"Нүүрсний" асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 9 өдөр болж өндөрлөв
- 2023-12-25
- Улс төр
- 2
Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар, нийт 9 өдрийн турш зохион байгууллаа.
Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан тус Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар ажиллаж байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат 12 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд дөрвөн өдөр, хоёр дахь үе шат 18-22 өдрүүдэд таван өдөр үргэлжилж, ийнхүү өндөрлөлөө. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр сонсголыг хааж хэлсэн үгэндээ “Монгол төрийн хуулийн биелэлттэй холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг ард түмний төлөөллийн байгууллагаас хянан шалгах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүн нь өнөөдрийн Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа юм. Энэ удаагийн хяналт шалгалтаар бид хууль зөрчсөн олон үйл ажиллагааг нотлох баримттай нь иргэд, олон нийтэд ил тод болголоо. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хийх зам амар хялбар, дардан байгаагүй. Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан. Үндсэн хуулийг хэрэгжүүлж, ард түмний мэдэх эрхийг хангах зорилгоор зохион байгуулсан “нүүрсний” сонсголыг явуулахад саад болох, өөр тийш чиглүүлэн таслан зогсоох оролдлого “нүүрсний хулгай”-тай холбоотой бүлэглэлээс удаа дараа гарч байсныг тэмдэглэн хэлье” хэмээв.
Хоёр үе шаттайгаар нийт 9 өдөр үргэлжилсэн нээлттэй сонсголоор нийт 60 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд сонсголд Хянан шалгах түр хорооны гишүүд, хянан шалгагч, шинжээч, уригдсан албан тушаалтан, ажиглагчид болон гэрчүүд оролцжээ. Сонсголд давхардсан тоогоор нийтдээ 577 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 419 (72.6 хувь) гэрч ирсэн байна. Түүнчлэн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 16 хянан шалгах шинжээч оролцож байгааг Б.Энхбаяр дарга танилцууллаа.
Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон. Сонсголын хөндлөнгийн ажиглагчаар Оюуны инновац, Цогц хөгжлийн үндэсний төв гэсэн төрийн бус 2 байгууллагын төлөөлөл ажиллав.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Сонсголыг амжилттай зохион байгуулах гол ажлыг нугалж, богино хугацаанд өндөр ачаалалтай ажилласан хянан шалгах шинжээч нартаа Хянан шалгах түр хорооны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Мөн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороог байгуулан ажиллуулж, өнгөрсөн хугацаанд болсон хууль зөрчсөн олон ажиллагааг ард түмэнд нээлттэй болгох түүхэн шийдвэрийг гаргахад улс төрийн манлайлал үзүүлсэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “нүүрсний хулгай"-тай тэмцэх ажлыг эхнээс нь дэмжиж, улс төрийн эр зориг, манлайлал үзүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, идэвх санаачилгатай ажилласан Хянан шалгах түр хорооны гишүүддээ, сонсголыг амжилттай зохион байгуулсан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан ээлжит нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ийнхүү өндөрлөж байгааг хэлээд “Нийт 9 өдрийн турш үргэлжилсэн, хоёр шатны сонсголын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг ханган, мэргэжлийн өндөр түвшинд улс орон даяар шууд дамжуулан, олон нийтийн телевизийн үүргээ амжилттай биелүүлсэн МҮОНТелевизийн нийт хамт олонд, иргэдийн мэдэх эрхийг хангаж ажилласан нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдэдээ баярлалаа” гэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хороо хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэн, ийнхүү сонсгол явуулсныг Монголын үндэсний олон нийтийн телевизийн 1, 2 дугаар суваг, “ТВ8” телевиз, “ТВ9” телевиз, “Тэнгэр” телевиз болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэл шууд нэвтрүүлж, тухай бүр мэдээлсэн юм.
Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан энэ удаагийн нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол нь шударга ёсыг тогтоож, хулгай луйврыг таслан зогсоон, хариуцлага тооцох, ард түмний өмч байгалийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн зүй зохистой ашиглах, эзэн нь болсон ард түмний амьдрал ахуйг сайжруулах, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай дараа дараагийн арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа Б.Энхбаяр дарга хэлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хороо нь Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар Хянан шалгах түр хороо нь нотлох баримтыг шинжлэн судалсан хоёр шатны сонсголын тайланг боловсруулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаар Хянан шалгах түр хороо татан буугдах зохицуулалттай хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (2)
(139.5.216.214)
SEXSEER80955877XNTLAA
Зочин (66.181.183.160)
Монголын ард түмэн бид ямар их бололцоогоо алдсаныг харлаа. Сонсголыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Энэ олон компанийн ТУЗ-ыг нэн даруй өөрчлөж жинхэнэ инженерүүдийг тавих хэрэгтэй