Д.Тогтохсүрэн: УИХ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх том зорилт тавьсан
- 2024-01-08
- Улс төр
- 0
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр болж, гурван асуудлыг хэлэлцлээ.
Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Үндсэн хуульд УИХ ээлжит чуулганы хуралдаан 75-аас доошгүй хоног хуралдахаар заасан байдаг. Хуулийн хугацаа дуусч байгаа учир УИХ-ын намрын чуулган энэ сарын сүүлээр завсарлахаар төлөвлөж байна.
УИХ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх том зорилт тавьсан. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар батлах шаардлагатай гэж үзсэн. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл зэрэг хуулиудыг УИХ-ын намрын чуулганаар багтаж батлах нь зүйтэй гэж үзлээ.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санаачилсан. Тус хуулийн гол зорилго нь Банкны хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байх хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой олон улсын байгууллага, банкуудаас “Хуулийн хэрэгжих хугацааг сунгаж өгөөч” гэдэг санал тавьсан. Иймд, Б.Баттөмөр нарын гишүүд санаачилсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, асуулт асууж тодруулснаар хэлэлцэхийг дэмжлээ.
Гуравдугаарт, Сонгуулийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулиар олон зүйлийг хориглосон. Тиймээс УИХ-ын гишүүд тойрогт ажиллахдаа анхаарах асуудлын талаар бүлгийн ажлын алба, СЕХ-оос мэдээлэл өгсөн. Дээрх гурван асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэлээ” гэв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Монголын банкны системд гажуудал үүссэн байсан. Энэ гажуудлыг 2021 оны нэгдүгээр сард гарсан хуулиар зассан. Нийт банкны хувьцааныхаа 20-иос доошгүй хувийг 2023 оны 12 дугаар сарын дотор арилжаалах үүргийг хуулиар өгсөн байгаа. Өнөөдрийн байдлаар таван банк хувьцаагаа арилжаалсан. Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк хувьцаагаа арилжсан. Ингээд үзвэл 6.5 хувь нь худалдагдсан гэсэн үг. Монголын мөнгөний эргэлтийн 70-80 хувийг барьдаг мөртлөө 3-4 эзэнтэй банкнууд байсан. Энэ байдал задарч 70 мянган хувьцаа эзэмшигчтэй болсон. Банкуудын өөрийн хөрөнгө 400 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ хуулийн шинэчлэл бол цаашид үргэлжилж, хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ. Ингэснээр нэгдүгээрт, банкны өөрийн хөрөнгө нэмэгдэж, зээлийн хүү буурна. Хоёрдугаарт, банкиар мөнгө угаах зэрэг хууль бус үйлдэл арилж, олон нийтийн хяналтад орох зэрэг сайн талууд байна. Монголын хөрөнгийн биржээр 830 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн” гэв.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Сүүлийн үед хүмүүсийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхэнд халдаж байна гэхчилэн ташаа ойлголт, мэдээллүүд явж байна. Ийм зүйл огт байхгүй. СЕХ-ны хуульч тайлбарлахдаа, хуулийн 47.4 дэх заалтад бүртгүүлээгүй цахим хуудсаар Сонгуулийн сурталчилгаанд ашиглаж, бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, худал мэдээлэл тараасан бол хариуцлага тооцох заалт бий. Энэ нь цагдаагийн байгууллагад өгсөн гомдлоор батлагдвал тодорхой арга хэмжээ авах тухай асуудал байгаа. Үүнээс биш олон нийтийн сүлжээг хааж, иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаах зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдээллье” гэв.
Сэтгэгдэл (0)