Г.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо

Монгол Улсад Шинжлэх ухааны үндэслэлтэй Мал эмнэлэг, үржлийн алба  үүсэж хөгжсөний  түүхт 100 жилийн ойн баярын хурал өнөөдөр (2023.12.05) Төрийн ордонд болж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож үг хэлэв.

Тэрбээр, ярианыхаа эхэнд Монгол улсын эдийн засаг, хөгжлийн тулгуур, хүн амын амьжиргааны гол  эх үүсвэр болох мал аж ахуйд мал эмнэлэг, үржил, мал, амьтны гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд амьдрал, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулан ажиллаж буй малын эмч, мал зүйч, эрдэмтэн багш, судлаачдад Монгол улсын Их Хурлын даргын хувиар чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монголын мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Мал аж ахуйн салбарт дэвшилтэт технологийг нутагшуулснаар дотоодын зах зээлээ эрүүл аюулгүй чанартай мах, сүүн бүтээгдэхүүнээр бүрэн хангах, олон улсад шаардлага хангасан эко хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлогч улс орон болох зорилтыг тус тус хангуулахад хууль тогтоогч дээд байгууллагын даргын хувиар хууль эрх зүйн нэн таатай орчныг бий болгоход онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаагаа дуулгаад түүхэн 100 жилийн ойн босгон дээр мал эмнэлгийн албыг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй  болгож 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар баталгаажуулсныг онцолсон. Мөн мянга мянга малын эмч нарынхаа хүн амын нийтийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлж аюулгүй байдлыг баталгаажуулсан малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад Мал эмнэлгийн байгууллага өөрөө баталгаа гаргах чиг үүргийг хуулиар баталгаажуулан буцаан авч ирсэн нь дэлхийн зах зээлд Монголын органик бүтээгдэхүүнийг өрсөлдөх боломжийг бий болгосон түүхэн үйл явдал болж байна гэв. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар малчид хөдөлмөрөө хорших, нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтран нэгдэж ажиллах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэгч-борлуулагч-нэмүү өртөг бүтээгч-ашгаа өөрсдөө хүртэгч системд шилжүүлэх зорилго бүхий “Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо” хэмээх байгууллагыг байгуулах санаачилгыг гаргаж, өнгөрсөн зургаадугаар сард Баянхонгорт, түүний дараа 11 дүгээр сард Хэнтий аймагт энэхүү холбоог  байгуулсан билээ. Тэгвэл хөдөө орон нутгаас сонгогдсон 48 гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, мал аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогод шинэчлэл хийх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сайжруулж, түүхий эдийг үнэ цэнтэй болгох цогц өөрчлөлт хийх, ард иргэдийн өөрсдийнх нь санаачилгаар малчдын холбоог шинэчлэн зохион байгуулах энэ хүрээнд холбогдох хуулийн төслүүдийг боловсруулан ажиллаж байгаа талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ үеэр мэдээлэл өгсөн юм. Малчдын холбооны эрх зүйн байдлын тухай, Малын эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай , Бэлчээрийн тухай зэрэг хуулиудыг ХААИС МУИС-ийн эрдэмтэн судлаачдын шинжлэх ухааны дүгнэлтэд үндэслэж шинэчлэн боловсруулж байгааг дурдлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  ярианыхаа төгсгөлд мал аж ахуйн салбар тооноос чанарт шилжиж, илүү эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд та бүхний эзэмшсэн мэргэжил, сэтгэл зүтгэл, оюун ухаан илүү үнэ цэнтэй болж буйг баярын энэ өдөр зориуд тэмдэглэе гэж  Монгол улсын үе үеийн мал зүйч, малын эмч, мэргэжилтнүүдэд хандан хэллээ.

Өнөөдөр улсын хэмжээнд 1006 хувийн хэвшлийн Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид 1360 малын эмч ажиллаж жилд дунджаар давхардсан тоогоор 189 сая толгой малд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж, давхардсан тоогоор 500 гаруй мянган иргэний мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг аюулгүй байдлыг баталгаажуулж зах зээлд нэвтрүүлж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)