"Түүхийг үгүйсгэгч" буюу үнэнтэй тулахын хямрал
- 2024-01-04
- Нийтлэл
- 3
Саяны “Баяртай үдэш” нэвтрүүлгээр Баабар “Монголчууд зундаа мах иддэггүй байсан нь хөргөлтийн технологи гараагүй байсантай холбоотой. Хүн төрөлхтөн, Америкчууд ч тэр хөргөлтийн техник гарснаас хойш дөрвөн улирлын турш мах идэх болсон”-ыг ярьсан чинь баахан улсыг “баяргүй үдэш”-тэй болгоод хаячихав.
Хууртах гашуун, хууртснаа мэдэх түүнээс ч гашуун(III)
“ТҮҮХИЙГ ҮГҮЙСГЭГЧ” буюу ҮНЭНТЭЙ ТУЛАХЫН ХЯМРАЛ
Шинжлэх ухааны "чөмөг"
Өдгөө “Түүхийг үгүйсгэх” гэдэг нэр томьёо их моод болж байна. Санаанд таарахгүй сэдвийг хөндөнгүүт, эсвэл олон түмнийг хуурч байсан нь илрэнгүүт “Түүхийг минь үгүйсгэлээ” гээд бархирцгаах болж. Мөнөөх “хужаагийн эрлийз”, “Газар шороочин”, “эх орончин” эд нарын адил трэнд хэллэгийн нэг.
Ингэхэд, бид “Түүх үгүйсгэх”, ерөөсөө “үгүйсгэх” гэж яг юуг хэлээд байгаа юм бэ? Хэдэн жилийн өмнөтохиолдсон явдлаас яриагаа эхэлье.
Жирийн нэг(гэж бодож байсан) нөхөртэй жирийн сэдвээр маргасан юм. Мань эр яасан гэхээр, далайд гарцгүй боловч шинжлэх ухааны далай байсан өвөг нь хүүхдэд чөмөг идүүлбэл бэлгийн сэрэл нь эрт хөдөлдөг гэдгийг мэдээд “Чөмөг идвэл нус гоождог” хэмээн сэрэмжлүүлсэн байдаг тухай цэцэрхэв. Тэр нөхрийн “Өвөг” ямар судалгаа туршилтаар үүнийгээ батласан, цэцэн эр түүнийг нь яаж бас мэдсэн зэрэг тодорхой бус. Зүгээр л тааз ширтээд, унжигнасан чөмөг юутай төстэй болохыг бодож хэвттэл санаанд нь тийм юм буусан шиг байгаа юм. Эсвэл бэлгийн бойжилт нь хэт нялхдаа эхэлж шаналсан ба түүнийхээ шалтгааныг хааяа нэг амталсан чөмөгтэй холбож бодоод явсан ч байж магад.
Түүнийг нь жирийн л хүний жирийн бодол гэж бодоод арай прагматик тайлбар хийсэн нь чөмгийг ташиж идэх процесс өөрөө аюултай, ясны хугархай болон мэс заслын хутганаас ч хурц иртэй цуулбарт хүүхэд гар хөлөө зүсэж гэмтээхээс эхлээд нүд амаа сохлох эрсдэлтэй учраас сэрэмжлүүлсэн арга байх гэж боддог тухайгаа хэлэв. Таамгийг сөргүүлэн таамаг гаргасан гэсэн үг. Нотлох судалгаа хайгаагүй ч нүүдэлчид маш прагматик гэдгийг мэдэхийн хувьд л тэгж бодогдсон. Хүүхэд багачуудаа осолтой хүнснээс хол байлгах нь тэргүүн зорилт байсан ба чөмөг нустай төсөөтэй зэрэг нь сүүлд нэмсэн менежмэнт байх магадтай.
Өөрөө ч ясанд гараа зүсч явснаас гадна чөмөгний ясны цуулбарыг үнэхээр л мэс заслын хутганы оронд ашиглаж, малын буглаанаас эхлээд хүний хатигийг хүртэл зүсэхийг харж л явлаа л даа.
