Уугиж байгаа Тусгаар тогтнол
- 2023-12-20
- Нийтлэл
- 1
Уугиж байгаа Тусгаар тогтнол
-вээрс-
-Утаа ба тусгаар тогтнол гэхээр арай л сүртэй юу? Арайгаар ч барахгүй сүржин гарчиг л даа. Харин “Утаа бол мөнгө”, “Утаа бол эдийн засаг” гэвэл илүү бодитой, илүү үнэмшилтэй санагдах байх. Үнэхээр ч утаатай тэмцэх ч “мөнгө”, утаатай “тэмцэгчидтэй тэмцэх” ч бас мөнгө болсон цаг.
Үлгэрт гардаг шиг шид бүрэлдээд, нэг шөнө хотын утаагарилгаад хонолоо гэхэд яах вэ? Аймаар хямрал дагалдана. Утаатай тэмцэх асуудал шийдэгдснээр эдийн засагт том цоорхой гарна. Яагаад гэвэл, “утаатай тэмцэж босгодог” ба “утаатай тэмцэгчидтэй тэмцэж босгодог” хоёр чиглэлтэй мөнгөний урсгал хаагдана.
Иймээс бид утаанаас ч айдаг төдийгүй “утаатай тэмцэнэ” гэхээр бүүр ч балмагддаг болсон. Шууд л хэн гээч нь утааны нэрээр ю ушууд хусах гэж байгаа бол, ямар гээчийн гар утаатай тэмцэж алдаршаад дараа нь “хусах” гэж байгаа бол л гэж бодогдоно.
(Авилга ч ялгаагүй болсон доо. Авилгач нараас айна, авилгатай тэмцэгчдээс бүүрч их айна. Заримдаа тэмцэгч нар ньавилгачаасаа дувуулж хуссан ч байх шиг)
Ийм болохоор, утаа бол тусгаар тогтнолын асуудал гэхэд хэнч тоохгүй л дээ. Бамбар, тугал хоёрын сургамжит үлгэрт гардаг шиг сэтгэлд хүрдэг бүх үгс нэгэнт элэгдээд дуусчээ. Ариун үгс аль хэдийнэ бузарлагдаж, сүр жавхлант хэллэгүүд нэгэнт элэгдэн хөсрийсжээ.
Хэрвээ “Эх орон , тусгаар тогтнол” яриад эхэлбэл “нэг рэкээтчин этгээд хүн амьтан айлгаж мөнгө саах гэж байна, одоо ч хууртахаасаа өнгөрсөн биз дээ” гэсэн шүү юм бодогдоно. Үнээн. “Чөтгөр сүмд нуугддаг”-ын үлгэрээр адгийн амьтад эх орны нэрийг өмнөө барьж, хог шаарууд ариун үгсийн шүхэр дор хоргоджээ. Үнэхээр эх орноо гэж яваа нэгнийг олж харах нүд ч утаанд бас хаагдсан. Утаанд хорсохоор нүдээ анидаг нь хүний төрөлхи зөн юм даа.
Энэ бүхнээс үл хамаараад утаа бол тусгаар тогтнолын асуудал. Яагаад гэж үү? Тусгаар тогтнол бол эцсийн дүндээ эрчим хүчний тусгаар тогтнол байдаг учраас тэр.
Эхлээд утаанынхаа сурвалжийг санацгаая! Утаа гал түлснээс гараад байгаа. Гал яагаад түлээд байна, дулаан гаргаж авах гэж. Дулаан гаргаж яах нь вэ, нэгдүгээрт дулаацах, хоёрдугаарт хоолоо хийж идэх.
Хэрвээ, даарахгүй бол, бас хоол хийж идэхгүй бол гал түлэх хэрэггүй. Үүнээс уламжлаад утаа гаргах шаардлагагүй болчихно л доо, уг нь. Цаашдаа ядуураад л байх юм бол ч хоол хийх хэрэгцээгүй биш юм гэхэд өдөртөө ганц нэгхэн удаа тогоо шанага хангинуулдаг болгож мэднэ л дээ. Гэхдээ өвөл болсоор байгаа цагт яаж ийгээд галж дулаацна түлнэ.
