Хуульч, өмгөөлөгч Ш.Алтангадас: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой шинэчлэлийн журам батлагдаагүй учраас үл ойлголцол гарсан байх
- 2024-01-10
- Нийгэм
- 1
Сүүлийн долоон жилийн дунджаар хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөс болж 110 хүн амь алдсан байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-нд батлагдсан Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд хүлээлгэх хариуцлага чангарсан юм. Хуулийн шинэчилсэн найруулгын талаар хуульч, өмгөөлөгч Ш.Алтангадастай ярилцлаа.
-Зөрчлийн болон Эрүүгийн хуульд орсон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой шинэ зохицуулалтын талаар хуульчийн хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Дэлхийн ихэнх оронд тээврийн хэрэгслийг ашиглахад онцгой шаардлага тавигддаг. Аль ч улс оронд тээврийн хэрэгслийг согтуугаар барих, жолоодох, ашиглах нь маш өндөр хариуцлагатай. Энэ бол тодорхой төрлийн гэмт хэрэг гэж ойлгож болно. Манай оронд ч бас үүнийг нийгмийнхээ зүй тогтол хувьслынхаа дагуу хуульдаа өөрчлөлт, шинэчлэлт хийж байна. Шинэчилсэн найруулга батлагдахаас өмнөх нөхцөл байдал бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаагаар хасч, мөн 300 орчим нэгжээр торгуулдаг байлаа. Ихэнх тохиолдолд жолооны эрхийг нэг жилээр хасч, ачигч машин 60 мянгаар хөлслөөд журмын хашаанд аваачдаг. Үндсэндээ 400, 500 орчим нэгжээр шийтгүүлээд хэсэг хугацааны дараа буцаад жолоодох эрх сэргээгдэх үед замын хөдөлгөөндөө хэвийн оролцоод явдаг байлаа.
Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа нь нэг арга хэрэгсэл гэж үзэж болно. Хууль, тогтоомждоо бид өөрчлөлт оруулах байдлаар туршиж байдаг. Туршина гэдэг энэ хууль оновчтой байна уу, үгүй байна уу мөн гарч ирэх асуудлуудыг шалгаж үздэг. 2023 оны 12 дугаар сарын 7 хүртэл хэрэгжиж байсан хууль нь оновчтой биш байсан. Энэхүү хууль нь тодорхой цаг хугацаанд үүргээ гүйцэтгээд харин одоо 2024 онд цаг үеэсэээ хоцрогдчихсон шийтгэлийн хэлбэр юм. Миний хувьд ингэж хардаг.
-Тэгвэл шинэ хуулийн зохицуулалтын талаар?
-Бид torguuli.mn сайтаас тээврийн хэрэгсэлийнхээ дугаарыг хийгээд хэдэн төгрөгийн торгуултай байгаагаа харж болдог. Тухайлбал буруу байрлалаар, зөвшөөрөлгүй газар зогсоолд байрлуулсан, дугаарын хязгаарлалттай өдрөө хөдөлгөөнд оролцдог гэх мэт шалтгаанаас торгуулийн маш өндөр дүнтэй үлдэгдлүүд бий болоод байсан. Бид жилд нэг удаа тээврийн хэрэгслийн оношилгоонд орох ёстой. Тэр оношилгоонд орохгүй ч яваад байж болдог. Иргэд хоёр гурван жил оношилгоонд орохгүй яваад л байдаг. Тухайн иргэн нь машинтайгаа нийгмийн харилцаанд оролцохгүй учраас торгууль бичигдсэн ч хөдөлгөөнд хэвийн оролцсоор л байдаг. Нэг хүнд ойролцоогоор 4, 5 сая гэдэг бол аймшигтай. Нэг торгуулийн хэмжээ 10-50 нэгж байгаа. Яаж яваад 4, 5 сая болтолоо өсч байна вэ гэхээр торгууль төлөх ухамсар нийт хүмүүст байхгүй байна гэж харж болно. Тийм учраас торгуулийн системд өөрчлөлтүүд оруулж эхэлж байна. Тухайлбал зөрчлийн тухай хуульд шинээр орсон хамгийн гол онцлогтой зохицуулалт юу вэ гэвэл зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсаны дараах 15 хоногийн хугацаанд торгуулиа төлөх ёстой. 15 хоногийн хугацаанд багтааж төлсөн тохиолдолд торгуулийг 50 хувиар хөнгөлнө.
Жишээ нь 50 нэгжээр торгуулсан хүн 25 нэгж төлнө гэсэн үг. Эдийн засгийн өгөөжтэй байгаа биз. Харин 15 хоногоос хэтрэх юм бол алданга нэмэгдэнэ. Ийм зохицуулалт оруулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл 4, 5 сая төгрөгийн торгуультай хүмүүсийн 2.1% нэмэгдээд явна гэдэг чинь хялбархан 6, 7 сая болох нь байна. Одоо тээврийн хэрэгслүүд илүү хяналттай болж эхэлнэ. Машинаа оношилгоонд оруулах ёстой хугацаанд нь оруулаагүй байвал торгуультай. Торгуулиа хугацаандаа төлөөгүй тохиолдолд торгууль нь нэмэгдэнэ. Хугацаандаа төлсөн тохиолдолд 50%-иар хөнгөлнө. Дүгнээд хэлэхэд зөрчил битгий гаргаарай, гаргасан тохиолдолд хариуцлагаа хуульд заасан хугацаандаа хүлээгээч ээ. Үгүй бол илүү өндөр хариуцлага үүрэх нь байна. Энэ зохицуулалт ихэнх оронд хэрэгждэг. Тухайлбал Англи, Хятад, Солонгос гэх мэт. Гол онцлог нь ерөөсөө л энэ байгаа юм. Түүнээс гадна Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн хувилбарт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ хүний өмч хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулаагүй ч тээврийн хэрэгсэл жолоодох нь өндөр хариуцлага хүлээдэг болсон.