Гэтэл мань эр дүрсхийн уурлаж “Баабар та нар түүхээ үгүйсгэдэг” гээд дайрч гарлаа. Би хоёр юмыг андуурснаа анзаарлаа. Нэгдүгээр таамгийг сөргүүлэн таамаг гаргав гэж бодсон нь алдаа байж таарав. Учир нь “чөмөгтэй бэлгийн даавар” нь манай хүний шинжлэх ухааны няцаагдашгүй нотолгоо байж. Хоёрт, жирийн хүнтэй бус “Шинжлэх ухаан” гуайтай өөртэй нь маргаснаа сая мэдэв. Уг нь шинжлэх ухаан нь туршилтаар нотлогдох ёстой ба хамгийн түрүүнд няцаагдах боломжтой байх нигууртай(К.Поппер) зэргийг хэлээд ч яахав дээ.
Ингээд мөнөөх “явдаг шинжлэх ухаан гуай”-г блокийн талбайдаа амгалан оршоогоод явж болох юм бодсон маань ч эндүү байж. Учир нь санаанд орсон, таалагдсан хувилбараа шинжлэх ухаан, танин мэдэхүйд үзэх үзэл нь нийтийг хамарсан шинэ маягийн үзэгдэл болоод түгжээ.
Энэ яригдаад байгаа “Түүхийг үгүйсгэх” гэдэг нь нигилизм, эсвэл худал буруу зохиогдсон түүхийн нэр биш юм. Зүгээр л хүнтэй хэрэлдэхдээ хэрэглэдэг “Миний санаанд орсонтой наадах чинь таарахгүй байна” гэсэн утгатай ба “хүүр”, “сүг”, мөнөөх алдарт “Пи...” энэ тэртэй дүйх хараал ажгуу. Үгүйсгэгдээгүй түүх нь “надад тэгж бодогдсон” гэдэг ганц найдвартай аксиомтой. Туршилтаар батлагдах, баримтаар гэрчлэгдэх, үгүйдээ логикоор дүгнэлт гаргах зэрэг нь энд түй хамаагүй.
Голдуу л өвөг дээдэс нь ойгүй ухаантай, дөнгөж XXI зуунд шинжлэх ухаанаар батлагдсан юмыг ч хэдэн зууны тэртээ цээжээрээ мэддэг байсан бололтой ярих. Манай өвөө сайн хүн байсан гэвэл хүндэтгэл төрнө. Гол зорилго нь өвөөгөө магтах гээд байгаа юм биш ээ. “Би гэдэг амьтан ийм аугаа өвөөгийн ач, зээ байгаа юм” гэж өөрийгөө магтах гээд байгаа юм шүү дээ.
Хатуу идээнд хорхойтой болчихсон, балга тагш юм горьдсон “Тэрүүний, энүүний хүү” гэж өөрийгөө гайхуулсан мэр сэр хүн дээр үед байв даа. Яг л тэрэн шиг “Тэрийг Ньютоноос өмнө бодсон хүний ач”, “үүнийг Эйнштейнээс түрүүлээд мэдсэн өвгөний зээ” гэж өөрийнхээ боловсролгүй байдлыг нөхөх арга юм даа. Боловсрол гэснээс, энэ бол аймаар үнэн юм бодож олсондоо итгэхийн нэр биш, бас маш их юм мэдэж аваад тэндээ гацсан нэгний нэр биш харин алхам бүрээ танин мэдэхүйн шат болгосон хүний л ерөнхий нэр шүү.
Дашрамд дурьдахад нэг л их эхийн тухай дуу дуулсан, ээжийгээ хайрлаж уярсан уран сайханчдын цаана учиргүй эх үрсийн элбэрэл, ачлал энэрлийн философи харагддаггүй. Харин: “Ээждээ хайртай хүн бол сайн хүн-Би ээждээ хайртай-Ийм учраас би бол сайн хүн” гэсэн ойлголт, бодомж, оюун дүгнэлт л ханхалдаг байгаа.