Тэгвэл утаагүй галаар дулаацаж, утаагүй дулаанаар хоолоо хийх арга байна уу? Байна. Мэдээж эхний ээлжинд шатдаг хийгээр үүнийг хийж болно. Манайд зөөврийн гааз, гаазын машин нэгэнт хэрэглээ болсон. Нөгөөх нь тог цахилгаан.
Дарга нарын ихэнх нь эхний ээлжинд шатдаг хий ярьдаг. (За даа “дарга нар” гэхээр бидэнтэй хэзээ ч цус холилдохгүйгээр хамгаалагдсан нэгэн зүйл отог овог, сайн үүлдэр бүхий хүн элитсапиенс,сор сүрэг санаанд буудаг болж дээ)
Гэхдээ тэд шатдаг хийг аанай л тусгаар тогтнолын эсрэг утгаар сурталддаг. Монголоор дамжин Хятад хүрэх замдаа Улаанбаатарыг 100 хувь хангаад (Үнэндээ бол 100 хувь өөрөөсөө хамааралтай болгоод) явах төлөвлөгөөтэй хийн хоолойг хэлж байна. Энэ бол эрчим хүчний тусгаар тогтнол бус харин тусгаар тогтнолоо уламч эмзэг болгох алхам.
Эрх чөлөөтэй манай сайхан оронд дивэрсантууд хүртэл ил тод ажиллах. Тэд хууль тогтоогчоос жирийн сонгогч, хууль сахиулагчаас гэмт хэрэгтнийг хүртэл босоо зохион байгуулалттай хөдөлмөрлөдөг болохоор нэг хэсэг нь Монголд хийн хайгуул хийх, олборлохын эсрэг өргөн тэмцэл хийдэг. Мэдээж, эх орноо хамгаалах, тусгаар тогтнолоо аврах нэрийн дор. Эцсийн зорилго нь Оросын хийнээс өөр гаазын сонголтгүй хэвээр байлгах. Яг л бензин шиг.
Хэрвээ Оросын хийгээр асуудлаа шийдвэл яах вэ гэдгээс хүмүүс айж байгаа. Тэдний тархи толгойд “Одоо бензинээр яаж боомилж байна. Оросоос өөр ямар ч замаар түлш шатахуун оруулах боломжгүй (түлшний вагон явах төмөр замын цариггүй, төмөр зам нэмж байлаа ч тэр нь мухар) байлгаж байгаад, “өгнө найдвартай хангана” гэж тайвшруулж байгаад, гэнэтхэн хомсдуулж үймүүлэн тавлаж буйг харж байна.Хэрвээ, цөмөөрөө шатдаг хийндээ найдчихсан, хэрчим ч түлээгүй өвөлжиж байтал “Ангарскийн крантанд асуудал гарааский” гээд хийгээ хаачихвал юу болохыг таашгүй” гэсэн айдас олон нийтэд байгаа.
Бензинээр тасалж нэг айлгадаг, цахилгаанаар тасалж нэг айлгадаг дээрээ нэмээд “хийгээ хааж нэг айлгадаг” болно. “Ертөнцийн гурав” гэлээ гэдэг шиг төгс гурван айдас бүрдэх биз ээ, чингэвээс.
Харин байдал өөрөөр эргээд, өөрийнхөө хийг ашиглан энэ асуудлыг шийдвэл мэдээж Монгол орон Эрчим хүчний тусгаар тогтнолын бат нэгэн баганатай болно.
Гэхдээ, Монголоор дайрах хийн хоолойг Хятад зөвшөөрөхгүй. Ийм учраас Оросууд Улаанбаатарыг хийн хамааралтай болгож чадахгүй. Бас Монгол өөрийгээ хийгээр хангахыг Орос “зөвшөөрөхгүй” тул бидний энэ чиглэлийн хайгуул, бүтээн байгуулалтыг урагшлуулахгүй. Үүнийгээ тэд өөрөө хийхгүй, та бидэнтэй элэг нэгтэй “эх орончин”, “байгаль хамгаалагчин” нараараа хийлгэнэ.
