Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2023.12.14/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Нийгмийн бодлогын байнгын хороо 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдриин хуралдаанаараа Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав.

Тэрбээр, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар тогтоолоор хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлээр ахлуулан байгуулж, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажилласныг тодотгоод төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу зүйл бүрээр хэлэлцсэнийг онцолж байлаа.

Ажлын хэсгээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлал, зарчмыг хөндөхгүйгээр салбарын мэргэжилтэн, судлаачдын санал, зөвлөмжийг тусган боловсруулсан зарчмын зөрүүтэй 50 санал, найруулгын шинжтэй 1 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 10 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын тогтолцоог тодорхой болгож, хэрэгжүүлэх чиг үүргийг оновчтой болгох, нийгмийн эрүүл мэндийн ажилтны баталгааг Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрүүл мэндийн мэргэжилтэнтэй адилтгах, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгаж хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх зэрэг асуудал тусгасныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл танилцуулгадаа дурдсан.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Т.Энхтүвшин, С.Ганбаатар, Д.Ганбат, Д.Өнөрболор, М.Оюунчимэг, Ц.Туваан нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, “Хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийг хэрхэн үнэлэх асуудал тодорхой бус байгааг дурдаад иргэд өвдсөн нөхцөлд ачааллыг эрүүл мэндийн салбарт үүрүүлэх бус нийгмийн бүх салбар батлагдсан төсвийнхөө тодорхой хувийг ажиллагсдынхаа эрүүл мэндийг дэмжихэд зарцуулах шаардлагатай” гэдэг байр суурийг илэрхийлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн “Бид аливаа өвчнийг эмчлэхэд асар их хөрөнгийг зарцуулж байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 2020 онд ойролцоогоор 500 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр хоёр их наяд төгрөгт хүрсэн. Эмнэлгийн үйлчилгээг өндөр үнээр худалдан авч байгаа нь эдийн засгийн талаасаа ч алдагдалтай. Бидний хувьд монгол хүнийг чанартай, урт наслуулахад чиглэсэн тогтолцоотой болох нь чухал. Иймд бүх асуудлыг тусгахаас илүүтэй нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхдагч хуулиар бий болгож, төсөв санхүүтэй байлгах нь чухал” гэсэн саналтай байлаа.

Гишүүдийн зүгээс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдын нийгмийн батлагаатай холбоотой асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан, хуулийн төслийг салбарын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн дунд хэлэлцүүлж, санал авсан эсэхийг илүүтэй тодруулав.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариултдаа, “Нийгмийн эрүүл мэндийг хамгаална гэдэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж гэсэн хоёр талтай асуудал. Харамсалтай нь  нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх эрх зүйн орчин бүрдээгүй учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ач холбогдол өгч, эмчилгээнд төсөв хөрөнгөө илүүтэй зарцуулаад олон жил болж байна. Иймд  салбарын суурь асуудлыг зохицуулдаг  анхдагч хуультай болох нь зүйтэй гэж үзсэн. Бусад улс орнуудын туршлагаас үзэхэд, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төсөв санхүүгийнхээ дийлэнх хэсгийг зарцуулдаг бол манай улс эсрэгээрээ явж ирсэн. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төсвийнхөө 20 хувийг зарцуулж байна" гэв. Мөн тэрбээр, Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу зохицуулна. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн нийгмийн баталгааг хангана гэж оруулсан хэмээн хариулж байлаа.

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хариултдаа, хуулийн төслийг D-parliament  цахим хуудаст тавьж олон нийтийг хамарсан гамшгийн үед нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлэх, мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх зэрэг иргэдээс нийт 44 санал ирүүлснийг төсөлд тусгасан. Төслийг өргөн мэдүүлэхээс өмнө 60 гаруй удаа, УИХ-д өргөн мэдүүлсний дараа 19 удаа олон нийтийн дунд төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулсан гэж байлаа.

Ингээд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 61 саналын томьёоллоор санал хураасан юм.

Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийн 5.10.3-т заасан чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгана”, “Энэ хуулийн 5.11-д заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах, эрх бүхий этгээдэд танилцуулахтай холбогдсон харилцааг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу зохицуулна.” гэсэн агуулгатай 5.11, 5.12 гэсэн хэсэг, төслийн 6 дугаар зүйлд  “нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тохиолдлын удирдлагын тогтолцоонд шилжин ажиллаж байгаа байгууллагыг арга зүйгээр хангаж ажиллах”, “Энэ хуулийн 8.2-т заасан тайланг нэгтгэн Зөвлөлд жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх.” гэсэн агуулгатай 9.1.4, 9.1.5 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн төслийн 8 дугаар зүйлд “Энэ хуулийн 11.1.3-т заасан байгууллагын иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байна” гэсэн агуулгатай 11.5 дахь хэсэг, мөн зүйлд “сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нийгэм, орчны сөрөг хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах”,“нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн удирдлага, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт, үнэлгээ хийх”, “нийгмийн эрүүл мэндийн лабораторийн үйл ажиллагаа эрхлэх” гэсэн 12.2.7, 12.2.8, 12.2.9 дэх хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн төслийн 8 дугаар зүйлд “Энэ хуулийн 11.1.4-т заасан нэгж, алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: тухайн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтанд нийгмийн эрүүл мэндийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах; тухайн эрүүл мэндийн байгууллагын төрөлжсөн чиглэлээр тандалт, судалгаа хийх; үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх” гэсэн агуулгатай 12.4.1, 12.4.2, 12.4.3 дахь хэсэг, мөн 15 дугаар зүйлд “Нийгмийн эрүүл мэндийн байгууллагын зарим тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлж болно” гэсэн 19.4 дэх хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)