Нотолгоогоор биш “үгүйсгэл”-ээрээ итгэл үнэмшлээ хамгаалагчид бол нийгмийн үзэгдэл. Бидний мэдлэг шинжлэх ухаанч бусаас шинжлэх ухаан руу шилжих үеийн хямрал. Монголд ХХ зуунаас байгалийн шинжлэх ухаан нийтийн хүртээл болж эхэлсэн боловч нийгмийн салбар харанхуйгаараа үлдсэн. Харанхуй төдийгүй мухар сүсэгтэй дүйцэм худал хуурмагаар нийгмийн ой санамжийг дүүргэсэн.
Тийм дээ л дэлхийн гүрнийг байгуулж, Евро-Азийг дамнасан импери цогцлоож байсан Монголчууд уртаашаа 100 жилийнхээ ойг саяхан тэмдэглэж дуусав. Гэвч бас болоогүй ээ.Төр ёсны 2000 жилийн уламжлалт, дэлхий дахинд шинэ хууль дүрэм хэрэгжүүлж асан “Их цааз”-тай явсан улс үндэстэн маань анх удаагаа “хууль”-тай болсныхоо 100 жилийг ирэх намар тэмдэглэнэ гэж байгаа.
Төөрөгдөл ээнэгшдэг ажгуу. Ялангуяа удаан жилийн төөрөгдөлтэйгээ хүн хамт байж дасаад төрсөн ах дүүс шиг болдгийг бид харж байна.
Төөрөгдлийг үнэнээр солих амаргүй. Яг л буруу бороолсон бэртэнгийг наркозгүй задлах шиг шаналантай. Төөрөгдөл бол ой санамжинд буруу бороолсон яс, ургацаг. Махбодийн мэс заслыг мэдээ алдуулалттай хийж болдог бол сэтгэл санааныхыг тэгж болохгүй. Итгэл үнэмшил, ертөнцийг үзэх болон төлөвшсөн төөрөгдлөөсөө салах нь ямар нэг эрхтнээ тайруулахаас өөрцгүй хүнд гэдэг. Миний мэдлэг буруу байсан гэдэг нь би буруу мэдлэгтэй байсан гэсэн үг бөгөөд өөрийгөө буруу мэдлэгтэй нэгэн байсанд тооцох амаргүй. Ийм учраас бид Зөвлөлтийн зохиож өгсөн, мянга мянган жил малтайгаа бэлчиж яваад 1921 оноос л хүн төрхөндөө орсон гэх түүхэнд хайртай байдаг.
Өөр нэг сонин үзэгдэл нь худал хуурмагаас өвлөгдөж буй чөлөөт орон зайг түүнээсээ дутахгүй худал хуурмагаар дүүргэх явдал. Энэ нь үнэнийг хайж хямарснаас амар хялбар байсан бололтой. Монголчууд 1921 оноос өмнө бараг л малтайгаа бэлчиж байсан гэх хуурмаг түүхийг солих боломж гарангуут сонин үзэгдэл болов. Жинхнээсээ үгүйсгэгдсэн түүхээ бодитой сэргээж, “яг юу болсон бэ” гэдгийг эрэхийн оронд хялбаршуулсан өөр нэг хуурмагаар орон зайг нь дүүргэж эхэллээ. Тэр нь Монголчууд бүхнийг мэддэг, оройгүй ухаантайгаас гадна харьцангуйн онол, цөмийн физик, квантмеханикийг мэдэж байсан гэх маягтай болоод явчихав.
Прагматик нүүдэлчид
Саяны “Баяртай үдэш” нэвтрүүлгээр Баабар “Монголчууд зундаа мах иддэггүй байсан нь хөргөлтийн технологи гараагүй байсантай холбоотой. Хүн төрөлхтөн, Америкчууд ч тэр хөргөлтийн техник гарснаас хойш дөрвөн улирлын турш мах идэх болсон”-ыг ярьсан чинь баахан улсыг “баяргүй үдэш”-тэй болгоод хаячихав.
