Япон, АНУ, Өмнөд Солонгос агаарын цэргийн хамтарсан сургууль хийжээ

ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /NHK/. Япон, АНУ, Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний хийсэн хамтарсан сургуулилалтад гурван орны сөнөөгч онгоцнууд оролцож, Америкийн В-1 бөмбөгдөгч онгоцнууд Солонгосын хойгийн дээгүүр ниссэн гэж Өмнөд Солонгосын арми лхагва гарагт мэдэгджээ.

 

Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр, хамтарсан сургуулилалт Япон, Өмнөд Солонгосын агаарын довтолгоог илрүүлэх хяналтын бүс давхацдаг өмнөд нутгийн Чежү арлын зүүн хэсгийн агаарын орон зайд болсон байна.

 

Японы Агаарын өөрийгөө хамгаалах хүчин болон АНУ, Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчнүүд энэ оны 10 дугаар сард гурван талын анхны сургуулилалтыг хийсэн бөгөөд хоёр дахь сургуулилалт нь энэ болж байна.

 

Умард Солонгосын тал АНУ-ын B-1 бөмбөгдөгч онгоцнуудад маш болгоомжтой хандаж байна. Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр, их хэмжээний зэвсэг ачсан ийм онгоц АНУ-ын Гуам арлаас Солонгосын хойгт хоёр цагийн дотор хүрч чадна.

 

Энэ удаагийн сургуулилалт нь Умард Солонгосын зүгээс учрах цөмийн болон пуужингийн аюул занал, тэр дундаа хатуу түлшт тив алгасагч пуужин харвасан зэрэг үйлдэлд шийдэмгий хариу өгөхөд бэлэн байгааг харуулах зорилготой гэж Өмнөд Солонгосын арми мэдэгджээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)