Ойрын өдрүүдэд хүйтний эрч чанга хэвээр байна
- 2023-12-21
- Байгаль орчин
- 0
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өчигдөр шөнө нийт нутгаар цас ороогүй, цаг агаар тогтуун байсан бөгөөд хүйтний эрч хэвээр хадгалагдаж Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 45-50 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 39-44 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Онон, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 33-38 хэм хүйтэн хонолоо.
Үүнээс Увс аймгийн Зүүнговь сумын нутгаар -50 хэм хүрч хүйтэрсэн байна.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч чанга хэвээр байх бөгөөд цаашид энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Мөн энэ сарын 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байх төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)