-Шинэчилсэн найруулгын хамгийн гол ялгаа нь товчхоноор аль нь вэ?
-Анхаарах ёстой зүйл байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 27.10.5 болон зөрчлийн тухай 14.7.5 хэсгүүд нь яг ижилхэн. Гэхдээ хүлээлгэх хариуцлага нь өөр байгаа. Хийх үйлдэл нь яг ижилхэн, хүлээлгэх хариуцлага нь хоёр өөр. Үүнээс ямар нөхцөл байдал үүсэх вэ гэхээр иргэн хоёр хуулийн алинаар ч шийтгэл оногдуулах боломжтой болж байгаа юм. Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг нэг жилийн хугацаанд жолоодох эрх хасаад, 400 нэгжээр торгох боломжтой. Аль эсвэл эрүүгийн хуулийн 27.10.5-т зааснаар 1-3 жил хүртэлх хугацаагаар эрх хасаад, 2700-14000 хүртлэх нэгжээр торгоод, 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ хоёр шийтгэлийг алийг хүн сонгох вэ гэвэл хөнгөн хэлбэрийг сонгоно шүү дээ. Эрүүгийн хууль аль хэсэгтээ үйлчлэх юм, зөрчлийн тухай хууль нь ямар нөхцөлд үйлчлэх юм гэдгээ ялгаж, зааглаж тодорхой харуулах хэрэгтэй.
Өмнө нь зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар жолоодох эрх хасдаг байсан бол одоо 1-3 жил хүртэлх хугацаагаар хасч байна. Эрхээ хасуулах хугацаа урт болсон байна. Торгууль өмнө нь 350 орчим нэгж байлаа, одоо бол 2700 нэгжээс 14000 нэгж хүртэлх дүнгээр торгуулах юм. Өмнөх торгуулийн дүнгээсээ харьцангуй өндөр байгаа биз. Тиймээс согтуугаар жолоо барих нь ийм хэмжээний хариуцлага хүлээдэг болсныг анхаарах хэрэгтэй.
-Хуулийн шинэ зохицуулалт энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой. Гэтэл дагалдаж гарах журам батлагдаагүй, албажаагүй гэх янз бүрийн шалтгаанаар замын цагдаа нар хэргийг шийдвэрлэхгүй, хурааж байгаа талаарх мэдээлэл бий. Ямар учиртай юм бол?
-Энэ цаг хугацаанд цоо шинэ юм хийж байгаа бол хангалттай хугацаа тавьж өгөөд танилцуулах ажлыг Засгийн газар хийх ёстой байсан. Үүнийг хийгээгүй. Энэ хууль гарснаар эрх хасах тодорхой шийдвэр гаргах үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам журам батлах ёстой. Торгох шийтгэлийг нэмэгдүүлэх хугацаа тогтоох аргачлалыг УЕПГ, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж байгаа. Тэр журам нь гараагүй бололтой. Анхан шатны нэгж дээр ямар асуудал болоод байгааг нарийн мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн шинэчлэлтийг таниулах хугацаа хангалттай байгаагүй. Хоёрт, өөрсдөө хууль тогтоомжид оруулсан шинэчилсэн дүрэм журмаа батлаагүйн төлөө нийгэмд ойлгомжгүй байдал бий болгож байна. Үүнээс үүдээд хэрэг шийдэгдэхгүй гацах, удах асуудал үүссэн байх.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг бусдын эрүүл мэнд, амь насанд шууд халтай. Энэ талаар жолооны ард суухдаа л боддог баймаар?
-Энэ нь зөвхөн согтуугаар тээврийн хэрэгсэл барих дээр харагдаад байгаа юм биш. Монгол хүний уг мөн чанар өнөө үед ийм байгаад байгаа. Хариуцлагагүй, хэнэггүй, хайнга, юм мэддэггүй, асуудлыг илүү бодитойгоор хардаггүй. Энэ бол илүү өргөн хүрээний сэдэв. Согтуурсан, мансуурсан хүн тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг бол аймшиг. Энэ бол хэзээ ч байж болохгүй зүйл. Гэхдээ үүнийг хийх эсэх нь ухамсрын асуудал. Тиймээс дан ганц ухамсарт найдаад хаях нь өрөөсгөл учраас ухамсрыг ямар нэг зүйлтэй холбох ёстой юм. Хэрвээ иргэн ямар нэгэн осол аваар хийгээгүй ч согтуугаар машин баривал маш өндөр хэмжээний торгуультай.
Н.Нарванчин
Сэтгэгдэл (1)
(103.57.92.210)
Орон сууцаа чагнуулж байгаа айлуудад шинэ орон сууцнуудыг өгцгөө! Сүүлийн 30 жил чагнуулж байгаа айлууд нь 3 тэрбум төгрөгний хохирол амссан юм.