Энэ үнэнийг яриад эхлэхээр л баахан монгол дээлтэй зураг бүхий “бот”-ууд нийгмийн сүлжээнд гарч ирээд “Ойе яа яа...Русофоби... Оросыг үзэн ядагч гараад ирлээ. Тэгж ярих юм бол Халхын голд” гэж ирээд л орос хэлээр бичээд гүүглээр орчуулсан бололтой хараал урсгаж гардаг даа.
Үнэн хэрэгтээ Монголд тэр “русофоби” нь байхгүй. Бас тэр “Их ах”-аа гэсэн “их хайр” нь ч худлаа. Нэг л өдөр түүнээсээ нэт үзэн ядалт болоход бэлэн төөрөгдөл яваа. Харин өнөөгийн Монголчуудыг өнөөгийн Оросын төрийн бодлогын мөн чанарыг “танисан” болон “таниж амжаагүй яваа” гэж хоёр хуваавал илүү бодитой. Украйн-Оросын дайнаас хойшхи хүн төрөлхтний үнэлэмжтэй харьцуулан үзэхүл, “Орос бол найдвартай түнш” гэж үздэг сүүлчийн могикан манайд л хэд үлдсэн шиг байгаа юм. Гэвч, дайны маргаашаас цоо шинэ Орос орон, итгэж болох үндэстэн мэндлэх биз ээ?
Утааг шийдэх өөр нэг эх сурвалж бол цахилгаан эрчим хүчээр бүх дулаанаа шийдэх зам. Бүгд л мэдэж байгаа. Маш олон айл зуслангийн байшиндаа шалны халаалт тавиад цэвэр агаарт өвөлжиж байна. Шалны халаалт гэхээсээ илүү зусланд яагаад цэвэр агаар байгааг хэлэх үү? Гал түлдэг айл цөөхөн учраас л тэр шүү дээ.
Ингэхийн тулд шинэ цахилгаан станц барих, цөмийн Эрчим хүчийг ашиглах үй түмэн боломж бий. Гэвч боломж болгоныг “эх оронч” диверсантууд бусниулсан. “Хэн” ба “хэн” манай эх орны эрчим хүчний тусгаар тогтнолын эсрэг ил тод тэмцээд, шинэ цахилгаан станц бариулаагүй, усан цахилгаан станц босгуулаагүй, хийн болон урааны хайгуул хийлгээгүйг, бас тэр хэрээрээ “эх оронч” гэж өргөмжлөгдснийг санах гээд үз дээ... Мартчихаж уу?
Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдэх арга ийнхүү дотоод гадаадын диверсантуудын хүчээр боломжгүй болсон тул Зөвлөлтийн үеийн хуучин цахилгаан станцуудаа хичнээн ч “ТЭЦ” шинээр босгох мөнгөөр засварласныг таашгүй. Нэгэнт шийдэх аргагүйдээ тулсан учраас аргацаах хувилбар үлдсэн болохоор яалтай ч билээ. Арай бага утаа гаргадаг түлшээр хангаад үзэх, гэрийг нь дулаалах, зуух тараах гээд л дандаа түр аргацаасан хувилбарууд. Хүнд өвчин туссан хүнийг эмчлэх арга байхгүй бол яадаг билээ тийм л хувилбар бидэнд үлдсэн. Яг л өнөө хэцүү өвчин тусаад байгаа хүнд хийдэг хөнгөвчлөх эмчилгээ шиг юм, одооны сайжруулсан түлш, чанаржуулсан нүүрс, дажгүй зуух хийгээд гэрийн дулаалга сэлт нь. Ингэхгүй байх арга ч бас байсангүй.
