Протокол: Эдийн засгийн ямар ч үр ашиггүй зам тавьж, мөнгө угаасан

УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний сонсгол өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. Өчигдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн талаар хэлэлцлээ.

ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ: УЛСТӨРЧИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ЗУРГААН КОМПАНИ ОРЖ АЖИЛЛАЖЭЭ

Шинжээчийн дүгнэлт:

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зорилгоор 20 жилийн хугацаатай хүүгүй, хааттай нөхцөлтэй бондыг Монголын төмөр зам гаргаж “Эрдэнэс Тавантолгой” худалдан авсан байна. Нийт баталсан төсөв нэг их наяд 392.2 тэрбум төгрөг. Үүнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг их наяд 336.1 тэрбум төгрөг, үлдэгдэл 51.4 тэрбум төгрөг, Зүүнбаян төмөр зам ХК-ийн үйл ажиллагааны зардал хасагдсан 4.8 тэрбум байна. Төмөр замын дээд бүтэц хариуцсан ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар төмөр зам ХНН, төмөр замын доод бүтэц хариуцсан ерөнхий гүйцэтгэгчээр ЗХЖШ ажилласан. "Улаанбаатар төмөр зам" ХНН-тэй төслийн дээд бүтцийн ажил, холбоо дохиоллыг суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан байна. Энд улстөрчийн хамаарал бүхий зургаан компани байна. Үүнд:

1. “Болор болд зам” ХХК 5 тэрбум 70 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан. Б.Мэндсайхан нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын дүү. Иймд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын нэгдмэл сонирхол бүхий этгээд гэж авч үзжээ.

2. “Аржроуд” ХХК 2.9 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Х.Мөнх-Эрдэнэ. “Мон арж зам” ХХК-тай нэгдмэл сонирхолтой. Энэ компанийн эцсийн өмчлөгч нь Г.Тэнгис. Тэнгис нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хүүхэд.

3. “Монголзам групп” ХХК 24.8 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцогт. “Мосмеп” ХХК-иар нэгдмэл сонирхолтой. Нэгдмэл сонирхол бүхий этгээд УИХ-ын гишүүн Н.Ганибал.

4. “Эрдэнэзам” ХХК 7.1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. “Бишрэлт холдинг” ХХК-тай нэгдмэл сонирхолтой. Нэгдмэл сонирхол бүхий этгээд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа.

5. “Говь инфрастракчер” ХХК 13.2 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал “Говь капитал менежмент” ХХК. Эзэмшиж буй компанийн бүртгэлд Ц.Баянзул гэж нэр байна. Ц.Баянзул нь Ц.Батзулын ах. Ц.Батзул нь нэгдмэл сонирхол бүхий этгээд бөгөөд дэд ажлын хэсгийн гишүүн, Сангийн яамны газрын дарга.

6. “Өвөрзалаат” ХХК 5.3 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Ц.Ганцэцэг. Эзэмшиж буй компани “Гүнбаялаг” ХХК. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч гүйцэтгэх удирдлага Ц.Туяа. Ц.Туяа нь Ц.Цэнгэлийн хүүхэд. Ц.Цэнгэл нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, БОАЖЯ-ны ТНБД гэсэн ийм хамаарлуудыг танилцууллаа.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА ГЭРЧЭЭР ДУУДАГДСАН Ч ИРСЭНГҮЙ

Сонсголд 68 гэрчийг дууджээ. Гэрчээр дуудагдсан хүмүүсээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга гадаад явсан тул сонсголд оролцох боломжгүй гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ.

Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Зүүнбаян чиглэлийн төмөр зам тээвэр хийж байгаа юу. Зэвсэгт хүчин оролцсон гэдэг утгаараа бүх гэрээг улсын нууцад авсан. Гэтэл Зэвсэгт хүчин 11.8 хувийг нь гүйцэтгэж 88 хувийг компаниуд хийсэн. Өөрөөр хэлбэл, зэвсэгт хүчнээр далимдуулж нууцад авч, ажлаа хийсэн.  

Шинжээч:

-Уг төмөр зам хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байна. Нэг их наяд 392 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан төсөл.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Тавантолгой-Зүүнбаянчиглэлийн төмөр замын 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” эзэмшиж байгаа юм байна. Оруулсан мөнгөөрөө хувьцаагаа эзэмшээд явчихсан юм уу. Энэ шийдвэрийг хэн гаргасан бэ.

