж аваад, хэрэв домог болсон ярианд нь үнэмших юм бол, “Өвөрхангайн энэ арзгар хар ямар олон үгтэй нөхөр вэ! Үүнийг бага хурлын даргаар сонгочихвол ямар вэ?” гэж бусдадаа санал тавьсан гэнэ[14]. Хэдийгээр тэр үед Өвөрхангай аймаг байгуулагдаагүй байсан боловч энэ үгэнд үнэний хувь ихээхэн бий. Энэ “арзгар хар” нь хожим Монголын хамгийн эгзэгтэй үед төр барилцсан, цөвүүн цагийн Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн гэгч бөлгөө. 

[1] Цэрэндорж.Б. Хувийн тэмдэглэл (Улсын төв архив, Цэрэндоржийн хэрэг) [Tserendorj, B. Private notes]

[2] Батсайхан, О. Элбэгдорж намайг зайдалж байна (Ил товчоо сонин 1995) Улсын төв архив [Batsaikhan, O. “Elbegdorj using me”]

[3] Батсайхан, О. Элбэгдорж намайг зайдалж байна (Ил товчоо сонин 1995)[Batsaikhan, O. “Elbegdorj using me”]

[4] МАХН-ын III их хурал (Улаанбаатар 1966) [Third congress of the MPRP]

[5] Жалан-Аажив, С. Ардын хувьсгалт төрийн хууль тогтоох үйл ажилгааны үндсэн чиглэл, 1921-1940 (Улаанбаатар 1967) х-72 [Jalan-Aajav, S. Basic direction of legislature of the People`s Revolutionary Government, 1921-1940]

[6] Өлзийбаатар, Д. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлийн шалтгаан, сургамж (Диссертацийн ажил 1996) [Ulziibaatar, D. Why the Political Repression Happened in Mongolia and What We Can Learn From It]

[7] Дурденевский, В. Народные республики Централной Азии, Монголская и Тувинская “Всходные Свить” Харьков, Номер 3 (9) 1929. [Durdenevsky, V. People's republics of Central Asia, Mongolian and Tuvinian "Vskhodnye Svit" Kharkov, No. 3 (9) 1929]

[8] Гонгор, Д. Халх товчоон, II (Улаанбаатар 1978) х-166 [Gongor, D. The History of the Khalkha]

[9] Дамдинсүрэн, Ц. Монгол хэл бичгийн тухай (Улаанбаатар 1957) х-127 [Damdinsuren, Ts About Mongolian philology]

[10] Монголд ардын бүгд найрамдах засаг тогтоон явуулсан нь, 1921-1926 (Улаанбаатар 1970) [Fomation of People`s Republic in Mongolia, 1921-1926]

[11] Лузянин, С. Г Монголия: между Китаем и Советской Россией (1920-1924) (Проблемы Дального Востока №2 1995) ст-82 [Luzyanin. S.G. Mongolia: Between China and Soviet Russia (1920-1924) (“Problems of the Far East” No. 2, 1995)] p-82

[12] Улсын их хурлын сонин (Ардын эрх сонин 1924, #38)[News from the State Khural]

[13] Solzhenitsyn, Alexasnder. The First Circle (London 1975)

[14] Хатанбаатар, Д. Ерөнхий сайдын өргөөнөө (УБ 1992) х-69 [Khatanbaatar, D. In the cabinet of the Prime Ministers]

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)