M.Найданхүү: Миний шүүмжлэл & Үнэний эрэл

Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүү монголын хэвлэл-мэдээлэл-нийтлэлийн ертөнцөд зөв байраа эзлэх цаг мөч ойрхон байна. Иймд өөрт нь урам зориг болог гээд, надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад таалагдах мөрүүдээс авч ээлжит нийтлэлээ босгов. Таалан соёрхоно уу!

Монголчууд бид ганц Улаанбаатар гэлтгүй бүх аймаг, сумдын төв, том хот суурин газрууддаа ийм хорт утаа, угаар, хөө тортог, үнс нурман дотор амьдарцгааж байна.

сонин mn

Энэ зууны Монголчууд бид “Цахилгааны хувьсгал” хийх цаг иржээ. Эрчим хүчний гэсэн үг. “Цахилгааны хувьсгал” хийх түлш бэлэн байна. Уранаараа бид дэлхийд эхний 10-т ордог баян орон. Хэрэв хайгаад үзвэл эхний 5-д ч орох боломж бий. Нийт 10 тэрбум ам.долларын өртөгөөр АЦС босгоход л бид утаагүй, угааргүй, үнсгүй, тортоггүй, хөөгүй болно.

 

Хөгжлийн хурдны хүч авьяас сорих энэ зуунд ийм харанхуй бүдүүлэг, бохир заваан, зутруу хөлдүү амьдарцгаана гэдэг үнэхээр дэлхийн гутамшгийн гутамшиг болж байна. Гутамшгийг гайхамшиг болгох цөмийн баялагтай орон ингэж амьдрах ёсгүй. Цахилгааны хувьсгалд зориглон орцгооё! АЦС цөөхөн монголчуудыг “хорт хавдар”-аас аварна.

 

Утаанаас салж, сайхан амьдаръя гэвэл цөмийн эрчим хүчийг ашиглаж АЦС барьж цахилгаан үйлдвэрлэхээс өөр арга үнэндээ алга. Замаа хүртэл халааж байж л өвлийг давна. Шөнөдөө хасах 40 хэм хүрч хонож байна. Байгалийн үнэхээр хүнд нөхцөлтэй орон. Уран гэх баялагтай байж хэтэрхий харанхуй, хөлдүү амьдарч байна, дахин хэлье. Урвагчид, троллуудаас айлгүйгээр уранаа ашиглах үндэсний хөгжлийн бодлого бий болгоё! Цахилгааны хувьсгал хийх хойшлуулшгүй цаг иржээ.

 

Нэгэн зүйл

 

Энэ өвөл шиг ийм хүйтэн нойтон цастай өвлийг өчнөөн жил Норвег улсад амьдрахдаа би, миний гэр бүл үзсэнгүй ээ. Манай хотод одоо -16 хэм байна. Ирэх амралтын өдрүүдэд -25-н хэм хүрнэ гэнэ. Хойд Норвегт шөнөдөө -30 хэм хол давж байгаа. Цас ихээр орсон зарим муж нутгуудад зам бүү хэл цэцэрлэг, сургуулиудаа хааж байна. Аймшигтай энэ хүйтэн ирэх 7 хоногийн дундуур уярна гэнэ. Энэ байгаль дэлхий нэг л биш ээ.

 

Нэгэн зүйл

 

Монгол Улс маань жилдээ 60 гаруй сая тонн нүүрс экспортолжээ. Зөвхөн энэ нүүрсний сонсголоос харахад хулгайд алдсан гэх 5.2 сая тонн буюу 5 тэрбум ам.доллараар Улаанбаатар хотоо утаа, түгжрэл гэсэн зовлонгоос бүрэн салгаж чадах байлаа. Бид энэхүү хулгайлагдсан хөрөнгө мөнгөөр: 1) Бага оврын АЦС, 2) Газар доогуур 100 км урттай авто түнээл, 3) Хөх хотынх шиг 49 км урттай метро босгож чадна. Эдгээр бүтээн байгуулалтын үрээр эдийн засгийн эргэлтэнд ороод өсөөд явчих хөрөнгө мөнгө бидэнд байжээ. Гол нь утаа, түгжрэлгүй болох хөгжлийн боломж гарт байв. Гэхдээ хөгжил бидэнд тун ойрхон байна. Дэлхийн техник технологийн хөгжил гэрт ороод ирлээ. Хамгийн гол нь Монгол Улс хулгайч нарынхаа шуналыг тас цохь! Хатуу ял үүрүүл! Бүү хайрла! Тэд Монголоо хайрлаагүй! Хатуу чанд сахилга баттай, хариуцлага өндөртэй байцгаая! Ингэж байж л Монгол Улс зөв хөгжинө.

