Ж.Баттогтох: НҮБ-ын дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатайг судлаачид анхааруулсаар байна
- 2023-12-26
- Өөр өнцөг
- 0
Олон улсын харилцааны нөхцөл байдлын талаар олон улсын харилцаа судлаач, МУИС-ийн багш Ж.Баттогтохтой ярилцлаа. Тэрбээр саяхан МУИС-д болсон эрдэм шинжилгээний хурлын үеэр олон улсын эрх зүйн асуудлаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн юм.
-Дэлхийн геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй байна. Үүнээс үүдэн олон улсын эрх зүйн систем ажиллаж байна уу, ямар доголдол гарах болов гэдэгт олон хүн эргэлзэж, хариулт хайх болсон. Та судлаачийн хувиар энэ асуултад ямар хариу өгөх вэ?
-Олон улсын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед НҮБ-ын хамгийн гол зорилго бол энхтайван аюулгүй байдлыг сахиулан хамгаалах гэдгийг хүн бүр мэднэ. Дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдалд заналхийлж байгаа улс орон байвал ямар албадлагын арга хэмжээ авах вэ гэдэг эрх бүхий таван байгууллагын нэг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл юм. Сүүлийн үед болж байгаа мөргөлдөөн, хурцадмал байдлаас шалтгаалж олон улсын эрх зүй яагаад үйлчлэхгүй байна вэ гэдэг асуултыг хүмүүс их тавьж байгаа.
Улс орнууд эрт дээр үеэс л өөр хоорондоо зөрчилдөж ирсэн. Энэ бол шинэ юм биш. Гэхдээ зөрчилдөөнийг аль болох намжмал байдалд оруулах, эвлэрүүлэх тал дээр улс орнууд олон улсын харилцааны хүрээнд хамтран шинэ санаачлагууд бий болгож НҮБ анх байгуулагдсан. Улс орнууд НҮБ-ын гишүүн болсноор хэрхэн биеэ авч явах вэ, ямар дүрэм журмаар явахыг чиглүүлсэн дүрэм нь 1945 оноос хойш өнөөдрийг хүртэл 78 жилийн турш дорвитой өөрчлөгдөөгүй. Тэр үеийн ялагч таван улсын байгуулсан дүрэм журам өнөөгийн дэлхий дээрх 190 гаруй улс оронтой болсон нөхцөл байдалд үйлчлэхгүй, хориг болж чадахгүй байна. Үүний хамгийн гол асуудал юу вэ гэхээр НҮБ-ын дүрмийн Аюулгүй байдлын хэсгийн 39-60 дугаар хэм хэмжээ зүйл ангиуд дээр асуудал байгаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүний нэг нь л эсэргүүцсэн санал өгөхөд асуудлыг зохицуулах, шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж чаддаггүй. Маш олон эрдэмтэд НҮБ-ын дүрмийг энэ шалтгаанаас болж өөрчилье гэж санал гаргадаг.
-Аюулгүйн зөвлөлийн гол үүрэг юу юм бэ. Олон улсын эрх зүйн үүднээс үзэхэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яг ямар арга хэмжээ авах эрхтэй байдаг вэ?
-Аюулгүйн зөвлөлийн хувьд аливаа асуудлыг шийдэхдээ хоёр арга хэмжээ л авах ёстой. Нэг нь энхийг сахиулах буюу цэрэг зэвсгийн хүчээр, нөгөө нь эдийн засгийн хориг арга хэмжээ авдаг. Эдийн засгийн хориг арга хэмжээг улс орнуудад авч байгаа боловч энэ нь эргээд нөгөө улсуудад эерэгээр нөлөөлөх, дотоодын бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх зэргээр давуу тал бий болгох болсон. Тиймээс хүн төрөлхтөн өөр арга хэмжээ олохгүй бол олон улсын харилцааны хувьд үйлчлэлийн асуудал тулгамдаад байна.
-Та илтгэлийнхээ үеэр НҮБ-ын дүрэмд 1978 оноос хойш өөрчлөлт ороогүй гэж дурдаж байсан. Тэр үед чухам ямар өөрчлөлт орж байсан юм бэ?
-1978 онд зохион байгуулалтын өөрчлөлт орж байсан. Асрамжийн зөвлөл байхгүй болсон, Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн “Вето” тавих асуудалд өөрчлөлт орсон, ажиглагч байнгын бус 15 гишүүн орон бий болгосон зэрэг цөөхөн өөрчлөлт орсон. Гэхдээ дээр хэлсэнчлэн НҮБ-ын дүрэм 78 жил үйлчилж байна. 1990-ээд оноос хойш дэлхийн газрын зураг өөрчлөгдчихлөө, нөхцөл байдал өөр болсон. Улс орнууд зарим нь алга боллоо, зарим нь шинээр байгуулагдлаа. Техник технологи хурдацтай хөгжөөд ирэхээр зохицуулж амжихгүй байгаа асуудлууд байгаа учраас цаг үетэйгээ нийцсэн арга хэмжээ авъя гэж олон улсын судлаачид асуудал болгон ярьсаар л байгаа. Гэхдээ тодорхой өөрчлөлт хийгээгүй хэвээр л байна.
-Олон жил ярьсан боловч өөрчлөлт хийхгүй байгаагийн хамгийн гол шалтгаан нь юу юм бэ?