-Ингээд л Монголын түүхийг үгүйсгээд байгаа юм гэлцэн эхэр татах. Өөрсдийн тэр үгүйсгэгдэж хохирсон түүхээ нотлох нэгээхэн ч баримт гаргаж ирсэнгүй. Тэгэхээр нэг тийм нотлох боломжгүй атлаа үгүйсгэх эрхгүй нэг ҮНЭН-ийг л бид түүхээ, бас өв уламжлалаа гэж үзээд байна аа даа. Ер нь бол иймэрхүү зүйлийг мухар сүсэг гэдэг юм. Өрнөдийнхэн шашныг үүндээ хамааруулдаг боловч Буддизм нь эргэлзээг үнэнд хүрэх зам гэж номлодог учраас яг тэгж үзэх хэцүү.
Баяртай үдшээр ямар түүх үгүйсгэгдсэн гэхээр, малчин монголчууд махан хүнс болон цагаан идээн дээр харьцуулсан судалгаа хийгээд өвөл махаар зун сүүгээр хооллох нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж таамаглалд холбогдоно. Иймэрхүү судалгааны аргачлал, материал байтугаа гаргасан дүгнэлт ч бидэнд байхгүй л дээ. Зүгээр л ингэсэн бол гоё санагдсан. Гоё санагдсан учраас үнэн байх ёстой гэж үзсэн юм. Нөгөө л ХХ зууны зохиомол түүхээ сөргүүлэн бодож олсон зохиомол түүх.
Монголчуудын аж амьдралын олон туршлагыг ингэж фантаазалдаг. Борцыг бас л ингэж “шинжлэх ухаан”-жуулах юм билээ. Хүйт эхлэхийн хэрд, шинэ махаар борц хийгээд өвөлжингөө урь идүүлэхэд хамгийн сайхан борц болдог бол үнэн. Янз бүрийн лабораторид борц хийж туршсан тайланг үндэслээд ийм арга нэвтрүүлсэн гэхээс илүүтэйгээр яг тэр үед өвлийн идшээ хийж таардаг. Махаа дахиж гэсгээх гэж үйлээ үзэлгүй шууд борцоо хэрчээд зүүсэн нь амар байсан л хэрэг. Мах гэсгээж үйлээ үзэх гэснээс, богино долгионы зуух буюу “пээч” гарахаас өмнө “оройн хоолны махаа гаргаж тавих” нэг амаргүй ажил байсан даа. Та нар эрхбиш “Орой ажил тараад ядраад ирж байхад махаа ч гэсгээсэнгүй” гэх зэмлэл сонсож явсан байлгүй.
Энэ мэтээр яваад байвал сэтгэл сэргээсэн олон фантазид хүрч болно л доо. Малаа шөнө унтуулаад, өөрөө ч нойрсдог явдлыг нүүдэлч өвөг дээдэс маань сарны татах хүчний өөрчлөлт болон бүх ертөнцийн гравитацыг судлаад тогтоосон мэтээр баадуурч болно л доо. Үнэн хэрэгтээ хүн ба амьтад шөнө харанхуйлаад явах, ажиллахад хэцүүгээс идэш тэжээлээ олох амаргүй тул унтах байдлаар биологийн цагаа тохируулсан л хэрэг гэх хүн гарвал “үгүйсгэлээ” гээд ам таглана. Бас бэлгийн ажлыг янз бүрийн нөхцөлд шинжлэх ухаанчаар туршаад “шөнөдөө хийхэд зүгээр юм” гэсэн нотолгоо гаргаснаар ярьж болно. (Манай шинжлэх ухаанд ямар баримт нотолгооны хэрэг байх биш). Хэн нэг нь “Шөнө орондоо хувцасгүй байж таардаг учраас нөгөө юу нь...” гэвэл шууд л “түүхээ үгүйсгэлээ” гээд загначихна биз?
