“ХҮН ХУДАЛДААЛАХ БОЛОН ТҮҮНТЭЙ ТӨСТЭЙ ГЭМТ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА” АСУУДАЛ, ШИЙДЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- 2023-11-24
- Сурталчилгаа
- 0
Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-ний хүрээнд байгуулагдсан Салбар дундын хамтарсан багаас “Хүн худалдаалах болон түүнтэй төстэй гэмт хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа” асуудал, шийдэл хэлэлцүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллага, энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, төслийн нэгжийн холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцлоо.
Хэлэлцүүлгийн хүрээнд Хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал, чиг хандлага, Хүн худалдаалах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд анхаарвал зохих асуудал, Хүн худалдаалах, түүнтэй төстэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ судалгааны тайлангийн талаар мэдээлэл сонсохын зэрэгцээ Хүн худалдаалах гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлт, анхаарах асуудал, Албадан хөдөлмөрлүүлэх, хөдөлмөрийн мөлжлөгийн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлт, Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн хохирол нөхөн төлөлт, анхаарах асуудал сэдвээр бүлгийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үр дүнд цаашид хүн худалдаалах түүнтэй төстэй гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарах асуудлын талаар зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Цаашид тус Ажлын албанаас энэ төрлийн гэмт хэргийн хохирогч хамгааллын чиглэлээр хэлэлцүүлэг хийхээр бэлтгэж байна.
Сэтгэгдэл (0)