Баянгол дүүргийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, санхүүгийн дэмжлэг олгох төсөл хөтөлбөрийг танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа
- 2023-04-15
- Сурталчилгаа
- 0
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Ахмадын хороотой хамтран Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор батлагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2023 онд хэрэгжүүлэх, санхүүгийн дэмжлэг олгох төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах өдөрлөг арга хэмжээг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар төмөр замын чуулгын хурлын танхимд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Б.Уянга нар болон холбогдох мэргэжилтнүүд мөн 1-34 дүгээр хорооны 300 гаруй иргэн, ахмадууд оролцлоо.
Өдөрлөг арга хэмжээний үеэр Ахмад, настны тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжууд болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, санхүүгийн дэмжлэг олгох төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тодруулбал Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2023 оны 1 дүгээр тогтоолоор батлагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:
- Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд 5 сая хүртэлх төгрөгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 24 сарын хугацаатай,
- Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн иргэдэд зориулсан 5 саяас 10 сая хүртэлх төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй 36 сарын хугацаатай санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 5 саяас 10 сая хүртэлх төгрөгийн 50 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй 36 сарын хугацаатай санхүүгийн дэмжлэгийг тус тус олгох юм.
Дээрх төсөл хөтөлбөрт хамрагдах иргэдийн материал, төслийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний 17:00 цаг хүртэл Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс дээр хүлээн авах тул хамрагдах хүсэлтэй иргэд Та бүхэн дээрх хугацаандаа амжиж материалаа ирүүлэхийг хүсье.
Сэтгэгдэл (0)