Чингүн гүнж
- 2024-01-12
- Нийтлэл
- 0
Чингүн хатан монгол хүмүүст энэ газар нутгийг хэвээр нь сахиулах эрмэлзэлтэй байсан тул монголчууд Гүнжийн сүмийг ихэд хүндэтгэн дээдэлдэг байжээ. Эдүгээ нийслэл Улаанбаатар хотоос холгүй оршихТэрэлжийн ууланд байх нэгэн жижиг сүмийг хүмүүс Гүнжийн сүм хэмээн хүндэтгэн нэрийддэг нь угтаа Халхын Түшээт хан Дондовдоржийн их хатан, Манжийн Чин гүрний Энх Амгалан хааны охин хичээнгүй Амарлингуй Чингүн хатны дурсгалтай холбоотой юм.
Халхын Түшээт хан, Дархан чин ван Дондовдоржийн хатан Чингүн нь манжийн Энх -Амгалан хааны гүнж охин нь байв. Чингүн хатныг хичээнгүй Амарлингуй гүнж гэдэг байсан бөгөөд манж нэр нь Гингтүн / Көжүн / элхэ гэдэг байжээ. Чингүн хатан улаагчин үхэр жил буюу 1697 онд Энх Амгалан хааны зургадугаар охин болон мэндэлжээ. Манжийн Энх-Амгаланхаан зарлиг гаргаж Көжүн гүнж охиноо Халхын чин ван Дондовдоржид хатан болгон хайрлажээ. Дархан чин ван Дондовдорж бол үнэн сүсэг бишрэл төгссөн Очрай бат сайн хаан хэмээн алдаршсан Халхын Түшээт хан Чахундоржийн ач хөвгүүн байв. Тэр бээр Түвд оронд Манжийн хааны өмнөөс тэрслэн хөдөлсөн самууныг дарж , нэр хүндтэй нэгэн болсон байв. Көжүн гүнж багаасаа цовоо сэргэлэн, ухаалаг охин болж өсчээ. Көжүн гүнж өсвөр насандаа Манжийн хааны ордонд төрөл бүрийн эрдэм номонд төгс мэргэшсэн тусгай багш нараар хичээл заалгаж, хичээнгүйлэн суралцаж эрдэм номд сайтар боловсорчээ.
Көжүн гүнжийн эцэг Манж Чин улсын Канси хаанбуюу Энх- Амгалан хаан / 1654 – 1722 /Манж Чин гүрний хамгийн хүчирхэг хаан байсанюм. Канси буюу Энх –Амгалан хааны үе бол Манж Чин улсын хамгийн хүчирхэг алтан үе байлаа.Энх-Амгалан хааны эмэг эх ньБумбатай хэмээх нэртэй Манж Чин Улсын Их хатан байлаа. Бумбатай хатан ач хүү Энх Амгалангийн хүмүүжил боловсролынх нь ажлыг хариуцан гардажач хүүдээ тэр үеийн нэртэй эрдэмтэн багш нараар ном хичээл заалгаж байв. Энх - Амгалан хаан багадаа их хичээнгүй сайн сурагч байжээ. Энх Амгалан хаан өөрийн дурдатгалдаа “ Би багадаа заавал уншиж ойлгох номоо чангаар 120 удаа уншиж, дараа нь цээжээр 120 удаа ярьдаг байсан. Ингээд номын нэг хэсгийг цээжлээд дараагийн хэсгийг цээжилж эхэлдэг байсан. Ингэж л хичээл хийдэг байсан даа” хэмээн дурсаж байжээ.Бумбатай их хатан ирээдүйд Манж Чин улсын их хаан болох ач хөвгүүндээ монгол үлгэр домог, зүйр цэцэн үг, монголчуудын түүх, Чингис хааны тухай ярьж өгдөг байв.Бумбатай хатаны ач хөвгүүн нь их цовоо сэргэлэн, эрдэм номыг түргэн сурдаг, морь унаж, ан гөрөө хийхдээ гаргуун, нум сумаар сайн харвадаг цэцэн мэргэн хүү байлаа. Ийм ч учраас Энх Амгалан хаан эрийн цээнд хүрч төрийн эрхийг гартаа авсан цагаас эхлэн монгол эмэг эхийнхээ зааж сургаснаар монголчуудад олон удаа тус хүргэжмонголчуудыг аварч байсан нь түүхэнд бичигдэж үлджээ. Энх - Амгалан хаан монголын алтан урагтай худ ураг бололцож байв. Энх - Амгалан хаан 4 их хатан,68 татвартай байсан. 