"Монголын төмөр зам" ТӨК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Батсүх:

-Өмнө нь 267 сая ам.долларын асуудал байсан. Тэрийгээ нэгтгээд тооцно гэж байсан ч хөрөнгө оруулсан нь их хувьцаа эзэмшихээр гэрээ хэлэлцээр хийсэн гэж ойлгож байгаа.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Энэ төмөр зам эдийн засгийн ямар ч үр ашиггүй зам. Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн босоо төмөр зам 100 хувийн ачаалалтай байхад хөндлөнгөөс нь төмөр зам хийгээд хамгийн дээд тал нь 10 хувийн гүйцэтгэл гарна. Вагон, зүтгүүр нь байхгүй. Бичигт-Владивосток ашиглалтад оруулбал л ашиглах төмөр зам хийсэн байна лээ. Манайхны мөнгө угаах арга нь ТЭЗҮ. Бүх төсөл дээр харагдаж байгаа.

"Монголын төмөр зам" ТӨК-ийн захирал Б.Отгонсүх:

-Өнөөдрийн байдлаар 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй байна. Төмөр замын бүтээн байгуулалтад 200-аад аж ахуй нэгж, ЗХЖШ оролцсон байдаг. Үүнээс 120 гаруй аж ахуйн нэгжийн өр төлбөрийг шийдэж чадаагүй байна гэлээ.

 

Д.БАЯСГАЛАН: ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ӨГӨӨЖ АВЧРАХ ТӨСӨЛ

 

УИХ-ын хянан шалгах түр хорооны үдээс хойших сонсголоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн талаар хэлэлцлээ. 26 гэрчийг дууджээ.

Шинжээчийн дүгнэлт:

-“Тавантолгой төмөр зам” компани болон “Бодь Интернэшнл” ХХК-иуд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны аравдугаар 29-нд байгуулсан. Гэрээний хавсралт хоёрт нийт үнийн дүн 792.2 сая ам.доллар, урьдчилгаа 110 сая ам.доллар байхаар тусгасан байна. 286.3 тэрбум төгрөгийг шилжүүлэхийг зөвшөөрсөн байна. “Бодь Интернэшнл” ХХК гаднаас хөрөнгө босгож санхүүжүүлсэн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд “Тавантолгой төмөр зам”-аас санхүүжүүлсэн 286.3 тэрбум төгрөгийн урьдчилгаа болон нүүрс борлуулалтын орлогоос тус төслийг санхүүжүүлсэн байх магадлалтай байна. “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд бүтээн байгуулалтын төсөвт хөндлөнгийн аудитын дүгнэлтийг хийлгэжээ. Төслийн нийт гүйцэтгэл 898.5 сая ам.доллар буюу 93.9 хувьтай байна. Ерөнхий гүйцэтгэгч 96 хувьтай байна гэсэн мэдээллийг түр хороонд ирүүлсэн. Туслан гүйцэтгэгч компаниудаас 14 компани нэгдмэл ашиг сонирхолтой байна.

Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Гашуунсухайтын төмөр зам дээр 204 сая ам.долларын хөнгөлөлттэй үнээр буюу 18 хувийн хөнгөлөлттэй үнээр  “Бодь Интернэшнл” ХХК-тай байгуулсан байна. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ “Бодь Интернэшнл” ХХК хэдэн төгрөгийн хөрөнгө хаанаас татсан бэ. 204 сая ам.долларын хөнгөлөлтийг нүүрсний үнийн зөрүүн дээр авсан байна.

“Бодь Интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан:

- Энэ бол Монголын эдийн засагт сүүлийн 30 жилд хэрэгжсэн хамгийн том төслүүдийн нэг. Цаашдаа ч их үр өгөөж авчрах төсөл. Би бүх асуултад хариулахад бэлэн байна. Манайх санхүүжилтийнхээ нэг хэсгийг бэлэн мөнгөөр, нэг хэсгийг нүүрсээр авсан. 204 сая ам.долларын нүрсний хөнгөлөлтийг манайд үзүүлсэн гэж хэллээ. Манайх нүүрс борлуулдаг компани биш. Биднийг хөнгөлөлттэй нүүрс худалдаж аваад цаашаа зах зээлийн үнээр зараад дундаас нь ашиг олдог гэж бодож байх шиг байна. Бид “Эрдэнэс Тавантолгой”-оос нүүрс аваад өдөрт нь нэрлэсэн худалдан авагчдад өгчихдөг.

Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Та Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай “Баян-Исгрийт” гэдэг компани байгуулсан. Тэгэхээр нэгдмэл сонирхолтой этгээд гэж байгаа юм.