Өнөөх “Нэгэнт юу яаснаас хойш юу яалгах нь зайлшгүй” гэдгийн үлгэрээр эрх баригчдад түлшийг сайжруулж, гэрийг нь дулаалсхийж байгаад өвлийн ард гарч, наадамтай золгуулахаас өөр сонголт байсангүй. Тэд үүнээ сайн хийгээгүй, дутуудуулсан, гулруулсан байж болно оо, болно. Гэхдээ хэн ч байсан иймэрхүү “хөнгөвчлөх эмчилгээ” л хийх байсан.
Учир нь цахилгаан станц нэмж барих гэвэл, ураны хайгуулаа идэвхжүүлж атомын цахилгаан станц сэдэх гэвэл, эрчим хүчний хувьд тусгаар тогтнуулах уул уурхайг нээх гэвэл, өөр сурвалжаас бензин зөөх төмөр зам барих гэвэл албанаасаа буух төдийгүй, орон шоронд орно. Шоронд орохыг хэн л хүсэх билээ ?
Иймэрхүү тохиолдолд “Гөлгөө яалаа” гэдэг билүү? Оюутолгойн гэрээ байгуулсан С.Баяр, С.Баярцогт яалаа ? Америкийн Мянганы сорилын сангийн санхүүжилтээр нарийн царигтай зэрэгцээ төмөр тавих төсөл гаргасан Да.Ганболд яалаа? Бас М.Энхсайхан яалаа? Айн! Ингэхэд, Монголын төрийг хэнээр дамжуулаад хэн ч бариад байгаа юм бэ дээ?
Аливаа гаднын хорлон сүйтгэх ажиллагааны тулгуур нь дотоод хүний “хувийн сонирхол”буюу шунал байдаг гэж мэргэжлийн ном зохиолд өгүүлдэг дээ. Монголыг эрчим хүчгүйдүүлэх тоглолтын зохион байгуулагч тал ийм хүмүүсийн хувийн сонирхол дээр сайн тоглосон байх магадтай. Гэнэтхэн л бөөн бөөн унацтай, ашигтай цахилгаан станцын сэлбэг нийлүүлэх зам нээгдэж, улмаар тэд шинэ станц барихын эсрэг зогсох сонирхолтой ч болсон байж мэднэ. Хувьдаа аймаар их ашигтай ажиллаад л, хийморьтой төрснөө гайхаад яваад байсан нь эх орноо хорлон сүйтгэгчийн хамсаатан болоод явчихсан ч байх магад.
Улс шиг улс байя гэвэл Эрчим хүчээрээ тусгаар тогтнох ёстой. Утаанаасаа сална гэвэл бас л Эрчим хүчээрээ тусгаар тогтнох ёстой. Ингээгүй цагт утааг арай бага утаагаар, өмнөхөөсөө чанартай гэгдэх утаагаар шийдэн аргацаасаар явна. Мэдээж энэхүү аргацаалтын цаана мөнөөх авилга-мангаа цэцэглэсээр үргэлжилнэ.
Үргэлжилнэ гэснээс, Их хурал дээр “Утааны сонсгол” гэж болох болов уу? Утаатай тэмцэх нэрийн дор зувчуулсан бүхнийг өмөөрөх аргагүй. Гэхдээ цаана нь их учир бийг бас мартаж хэрэггүй.
Эцэст тэмдэглэхэд, утаа бол эрчим хүчний дутагдлын илэрхийлэл гэдгийг ярьж бичээд байх болсон нь том дэвшил шүү.
Хотын утаа бол муу түлшний утаа биш, харин эрчим хүчний тусгаар тогтнол маань уугиж байгаа нь тэр бөлгөө !
2023.XII.19
Сэтгэгдэл (1)
mgl (66.181.187.40)
Iimerhuu bicheltuud mon ih heregtei baina. Tsoohon mongolchuud bidend uhaaral, oilgoltiin zoruug gargasan iim niitleluud l tus boulon. Tsendoo ah mini bich odoo odor shonogui bichij uls ornoo hamgaal, iruudui bolson ur hoichiin toloo, guiyaa