Үүнээс уламжлаад асуулт гарна. Хэрвээ “Монголчууд машингүй учраас морь унаж байв” гэвэл бас түүхээ үгүйсгэсэн болох уу ? Говийнхон адууг биш тэмээг уналга эдэлгээнд илүү хэрэглэдэг нь зүгээр л газар зүйн нөхцлөөс үүджээ гэвэл “тэмээн дээрээс наран ойрхон учраас онцгойлон үржүүлсэн түүх”-ийг бас үгүйсгэсэнд орох уу?
Шинжлэх ухааны нэн тэргүүний шалгуур нь баримтаар нотлогдохоос гадна баримтаар няцаагдах боломжтой байх гэдэг. Тогтоогоод аваарай “Няцаагдаж байвал Шинжлэх ухаан мөн” гээд.
Яг үнэндээ, хүн төрөлхтөнд байнга мах идэх боломжийг хөргөлтийн технологи олгосон байдаг. Монголчууд ч түүний адил. Дам нөлөөлсөн зүйл ч бий. Зуны улиралд дөнгөж тарга тэвээргээ авч эхэлж байгаа малаа алахад бас амаргүй. Амьдралын төлөө хаваржингаа тэмцээд сая нэг итгэл найдвар асч байгаа малын нүд ямар байдгийг малчин хүн л мэднэ. Залгуулаад сүү шим дэлгэрч цагаан идээ элбэгших түүнийгээ л иддэг байсан хэрэг.
Тэрнээс биш шинжлэх ухааны туршилт хийгээд л “нэг хулганад зусангаа мах идүүлээд, нөгөөд нь цагаан идээ өгөөд...” гэхчлэнгээр нотлосон зүйл байхгүй. Шинжлэх ухаанд лаборатори маш чухал бөгөөд түүнгүйгээр оршин тогтнох аргагүй. Нүүдэлчдэд лаборатори байгуулах нөхцөл хомс. (Энэ нь олон жилийн ажиглалт, туршлагаас үүдсэн мэдлэг байгаагүй гэсэн үг биш шүү, хөөш) Бидний итгээд байдаг шиг мал амьтныг эрлийзүүлэх туршлага сүрхий биш. Учир нь эрлийзжүүлэлтэд “талуудын сул талыг тээсэн удмыг устгах” чухал хэсэг байдаг. Гэтэл, эцэг малынхаа сул талыг шингээсэн байна гэхчлэнгээр нялх төлөө алаад явах зүрх малчдад байхгүй.
Нүүдэлчид маш прагматик улс. (Энэ үгийг онолоос илүү “хар параачиг”-ийг голлосон гээд ойлгоорой) Аливаа зүйлийг амьдралын хэрэгцээ, бодит нөхцөл байдалд тулгуурлан шийдвэрлэдэг. Харин түүндээ таарах домог бэлгэдлийг араас нь зохиодог.
Монгол гэрийн буурийг цагийн бүст хуваагаад л цэцэн цэцэн юм ярьдаг улс зөндөө байх. Үнэндээ бол гэрийн үүдийг ертөнцийн салхины эсрэг зүгт л харуулдаг нь их төлөв зүүндүү өмнө зүгт таардаг. Тэр зүгт хаалга байх нь сайн гэж зурхайд буусандаа биш юм. Өөрөөр байвал үүдээр салхи цохиод хэцүү байх учраас тэр. Хоймор нь гэрийн алс мухар бөгөөд хүрэхэд хамгийн их зам туулахаас гадна үүдээр зөөж гаргах хэрэгцээ хамгийн багатай зүйлсээ тавихад тохиромжтой. Бурхан тахил тэнд байна. Аз жаргалын өлгий болсон ор дэр нь хоймортоо байдаггүйн учрыг шөнө дөлөөр хонь мал үргэлээ гэхэд хөнжил орлуулсан дээлээ нөмөрсөн хэвээр ухасхийн босч, гутлаа углаад гарах хэрэгцээнээс хайгууштай. Илүү хялбарчлаад хатавчиндаа ороо засчихвал өглөө түрүүлж боссон эхнэр нь тогоо шанагаа нөхрийнхээ толгой дээгүүр зөөх болноо доо. Боол, зарцыг хатавчиндаа хэвтүүлдэг нь хамгийн сүүлд унтаж, хамгийн түрүүнд босдог цагийн хуваарьтай илүү холбогдох жишээний.
