О.Цогтгэрэл гишүүний “зарга”-ын хариуд Г.Занданшатар дарга ямар захирамж гаргах вэ?!
- 2024-01-10
- Улс төр
- 1
УИХ-ын ээлжит сонгуулийн жил эхлээд хэд хонолоо. Ер нь энэ 2024 он тэр чигээрээ л энэ сонгууль зориулагдана. Харин цагаан сар хүртэл “чөлөөт цаг” үргэлжилнэ. Улс төр уугитал халах учиртай. Түүнээс хойш сонгуулийн хуанлийн дагуу явцгаана. Тэр дагуу л болж буй бололтой.
Улс төрийн хүрээнийхэн том жижиггүй, дээр дооргүй л сонгуулийн өмнөх зодоонд оролцож байна.
Энэ долоо хоногийн даваа гаригт АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр Бүлгийн дарга О.Цогтгэрэл “...Ногоон автобусны асуудлаар Түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжиж 25 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байна. Эрх баригчид ковидын үеийн төсөв, ногоон автобусны асуудлыг аль нэг нам руу чихэх боломжгүй. Тийм учраас сонсгол явуулахгүй байх хуулийн нугалаа гаргаж байна. Ирэх долоо хоногт чуулган завсарлахаас өмнө энэ хоёр асуудлыг заавал шийдэхийг АН-ын бүлэг шаардаж байна. Хэрвээ шийдэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар болон ТББХ-ны дарга Н.Энхболд нарыг Цэцэд өгнө” гэсэн юм.
Эндээс “...Цэцэд хандана” гэсэн нь анхаарал татав. Учир нь О.Цогтгэрэл шинэ гарсан жилийн эхний өдрүүдэд “...УИХ-ын даргыг Цэцэд өгнө” гэж мэдээлэл хийдэг “уламжлал”-тай шахуу болоод байгаа юм. 2022 оны нэгдүгээр сарын 10-ны даваа гаригт “...Бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг сольж өөрчлөөд УИХ-ын даргад албан бичгээр мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт бид мөн УИХ-ын даргад хүсэлтээ тавьсан ч биелүүлж өгсөнгүй. Тиймээс намын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангуулахын тулд өнөөдөр дахин шаардлага хүргүүлнэ. Шаардлагатай бол Цэцэд хандана” гэж байсан юм. Тэр нь удалгүй гүйцэлдсэн.
Харин энэ жилийн “зарга”-ыг нь УИХ-ын дарга Г.Занданшатар хэрхэн хүлээж авах вэ. Энэ их сонирхолтой. Мэдээж хэрэг, ковид, ногоон автобус зэрэг нийгмийн анхаарлыг татсан асуудлууд бий. Үүний зэрэгцээ УИХ-ын даргын гар дээр 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд очсон “...Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” гишүүдийн УИХ-03/9617 дугаар бүхий албан хүсэлт очсон. Тэр хүсэлтэд “...С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийг Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа шүүгчийн тусгай саналаар мөрдөн байцаалтад буцааж, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдол хууль хяналтын байгууллагуудын практикт үүсээд байна. С.Баярцогт нарын шалгагдаж шийдвэрлэгдсэн хэрэг нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан ашигласан, авлига хээл хахуультай холбоотой хэд хэдэн зүйл анги бүхий гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.
Үүнийг бүх эрх бүхий байгууллага шалгаж, шүүж дууссаны дараа ийнхүү хэрэгсэхгүй болгосон нь нийгэмд асар ихн сөрөг үр дагаврыг дагуулж байна. Иймд хуулийн ямар үндэслэл, журмын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар НПГ, АТГ-ын удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлэх зорилго бүхий ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах шаардлагатай” гэсэн байдаг. Тэр утгаараа УИХ-ын дарга Г.Занданшатар ямар захирамж гаргах нь сонин байгаа юм. Нэг дор хоёр сонсгол зарлавал гайхахааргүй л аж.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (1)
(103.57.92.210)
Монголчууд Өмнөд Солонгост очиж боолчлогддог, одоо бас Өмнөд Солонгосчуудад луйвардуулж байна. Монголчууд аа, Солонгос хүнс ба бараа битгий авцгаа, Солонгос руу битгий явцгаа!