Хятадад газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /Xinhua/. Хятадын Гансү, Чинхай мужид даваа гаргийн шөнө дунд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 127 болж нэмэгдсэн тухай холбогдох албаныхан мягмар гарагт мэдээлэв.

 

Тодруулбал, Гансү мужид 113 хүн, Чинхай мужид 14 хүн амь эрсэдсэн бөгөөд 700 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Үүнээс гадна 155 393 байшин барилга сүйдсэн гэж мужийн газар хөдлөлтийн гамшгаас авран туслах штаб мэдээлжээ. Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвийн мэдээлснээр, даваа гаргийн 23:59 цагт газар хөдөлсөн байна. Гансү мужийн Жишишан-Баоан-Дуншян-Саларын өөртөө засах хошууны нутагт бүртгэгдсэн газар хөдлөлтийн голомт нь Люгоу тосгонд 10 км-ийн гүнд байжээ. 

 

Хятадын эрх баригчид байгалийн гамшгийн уршгийг арилгах хариу арга хэмжээний зэрэглэлийг II түвшинд хүргэн ахиулжээ. Байгалийн гамшигт өртсөн бүс рүү 736 аврагч, 2042 гал сөнөөгчийг илгээсэн гэж Онцгой байдлын яамнаас мэдээлсэн байна. Мягмар гаргийн 19:00 цагийн байдлаар нийт 74 хүнийг аварсан бөгөөд 4298 хүнийг нүүлгэн шилжүүлж, 15.3 сая юанийн /ойролцоогоор 2.16 сая ам. Доллар/ эд хөрөнгийг аварсан гэж тус яам мэдээлжээ.

 

Мөн гамшигт өртсөн бүс рүү тусламжийн нэмэлт хэрэгслүүдийг илгээсэн бөгөөд яамны мэдэгдэлд дурдсанаар, 2000 майхан, 5000 эвхэгддэг ор, 5000 гадуур хүрэм, 10000 хөнжил зэрэг тусламжийн гурав дахь багцыг Гансүд хуваарилсан байна. Мягмар гаргийн 17:00 цагийн байдлаар газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийн үндсэн хэрэгцээг хангах зорилгоор Гансү болон зэргэлдээх Чинхай муж руу нийт 133 500 тусламжийн эд зүйлсийг илгээжээ.

 

Газар хөдлөлтөд хүчтэй өртсөн бүс нутгийг холбосон орон нутгийн бүх хурдны замын хөдөлгөөнийг 19:00 цагаас эхлэн сэргээсэн байна. Гансү, Чинхай дахь бүх хурдны зам, улсын болон мужийн гол замуудын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа бөгөөд аврах албаны бие бүрэлдэхүүн, тусламж, тээврийн хэрэгслүүд гамшигт нэрвэгдсэн бүс нутагт саадгүй хүрч байна гэж Зам тээврийн яамнаас мэдээлжээ. Мөн газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудын эрчим хүчний хангамжийг сэргээхээр холбогдох албаныхан ажиллаж байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)