Тогоо шанага, хувин сав хийгээд эмээл хазаар сэлтээ зүүн, баруун хатавчиндаа байрлуулдаг нь байн байн авч гарах хэрэгцээ гардгаас л болсон байлтай. Өглөө болгон хувингаа авч гарч үнээгээ саана, эмээл хазаараа өдөр бүр гаргаж мориндоо агсана биз дээ? Та ч гэсэн гэртээ баахан юм барьж орж ирсний заримыг буцаагаад аваад явах бол түүнээ үүд хавьцаа л орхидог доо.
Манай өвөг дээдэс маш прагматик, амьдралд нийцсэн зүйлсийг бишүүрхдэггүй хэрэглэдэг, нийцэхгүй бол ёсорхохгүй орхидог тийм л хүмүүс.
Үнэн бол хямрал
Мэдэх эрх чөлөө бол хамгийн чухал эрх чөлөө бөгөөд сэтгэн бодох эрх чөлөөний үндэс. ХХ зуунд бидний “марксист бус” гэгдэх бүхий л танин мэдэхүйд хүрэх зам хаалттай байв. Бид хуурмаг мэдлэгээс жинхэнэ үнэн рүү шилжилт хийж байгаа учраас хямарч байна. Энэ шилжилтийг бидний зарим нь илүү хялбаршуулж, өөр маягийн фантазиар дүүргэснийхээ горыг амсаж буй нь энэхүү “түүх үгүйсгэлээ” хэмээн бархирагчид авай.
Үүнээс уламжлаад үнэний тухай бидний ойлголт ч өөр болж байна. Үнэнбол үнэнээ дагуулж ирдгээс биш аз жаргал дагуулж ирдэггүй, ялангуяа хууртагдаж явсан ард түмэнд. Хууртагдах гашуун, хууртснаа мэдэх түүнээс ч гашуун. Үнэн заримдаа, учирсан хүнийхээ амьдралаас татгалзах шалтгаан болох нь ч бий.
Бид цөмөөрөө үнэнд дуртайгаа тунхагладаг. Бид “Үнэн хаана байна” гэж үргэлж нэхдэг. Бид бусдыг үнэний гэрэлд шарахыг хүсдэг, шаарддаг атлаа өөрөө түүнтэй нүүр тулбал яахыгаа тэр бүр боддоггүй.
Үнэнтэй нүүр тулсан худал хуурмагийн хана хэрэм нурж унадаг. Сайхан гоё чимэгтэй сэтгэл татам фантаазууд ч мөн адил. Гэтэл тэр хэрмэнд үүр, оромжоо зассан хууртагдагсдын итгэл найдвар, оршин тогтнуулж байсан үнэт зүйл хамт нуран унана. Үнэнтэй учрах нь сайн бөгөөд гарцаагүй боловч өсөхөөс өдий хүртэл чамтай хамт үүсч бэхжсэн итгэл үнэмшлийнхээ баганыг хугаран унахтай эвлэрэх шаардлага заавал гарна.
Монголын ардчиллын хамгийн хүнд нь улс төрийн системийг шинэчлэх, чөлөөт зах зээлд шилжихявдал байгаагүй. Харин хууртагдаж явснаа мэдрэх, худлаа юманд үнэмшиж явснаа хүлээн зөвшөөрөх л хамгийн хүнд нь бөгөөд одоо ч шийдэгдэж дуусаагүй асуудал хэвээр байна.
Бидний зарим нь түүхийг мушгилаа гэж эсэргүүцээд байгаа хэрэг биш. Харин мушгиастай байдлаараа дассан түүхийн эрчлээсийг задласанд хямраад байгаа юм аа. Үнэн гэдэг бол гарцаагүй оршин тогтнох арга болохоос биш учрах бүрийд баяр хөөр бэлэглэгч огт биш. Үнэн үргэлж хамт байхад таатай болохоос биш салаад эргэж уулзахад гоё зүйл бас биш. Гэхдээ түүнээс зайлах аргагүй.