-Миний бодлоор улс орнуудын олон улсын тавцанд биеэ авч явах байдлаас маш их зүйл шалтгаалж байгаа. Улс орнууд өөрсдийн эрх ашгийгнэгдүгээрт тавьснаас үүдээд энэ эрх ашгийн огтолцлоос шалтгаалж зарим асуудалд олон улсын хэм хэмжээг ашиглаж байгаа мөртлөө зарим үед хуулийн цоорхой ашиглаж өөрийнхөө байр сууринаас шийдвэрлэх сонирхолтой олон улсын харилцааны тоглогчид байсаар байна. Олон улсын эрх зүйн чадамж алдагдаж байгаагийн өөр нэг шалтгааныг би улс орнууд олон улсын хэмжээний эрх зүйн баримт бичгийг дотоодын хуулиас доогуур үзэх болсонтой холбоотой гэж хэлнэ. Олон улсын эрх зүйн баримт бичиг ямар ч улсын хуулиас дээгүүр байх ёстой. Гэтэл эсрэгээрээ бүгд өөр өөрийнхөө хуулийг дээгүүр тавьбал энэ эрх зүй үйлчлэхгүй. Тиймээс Олон улсын эрх зүй улс орны дээгүүр байх ёстойг дахин тунхаглах ч юм уу баталгаажуулан сэргээх хэрэгтэй. Тэгж байж олон улсын эрх зүйн зөв зохицуулалт бүрдэх юм.
-Аюулгүйн зөвлөлийн таван орныг сүүлийн үед их шүүмжлэх болсон. Энэ шүүмжлэлээс үзэхэд таван орны тоог нэмэх, эсвэл өөр улс орнуудыг оруулж ирэх ёстой гэсэн санал гардаг. Таныхаар Аюулгүйн зөвлөлийн орнууд ойрын үед өөрчлөгдөх болов уу?
-Аюулгүйн зөвлөл 1945 оныхоороо байна. Таван гишүүн улс ялагчид гэдгээрээ өнөөг хүртэл гол тоглогч болж байгаа нь явцуу, үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас нь харагдаж байгаа. Би дээр хэлсэн. Цаг үе, дэлхий өөрчлөгдөж байна. Олон улсын харилцааны хувьд идэвхтэй тоглогчид олон байгаа. Энэ тоглогчд Аюулгүйн зөвлөлд оруулж ирэх, үүргийг нэмэгдүүлэх шаардлага бий. Их гүрнүүдийн зөрчилдөөн аюулгүйн зөвлөл дээр илүү тодрох болсон. Зөрчил, асуудал эрт үеэсээ байсан, одоо Аюулгүйн зөвлөлд ч бий. Олон улсын эрх зүй бол нийгмийн үзэгдэл. Улс орнууд хоорондоо ярьж тохироод аливаа шийдлийг гаргадаг учраас одоо үед нийцэхгүй байгаа НҮБ-ын дүрмээ харилцан ярилцаж, өөрчлөх, өөр ямар арга шийдэл байна гэдгээ хайх шаардлага гарч байна.
-Таны бодлоор ямар улс орнууд тоглогчийн байр суурьт дөхөх боломжтой вэ?
-Гол тоглогч гэхээр шууд нэг, хоёр улсыг нэрлэх боломжгүй. Хүн амын тоо, бүс нутагтаа хэр нөлөөтэй байгаа, энхийг эрхэмлэсэн, олон улсын харилцаанд улс орнуудыг зөв чиглэлд уриалдаг хандлага зэргийг харах нь зайлшгүй. Олон улсын харилцаанд өөрийнхөө ашиг сонирхлыг урдаа тавиад эрх зүйн цоорхойг ашиглаад байгаа Их гүрнүүдийн зөрчилдөөнийг сааруулах арга замыг олох хэрэгтэй байна. Мөн их гүрнүүдэд өөрсдөд нь хариуцлага тооцдог механизм ажиллах шаардлагатай.
-Та илтгэлдээ дэлхий нийтээр зан заншлын өөрчлөлт ажиглагдах болсон тухай онцолж байсан. Энэ тухай жаахан дэлгэрүүлэхгүй юу?
-Зан заншил гэдэг олон улсын эрхзүйн системийн нэг хэсэг. Бичигдээгүй хууль ч гэж нэрлэдэг. Бүх нийтээр заавал дагаж мөрдөх заншлыг бий болгосон байдаг ч өнөөдөр эдгээрийг зөрчих асуудлууд ихээр гарах боллоо. Жишээлбэл, хүч үл хэрэглэх, хүчээр заналхийлэхгүй байх нь бүх улс орон дагаж мөрддөг зан заншлын нэг. Гэтэл үүнийг жижиг улсууд нь дагаж мөрддөг, том улсуудад үйлчилдэггүй асуудал бий боллоо. Тиймээс эдгээрийг нэгтгээд эрх зүйн салбар болгон дээр шинэ арга механизм олох хэрэгтэй. Мөн шинээр өөр заншил тогтоох шаардлагатай ч гэж би харж байна. Аливаа заншил тогтохдоо 50-100 жил болдог. Тэгэхээр одоо шинэ зан заншил бий болгох цаг болсон. Ийм зан заншлыг бид хайх цаг ирсэн байна. Хүрээлэн буй орчин, цаг уурын доройтол зэргээр бид яриад байдаг. Гэтэл наана нь цөмийн зэвсгийн аюул ч байсаар байна. Улс орнууд цөмийн зэвсгээр далайлгах нь ихэсч, цөмийн зэвсэгтэй болох хүсэлтэй орнуудын тоо улам л нэмэгдэх хандлагатай байна.
Базарбямбын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)