35 агь хөвгүүн, 20 гүнж охинтой байсан. Энх Амгалан хааны 4 гүнж охин монголын ноёдтой ураг барилдаж хатан нь болж байжээ.Манж Чин гүрний эзэн хаан Энх-Амгалан өөрийн 35 хөвгүүн, 20 гүнжийнхээ боловсролд ихэд анхаардаг байлаа. Энх-Амгалан хаан хүүхдүүдийнхээ хичээлийн хуваарийг нарийвчлан гаргаж өглөөний 03 цагаас эхлэн эртлэн босгож өглөөний 05 цаг хүртэл өчигдрийн хичээл номыг нь давтуулж өглөөний 9 цагт өөрийн биеэр хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг нь шалгаж,аль нэг номын гарчгийг таамгаар зааж энэ гарчгийн номыгцээжээрярь хэмээн тэдний оюуны чадлыг нь сонждог байжээ. Эзэн хааны хүүхдүүд нь өдрийн 11 цаг хүртэл хичээллээд 11 цагаас үдийн 13 цаг хүртэл өглөөний цайгаа зооглодог байв. Үдээс хойш 14 цагаас 17 цаг хүртэл багш нараараа хичээл заалгадаг байв. Хятад ханз үсгийг зөв бичдэг болтол нь зуун удаа бичүүлдэг байв. Энх Амгалан хаан улс орныхоо хамгийн эрдэм мэдлэгтэй багш нарыг сонгон авч хүүхдүүддээ хичээл заалгаж тэднийгээ эрдэм боловсролтой хүмүүс болгож байжээ. Хааны олон хөвгүүдулс гүрнийхээ эзэн хаан, эрдэмтэн, мэргэд,яруу найрагч, бичгийн их хүн болцгоож байв. Хааны олон гүнж нар боловсролтой мэргэн хатад болцгоож байв.Көжүн гүнж тэдний нэг нь байлаа.
Көжүн буюу Чингүн гүнж Монголд анх бэр бууж ирэхдээ хасын цагаан царайтай, өтгөн хар хөмсөгтэй, гоолиг сайхан биетэй, хэн бүхний сэтгэлийг татах эелдэг ялдам ааштай, мэргэн ухаантай, үзэсгэлэн төгөлдөр залуухан бүсгүй байжээ. Чин ван Дондовдорж манжаар ярихгүй, гүнж монгол хэл мэдэхгүй тул анхандаа тэд хоорондоо хэл нэвтрэлцэхгүй байсан болов ч удалгүй бие биеэ ойлгон мэдэлцэх болжээ. Гүнж төрөлхийн сэргэлэн ухаалаг,эрдэмтэй бүсгүй тул тул Монгол нутагт ирээд Түшээт ханы охид бүсгүйчүүдтэй дотночлон танилцаж, өдөр бүр ярилцсаар монгол хэлийг сайтар сурчээ. Босоо монгол бичгээр ч бичиж сурчээ.Монголын судар номыг ч уншдаг болов. Чингүн гүнж эр нөхөртөө хайртай, халамжтай, монголчуудад ихэлэгтэй байжээ. Чингүн гүнж монголын Түшээт хан Дондовдоржийн хатан болоод гурван хүүхэд төрүүлж өсгөжээ. Чингүн хатан Халхын хамгийн өндөр сурвалжит Түшээт ханы залгамж, язгууртан хүний гэргий болсны хувьд, нөхрийнхөө удам угсааг хүндэтгэн дээдэлж, хүүхдүүдээ ч тэр ёсоор сурган хүмүүжүүлэхдээ, тухайн үеийн төрийн албан ёсны хэл байсан манж, хятад хэлнээс гадна монгол бичиг, ёс заншил, түүх соёл зэрэг эрдмийг заах сайн багшийг тусгайлан сонгож хүүхдүүддээ эрдэм ном заалгаж байв.