Чухам эндээс л нэгэнт нурж байгаа барилгыг дэмий додомсон, тэртэй тэргүй тэлж буй ан цавыг утгагүй бөглөсөн, урт удаан зовлон эхэлдэг юм. Ингэснээрээ тэр барилгын суурин дээр сүндэрлэх шинэ цагийн ордны үүдээ нээх хугацааг улам цаашлуулж, өөрөө ч шинэ сайн орчинд амьдрах бололцоогоо холдуулсаар байдаг.
Үнэн худал хоёрын халалцах мөч ч ийм. Хүний итгэл үнэмшил дотор буруу эвлэж бороолсон хэсгийг задалж, үнэн хэвд оруулахад үнэхээр сэтгэл үнэхээр хямран өвдөнө. Сэтгэл өвдөхгүй гэвэл буруу эвлэсэн худал хуурмагтайгаа оюуны санааны хувьд тахир татуу үлдэнэ. Өвдөхгүй нь сайхан боловч нийтээрээ үнэнтэй хөл нийлж, даяаршин байгаа энэ хорвоод чи улам муухай, улам эрэмдэг харагдана, гадуурхагдана. Үнэнтэй нүүр тулах мөчийн хямралыг хэдийчинээн зоригтойгоор давна, хэвийн эрүүл орчинд, бусдын нэгэн адил, үнэнтэй айх юмгүй нүүр тулж амьдрах боломж бүрдэнэ
Үнэн гоё юм биш. Гэхдээ, нэг өдөр гарцаагүй нүүр тулдаг. Яг л үхэл шиг.
2011-2023
Сэтгэгдэл (3)
(66.181.177.18)
TSENDDOO GEGCH ENE NUHUR UG N MASH INEEDTEI ZUV SHUUMJLEL BICHDEG BAISAN ZAILUUL ODOO BAABAR GEGCH GADNII GAR HULD HUDALDAGDSIIMUU YAASIIN MEDEHGUI ZAHIIN HUNII MEDEH YUMIIG UGUISGEH GEJ OROLDJEE BI BAABARIIN BICHSEN NEG UGUULEL CH YUMUU YU YUMIIG UNSHAAD HUH INEED HURJ BILEE HERVEE UNSHSAN HUN BAIGAA BOL ENE HUN YAAJ UURIIGUU MICROBIOLOGCH GEED YAVDAGIIG GAIHAH BIZEE TER UGUULLEGT HUDUU AILD BAISAN CHINE GEDEN ANCHID IREED CHONO ALAAD ERHTENUUDIIG N TUUHIIGEER N IDEHIIG HARAAD BAABAR GEJ UURIIGUU NERLEGCH TUILIIN GAIHAJ ZEVUUTSEN ELEG IDEED YAMAR ELGEND NAALDAH BISH BUUR IDEED YAMAR BUURUND MAALDAH BISH ZERGEER BICHSEN BAIDGIIN. TEGVEL ELEGNII EMIIG SHUUD ELGEND BUURNII EMIIG SHUUD BUURUND SHAHAH YOSTOI BOLJIGOON BAINA HODOODOOR DAMJIN SUDSAND ULMAAR UG ERHTEND HURDGIIG UURIIGUU BAABAR, MICROBIOLOGCH GEJ NERLESEN HUUHELDEI MEDDEGGUI YUM GENEE TEGEED URGELJ MONGOLCHUUDIIN UV ULAMJLAL, SOYOLIIG GUTAAN DOROMJILNO ALIA SALBADAI CHINE . TSENDDOO ODOO TIIM BOLOHNEEE
МОНГОЛ (43.242.242.140)
SANAL1
(139.5.219.140)
ухаантай царай гаргах хэнд хэрэгтэй гэж.