Эрдэнэбилэгизм III буюу Монголын төрийн завхрал
- 2024-01-11
- Нийтлэл
- 0
Улс төрийн түүхэн том наймаа 2024 оны сонгуулиар болох магадлал өндөр. Жишээ нь АН-ын Сүхбаатарын талбайн зүүн талд байсан байрыг Д.Эрдэнэбилэг худалдан авч буулгасан. Тус газар дээр өндөр ордон бариад өгье, бас сонгуулийн чинь бүх зардлыг хангалттай санхүүжүүлэх саналаас АН татгалзах уу? АН ялбал барьцаанд нь Эрдэнэтийн 49 хувийг түүнд буцааж өгөхийг амлах тохиролцоо хийх үү? МАН-д ч бас цаг эргэхийг хүлээж буй бүтэн фракц байгаа, тэд юуг яаж хэрхэн наймаалцахыг таашгүй.
Должингийн Эрдэнэбилэг гэдэг хүн, хувь хүн гэдгээс илүү XXI зууны монголын ЭРДЭНЭБИЛЭГИЗМ болтлоо оршин тогтнолоо тунхагласан шинэ үзэгдэл. Өнөөдөр Монгол Улс маш олон Эрдэнэбилэгтэнгүүдтэй болсныг батлах ЖДҮ, Боловсролын зээлийн сан, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэргүүдийн бодит байдлын зарим хэсэг нь сонсгол нэртэй бүлэглэл хоорондын зодооны үйл явцаас хагас хугас ч гэсэн тодров. Манай улс төрийн тогтолцоо, засаглал, олон нийтийн үзэл бодол, тэдний сонголт нь Эрдэнэбилэгүүдийг бойжуулан, хүчирхэгжүүлсээр байна. Төрийн салаа мөчир бүр авилгалд баригдаж, улс төр, санхүүгийн олигархууд монголын төрийг бүрэн эзэлжээ (state capture).
Одоогийн Д.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ тухай тодорхой хэмжээгээр ярьж байгаа ч өнөөгийн байдлаар хэн ч, хэзээ ч, ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байгааг тэмдэглэх хэрэгтэй. АТГ, Цагдаа нь олон гэмт хэргийг илрүүлж шүүхийн байгууллагад шилжүүлсэн гэх боловч прокурор, шүүх шийдвэрлэх түвшинд очоод гацдаг, эргэж буцдаг, хойшилдог, хэрэг нь тусгаарлагддаг, аль нэг холбогдогчийг өөрсдөө гадаад руу явуулчихаад ирээгүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдахгүй аргалсаар. Үр дүнд нь хэргийг замхруулан мартуулах, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх мэтээр завших нь жинхэнэ хэрэгтэн гэдгийг нотолсоор байна.
Шударга ёс алдагдаж, ямар нэгэн аргаар баяжих, шүүгчийг худалдан авах, хэн байхаас хамааран хууль ялгаатай үйлчилдэг, олигархууд хүссэн бүхнээ хийхийг харсаар иргэд энэ бүхэнд дассан мэт харагдав ч, нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх магадлал өссөөр байна. Нийтийн хөрөнгийг хэрхэн залилан завшиж, яаж зугтан зайлдаг тухай түүх, баримтыг энэ нийтлэлээр тодорхой өгүүлэх болно.
Хамгийн том банкны эзэн нь оргон зугатав.
2016 онд "Эрдэнэбилэгизм-Монгол ардчиллын шинэ үзэгдэл", 2019 онд "Эрдэнэбилэгизм II-Монголын авлигын ээлжит драм" гэсэн хоёр нийтлэлийг мөн бичиж байлаа. Энэхүү хоёр нийтлэлд улсын хөрөнгө мөнгөөр яаж баяжсан тухай дэлгэрэнгүй өгүүлсэн. Үүнийг энэ удаад товчлон сийрүүлбэл: Зуун солигдох үеэр нийслэлд ямар нэг газар эзэмшлийн зөвшөөрөл авах, барилга байшин барихын тулд Улаанбаатар санд хандив өгөх, хэдэн өрөө байр хотын удирдлагуудад бэлэглэхэд хангалттай байв. Энэ нь нийслэлийн өнөөгийн замбараагүй, төлөвлөлтгүй барилгууд, замын түгжрэлийн суурь шалтгаан юм. Хандивын хөрөнгөөр Улаанбаатар санг бүрдүүлж, төдөлгүй тус сангийн мөнгөөр Улаанбаатар хотын банкийг байгуулав. Нийслэлийн нийт албан байгууллагын татварын дансыг албадан байршуулснаар тус банкны актив хурдтай томорч, өөрийн хөрөнгөө яаралтай өсгөх шаардлага гарч байв. Д.Эрдэнэбилэг банкны дүрмийн санг өсөх бүрт хувьцаагаа нэмсээр нэг их удалгүй 99 хувийг нь эзэмших болсон. Мөн түүнд Сүхбаатрын талбайн талыг, бусад 7-8 цэцэрлэгийн талбайг эзэмших эрхийг өгчихсөн байв. Эдгээрийг хамтран үйлдсэн, хам хэрэгтэнгүүд нь М.Энхболдоос эхлээд Э.Бат-Үүл хүртэлх хотын бүх дарга нар.