 

Нэгэн зүйл

 

Өнөөдөр Улаанбаатарт хамгийн их тулгамдсан гурван гол зовлон байна. 1. Цахилгаан, тог (утаа), 2.Нийтийн тээвэр, 3.Замын хангамж (түгжрэл). Бидэнд энэхүү зовлонгуудаасаа салах хөрөнгө мөнгөний боломж, бололцоо аль хэдийнээ бий болсон. Бид өөрөө өөрсдөөсөө л хөгжих, дэвжих боломжоо хулгай хийгээд байна.

 

Нэгэн зүйл

 

Эх орноо Иран, Афганистан... шиг болгочихоод Монголоо бусдад дээрэлхүүлээд сууж байхыг хүсэгчид яасан олон юм бэ? Иргэд нь харанхуй бүдүүлэг, ядуу, “Eртөнцийн амьд үзэсгэлэн” үндэстэн байлгахыг хүсэгчид л гаднын аюул гэж ил тод балайрч, хөрөнгө оруулалтыг эсэргүүцэж суух юм. 

сонин mn

1978 оны Исламын хувьсгал ялтал Иран улс ямар сайхан улс болон хөгжиж байсныг харанхуйчууд нь сүйдэлсэн түүхтэй. 1978 онд Иран улсад дундаж цалин 2000 ам.долларт хүрч, залуус эмэгтэйчүүдээ олноор дэлхийн том том их сургуулиудад сургаж, иранчууд хамгийн баян чинээлэг хүмүүс байсан түүхтэй. Дөрвөн улиралтай, хоол унд сайтай, мөн байгалийн баялаг, нефть ихтэй, хүн амын боловсрол, хүмүүжил сайтай Иран улсад АНУ, барууныг үзэн ядсан үзэл сурталд олноор автаснаар эргээд хүй нэгдэл рүүгээ буцсан. Одоо тэнд фeодалын-лалын шашны ёс ноёрхож, насанд хүрээгүй охидоо зарж, эмэгтэйчүүдээ чулуугаар шидэж алаад сууцгааж байна. 

 

Монголчууд бид гэрэл гэгээ рүү тэмүүлэхгүй юм бол Иран шиг, талибанчууддаа дээрэлхүүлсэн Афган шиг, эсвэл ердөө нэг зуухан жилийн өмнө данжаадуудад ноёлуулж байсан шиг цаг эргэн ирнэ. Манжаас өмнө бидний өвөг дээдэс хараа дээгүүр амьдарсан түүхтэй! Өнгөрсөн коммунист нийгмийн 70 жилд бид ах дүү СЭВ-ийн орнуудын хөрөнгө оруулалтаар л хөгжиж байсан. Боловсон хүчнээ Дорнод Европт мянга мянгаар суралцуулж, Зөвлөлт, герман, чех, унгар, румын, польш, болгар, серби мэргэжилтэнүүдээр Монголдоо заалгаж, удирдуулж байсан түүхтэй. Одоо барууны гуравдагч хөршүүддээ олон арван мянгуулаа ажиллаж суралцаж байна. Энэ том армийг үндэсний бүтээн байгуулалтдаа нэгэн зэрэг татаж чадвал хөгжил тун ойрхон байна даа.

 

 

Yргэлжлэл бий

редактор, судлаач-проф. Д.Баярхүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)