“Бодь Интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан:

-Энэ компани Тавантолгойн төмөр замын төсөлд оролцоогүй. Хаа байсан 20-иод жилийн өмнө хөрөнгө татах гээд байгуулж байсан, татан буугдчихсан. Одоо ажилладаггүй.

 

Т.ДОРЖХАНД: ТАНЫ БАХАРХАЖ ЯРИАД БАЙГАА ТӨМӨР ЗАМ МУХАР ШҮҮ ДЭЭ

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Та төмөр зам барихаас өмнө юу хийж байсан бэ. Төмөр зам барьж байсан уу. Төмөр зам барих саналыг хэн тавьсан бэ?

“Бодь Интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: -Би инженер, банк санхүүгийн мэргэжилтэй. Манай компани 1993 онд байгуулагдсан. 30 жилийн ойгоо энэ жил хийсэн. Манайд 500 орчим Монгол Улсын инженерүүд ажилладаг. Бид голдуу дэд бүтэц, эрчим хүч, зам тээврийн төслүүдэд оролцдог. Би бизнесийн гурван салбарт үйл ажиллагаа явуулдаг.

 УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Таван жил овоолсон шороог хийсэн хүн тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга. Танд санал тавьсан гэсэн мэдээлэлтэй байгаа. Үр дүнд нь 187.6 сая ам.долларын ажил та хүлээж аваад нөгөө талдаа Хөгжлийн банкин дээр 219.8 сая ам.доллароор өр авлага болчихсон. Тийм ч болохоороо нууцалсан юм байна. Та онцгой эрх эдэлж, онцгой байдлаар гэрээний нэг тал болсон. Хэн танд санал тавьсан юм бэ. Засгийн газар юм уу, Ерөнхийлөгч юм уу. 219.8 сая ам.доллароор Хөгжлийн банкны өр юм. Энэ өрөө “Бодь Интернэшнл” төлсөн үү.

“Бодь Интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан:

-Гашуунсухайтын төслөөс өмнө Зүүнбаянгийн төсөл эхэлчихсэн байсан.  Энэ саналыг бидэнд Засгийн газар тавьсан. Та нар Х.Баттулга гэж Ерөнхийлөгчтэй холбох гээд байх шиг байна. Тэр хүн Гашуунсухайтын төмөр зам гэж ярихаасаа жийрхдэг болсон байсан. Өөртэй нь л дандаа холбогдоно. Тийм ч учраас Зүүнбаянг эхлүүлсэн байх гэж. Тиймээс Засгийн газар энэ төмөр замыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Нууцад аваад төсвийг нь хэд дахин нэмээд, санхүүжилт гэж баахан мөнгө дундаас нь аваад нуучихсан гэж ойлгоод байдаг. Нууцад авсан цорын ганц шалтгаан нь шууд гэрээ байгуулах эрх үүсдэг. 2013 оны батлагдсан төсвөөр энэ төслийг дуусга гэдэг үүргийг Засгийн газрын тэргүүн өгсөн. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд нь Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга нь Л.Оюун-Эрдэнэ байсан.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Одоо таны бахархаад байгаа төмөр зам мухар байна шүү дээ. Цаашаа яаж холбогдох нь бүү мэд. Та ажил хийж л байвал хамаагүй гээд Засгийн газраар эрсдэлийг нь үүрүүлээд ажлыг нь хийгээд явсан байна.

“Бодь Интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан:

-Биднийг төмөр зам барьж эхлэхэд Хятадын талын ямар ч хүн итгээгүй. “Та нар энэ төмөр замыг барина гэж 10 гаруй жил ярьсан. Барьсны дараа холболтоо ярина” гэдэг байсан. Холболт, түвшин зөрсөн гэдэг яриа огт яригдаагүй гэлээ.

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (66.181.185.253)

    2023-12-23

    Довтолгоо хийх гээд байгаа догшин этгээдүүд нь халх монголчууд л юм. АНУ халх монголчуудыг зэвсгийн наймаандаа ашиглаад, халхчуудыг хасгуудын, эрлийзүүдийн ба 2 хөрш улсын эсрэг болгоод байгаа юм. Халх монголчууд аа, АНУ-ын төлөө сайн дураараа зүтгэхийн оронд АНУ-аас green card ба АНУ-д амьдрах санхүүжилт нэхцгээ! АНУ 3 сая Монголчуудыг Америкдаа тэжээчих байлгүй дээ.

  • (66.181.182.112)

    2023-12-22

    Та нарын нэг удаа Имарт руу орохдоо үрдэг 400000 төгрөгөөр ядуус бүтэн сар амь зууж байна.