Тэрээр Улаанбаатар банкны мөнгийг өөр дансанд түр байршуулан ХХБ-ыг “Жерард метал” компаниас 70 сая доллараар худалдаж авав. Тэгээд хоёр ч банкаараа эдийн засгийн бүхий л салбарт хараа хяналтаа тогтоосон. Хэвлэл мэдээллийн байгуулагууд болох телевиз (Bloomberg Mongolia), сэтгүүл (Forbes Mongolia), сонинг (Засгийн газрын мэдээ) мөнгөөр цохин худалдан авч, өөртөө ашигтай мэдээ, мэдээллийг ард түмэнд түгээдэг болов. Энэ бүхнийг “хамтран” үйлдэгчид бол төр засгийн үе, үеийн удирдлагууд, улс төрчид.
Тэрээр улс төрчдийг санхүүжүүлж, сонгуулийн сурталчилгаанд тэрбумаар нь мөнгө хаяж, Ерөнхийлөгчөөс нь эхлээд төр засгийн хамгийн өндөр албан тушаалтнуудыг толгой дараалан “худалдан авч” байв. Улмаар өөрийн бизнест ашигтай хууль журам гаргуулж, төрийн бүх салбарт ялангуяа хуулийн засаглалд өөрийн хүмүүсийг шургуулсаар ирэв.
Тэрээр хувьчлах схемээ өөрөө зохиож, “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” зэргийг ХХБ-аараа дамжуулан эзэмшилдээ оруулав. Өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн борлуултанд хяналтаа тогтоосон байлаа. Түүнчлэн “Багануур”, III, IV дулааны цахилгаан станцыг эрхшээлдээ оруулах бэлтгэлээ хангаж эхлэв. (Өдрийн сонин, 2016.10.03-ны дугаар)
Энхтайвны өргөн чөлөөнд байсэн хүүхдийн номын сангийн түүхэн барилгыг буулгаж, оронд нь ХХБ-ныхаа шилэн барилгыг 27 тэрбум төгрөгөөр босгов. Барилга дуусахаас өмнө 11,12 дугаар давхрыг нь төрийн өмчийн Хөгжлийн банкинд 27 тэрбумаар, өөрөө банкаараа дамжуулан эзэмшдэг МИК компанид 10 дугаар давхрыг нь 15 тэрбумаар худалджээ. Д.Эрдэнэбилэг төрийн өмчтэй байгууллагуудаас мөнгө босгох, тэдэнд бараа үйлчилгээ борлуулдаг хосгүй “авьяастан”. Үүнийг тэр үеийн Засгийн газар мэдээгүй дүр эсгэж байв. Тэрээр зөвхөн Монгол Улсын төртэй байтугай ОХУ-ын төртэй наймаалцаж иржээ.
Монгол Улсын Засгийн газрыг “Эрдэнэт” үйлдвэрийг худалдан авах эрхээс нь татгалзуулж, улмаар “Монголросцветмет” компанийн 49 хувийг ОХУ-ын Засгийн газраас худалдан авч амжив. Худалдан авахын тулд 400 сая америк доллар босгосон. Үүний 30 хувийг Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банкнаас өөрийн эзэмшлийн “Кью Эс Си” компаниар дамжуулан авсан. Харин үлдсэн 70 хувийг ХХБ-наасаа өөрийн болон төрийн сайд, хотын даргатай холбоотой дөрвөн компанид зээл олгох замаар бүрдүүлж, сонгуулиас хэдхэн өдрийн өмнө нь байгуулсан “Монголиан Коппер Корпорейшн” компаниараа дамжуулан ОХУ руу шилжүүлжээ.
“Эрдэнэт” үйлдвэрийг өөрийн мэдэлдээ оруулсны дараа 2016 оны 3 дугаар сараас8 дугаар сарын хооронд зэс хямдаар аваад, цааш нь өндөр үнээр борлуулах, ногдол ашиг хуваарилах зэргээр 120 сая доллар гаргуулан, нэмж Монголбанкнаас 78 сая долларын “зузаатгал”, Сангийн яамнаас 72 сая долларын зээл тус тус аваад ХХБ-аас гаргасан зээлээ хаажээ. Мэдээж энэ бүхнийг Д.Эрдэнэбилэг тухайн үеийн Засгийн газрыг тэргүүлэгч Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар болон сайд Н.Батбаяр, Б.Болор, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нарын оролцоогүйгээр хийх боломжгүй байсан.
Ийнхүү төсвийн хөрөнгөөр 49 хувийг авсан учир, төр засагтай харилцан өглөг авлагаа тооцоод төрд шилжүүлэх тухай УИХ-ын шийдвэр гарсан ч “Монголиан Коппер Корпорейшн” компани хүлээн зөвшөөрсөнгүй. Тус шийдвэрийг гаргасан УИХ-ын чуулган дээр тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эрдэнэт чинь “хөгшрөөд ширгэж байгаа саалийн үнээ” шүү, хувьд өгсөн нь зөв хэмээн хамгаалж байлаа.
