АН-ынхан “..Ах нар аа, зайлж сур” гээд намын дарга нь “...Нааш ир” гэж уриад...

Цагаан сар хүртэл Монголын улс төр зарим талаар учир нь олдохгүй бужигнах шинжтэй байна. Энэ нь УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбоотой. “...Сонгуулиар хэнийг нэр дэвшүүлэх вэ” гэдгийг шийдэх нь улс төрийн маш том эрх мэдэл юм. Тиймээс АН дахь яг ийм эрх мэдлийн төлөөх далд зодоон эхэлсэн. Өчигдөр, уржигдраас ил гарах төлөвтэй болж байна. Гэхдээ ямар ч намын тухайд хэн дарга байхаас үл шалтгаалаад хэнийг хаана нэр дэвшүүлэх вэ гэдэг илүү чухал болоод байгаа юм. Тэр тусмаа АН өнөөдөр тэр шийдлээ гаргасан байх учиртай. Гэвч нийтийн нүдэн дээр үе, насаараа үзэлцэж байгаагаас нь харвал хэн нь тойрогт явж, хэн нь жагсаалт руу орохоо шийдэж амжаагүй, байгаа бололтой.

 

Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “...Цагийн юм цагтаа гэдэг. Манай ах нар улс төрөөс зайлж сурвал Монголд том тус болно” гэчихжээ. Тэрбээр энэ үгийг АН-ын даргад яригдаж байгаа Н.Алтанхуягт зориулж хэлсэн юм даг уу даа. Н.Алтанхуяг ч дуугүй байлгүй, эхлээд О.Цогтгэрэлийг “...Бацаан” гэчихсэн бололтой юм. Уг нь энэ хоёр эрхмийг нутаг ус нэгтэй, нарийн яривал бие биедээ ингэж хэлэх битгий хэл, өөр бусад хүнийг ингээд яривал өмөөрөх шалтгаантай гэдэг. Бүү мэд дээ.

 

Гол нь АН-ын УИХ дахь бүлгийг ахалж байгаа улстөрчийн үг “ах нар”-т нь ихээхэн эмзэг тусаж буй бололтой. Энд тэнд бухимдсан “партизан”-ууд олон болж байна. Харин АН-ын дарга Лу.Гантөмөрийн байр суурь түүнийхээс өөр байна. Тэрбээр “...Би АН-аас хөөгдсөн бүх хүний гишүүнчлэлийг сэргээнэ. Намын дарга байх хугацаандаа нэг ч гишүүнээ хөөхгүй” гэж мэдэгдэв. Тэрбээр “ах нар”-аа хөөж туухгүй нь бололтой. Харин ч “...Намдаа ирээрэй, нааш ир” хэмээн урьж байна. Ер нь бол Лу.Гантөмөрийн хувьд намын дарга болсон цагаасаа АН-ынхаа хэдэн фракцын удирдагчдын дунд “халиуны зулзага” болж яваа л даа. Хүчний харьцааг нь тэнцүүлэх хүнд л дээ. Тиймээс л анх АН-ын дарга болохдоо хэлээд байсан “цэвэрлэгээ”-гээ орхихоор шийдэж буй бололтой. Тэгэхээр АН энэ сонгуульд лидерүүдээ жагсаалтад бичиж, залуусаа тойрог руу явуулах магадлалтай болж байгаа юм. О.Цогтгэрэлийн “үг”-ийн агуулга ч үүнийг илэрхийлж байна.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.11.192.34)

    2024-01-11

    ta 2 hoyulaa zailchih tehuu