Ийнхүү луйврын шинжтэй үйл ажиллагааг Монголын шүүх нь хойшлуулсаар найман жилийн нүүр үзэж байна.
Сингапураас цаг эргүүлэх ажиллагаа
Одоогоор Д.Эрдэнэбилэг Сингапур улсад залран суугаа ажээ. 2023 оны 2 дугаар сард мөрдөн байцаалтад саатуулагдаад байсан Д.Эрдэнэбилэгийг СБД-ийн нэр бүхий шүүгч 3 тэрбум төгрөгийн барьцаа аваад Сингапурт эмчилгээнд явах зөвшөөрөл олгосон. 14 хоногоор явсан хүн арваад сар болсон ч Монголд эргэж ирсэнгүй, хэн ч ирүүлэх талаар арга хэмжээ авсангүй. Барьцаа нь улсын орлого болсон байх. Тэр мөнгө бол түүнд юу ч биш. Интерполоор хайсан гэх ч тэр хуульчид хөлслөн Засгийн газраас дахин тодруулга нэхэмжилж байгаа сурагтай. Уг нь бол НҮБ-ийн авилгын эсрэг конвенцоор албадан ирүүлэх боломжтой.
Тэрээр Сингапурт бүртгүүлсэн Бороо Пте (Boroomc.com.sg) гэх компанидаа олон арван сая доллар Монголоос шилжүүлэн авч, Перу улсад алтны уурхай Barrick Gold компаниас 2021 онд худалдан авч, нэрийг нь “Minera Boroo Misquichilca SA” болгожээ. Энэ компанийн цахим хуудсаас харвал удирдлагад нь ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар Эрдэнэбаатарын Дөлгөөн, дэд ерөнхийлөгчөөр Эрдэнэчулууны Алтан-Очир зэрэг монгол хүмүүс, мөн хэд хэдэн гадаад хүмүүс байна. Эдгээр мэдээлэлд ТУЗ-ын даргын нэр нь байхгүй хэдий ч, тэр нь бол эзэн Д.Эрдэнэбилэг өөрөө. Энэ уурхай 2023 онд 175.000 унц буюу 5 тон алт олборлоно гэсэн нь өнөөгийн ханшаар 330 сая ам.доллар. Эндээс зардал хасаад 200 сая орчим доллар буюу 680 тэрбум төгрөг Д.Эрдэнэбилэгийн мэдэлд ирнэ.
Энэ мөнгө 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, санал худалдан авах, улмаар төрийн эрх мэдэлд өөрийг нь өршөөх, цагаатгах нам, нэр дэвшигчдийг дэмжихэд зарцуулахаас өөр сонголтгүй. Ийм сонголтгүй сонголттой Эрдэнэбилэгтэнгүүд (Эрдэнэтийн 49 хувь, ногоон автобус, ЖДҮ, нүүрсний хулгай, “шувуунууд”) шүүхээ хойшилуулсаар, 2024 оны сонгуулийг худалдан авч, хэргээ арилгахаар өдрөө тоолон хүлээж суугаа.
Улс төрийн түүхэн том наймаа 2024 оны сонгуулиар болох магадлал өндөр. Жишээ нь АН-ын Сүхбаатарын талбайн зүүн талд байсан байрыг Д.Эрдэнэбилэг худалдан авч буулгасан. Тус газар дээр өндөр ордон бариад өгье, бас сонгуулийн чинь бүх зардлыг хангалттай санхүүжүүлэх саналаас АН татгалзах уу? АН ялбал барьцаанд нь Эрдэнэтийн 49 хувийг түүнд буцааж өгөхийг амлах тохиролцоо хийх үү? МАН-д ч бас цаг эргэхийг хүлээж буй бүтэн фракц байгаа, тэд юуг яаж хэрхэн наймаалцахыг таашгүй.
Ийнхүү Эрдэнэбилэгтэнүүд ирэх сонгуулийг, улмаар төр, засгийг бүхлээр атгахаар бүх бэлтгэлээ хангаж байна. Асуудлын гол нь ганц Эрдэнэбилэгт гэхээсээ илүү Монголын улс төрийн намын санхүүжилт, тогтолцоо систем нь олигархууд төрөх, бойжиж хүчирхэгжих хөрс болсоор байгаа юм.
Гэвч улс төр, санхүүгийн олигарх гэмт бүлэглэлүүд монголын ард түмний ухамсар, эрх чөлөө, итгэл үнэмшлийг худалдан авахад хүч дутна гэж найдаж байна. Олон зуун жилээр тэмцэж асар их үнэ цэнээр олж авсан эрх чөлөө, эх нутгаа хэдхэн луйварчдын тоглоомонд барьцаа болгон өгөх ард түмэн бид биш шүү дээ.
Нийтлэлч Д.Жаргалсайхан
Сэтгэгдэл (0)