Чингүн гүнж эцгийнхээ хан суурийг зүй ёсоор залгахууган хүү Рэнцэндоржоо өсгөхдөө онцгойрон анхаарч, өөрийн эцэг, манжийн Энх Амгалан хааны зээ гэхээсээ илүүтэй Эзэн БогдЧингис хааны шууд удмын сурвалжит язгууртан хөвгүүн гэдгээ илүү мэдрээсэй хэмээн хүсч байв. Иймд хүүдээ багаас нь монгол номын багшаас гадна, шууд асран хүмүүжүүлж, байнга дэргэд нь байх монгол өрлөг эхийг томилж, өөрөөсөө илүүтэй түүний нөлөөнд өсгөж, жинхэнэ монгол язгууртан болгон төлөвшүүлэн өсгөжээ. Рэнцэндорж ч энэхүү өрлөг буюу хөхүүл монгол эхдээ төрсөн эхээсээ өөрцгүй хайртай байж, түүний багаас хүүрнэн өгүүлсэн зүйр цэцэн үг, үлгэр оньсого, түүх цадигийг дуртайяа сонсож, өөрийн шууд өвөг удам болох Чингис хааны үйл хэрэг, удам судар, Халх Манжид хэрхэн дагаар орсон учир шалтгаан зэргийг нарийн ухаж мэдэх болжээ. Ийнхүү Рэнцэндорж хан хүү Манжийн хааны зээ хүү, харьяат хамжлага гэхээсээ илүүтэй удам судар, нэр төрөө дээдлэгч монголын сурвалжит язгууртан болж төлөвшжээ.
Чингүн гүнж хүүхдүүддээ Манжийн хааны язгуур угсаа, манж үндэстэн хэрхэн хүчирхэг болсон, манж нар Хятад орныг хэрхэн байлдан эзэлсэн, өөрийн эцэг, агуу хаан Энх Амгалангийн тухай ярьж: "Урагш нэг алхаад хойшоо харах хэрэгтэй" хэмээн сургаж, "Богдын сургаалыг сэнхрүүлэн бадраасан бичиг", "Энх Амгалан хааны бодлогын бичиг" зэрэг чухал номыг эх хувийг нь өгч уншуулж судлуулдаг байв.Эдгээр ном судар нь тухайн үедээ Манж дайчин гүрний нууц чухал баримт бичигт тооцогддог учраас хүн бүрт уншуулдагтүй нууцалж байсан боловчЭнх Амгалан хааны зээгийн хувьд Рэнцэндорж л уншиж судлах эрхтэй байв.
Рэнцэндорж багаасаа манж, хятад бичигт сүрхий боловсорсон учир Энх Амгалан хааны бодлогын бичгийг түгдрэлгүй уншиж, нэвтэрхий сайн мэдэх болов. Рэнцэндорж эдгээр ном судраас Энх Амгалан хаан Ойрад, Халхын хямралыг хэрхэн зохицуулсан,Халхыг хэрхэн аварсан,эцсийн эцэст Халхыг түйвээсэн Ойрдын Галданг хэрхэн ялсан тухай ихийг ойлгож ухаж мэджээ. Рэнцэндорж хожим төрийн алба хаах болсон үеэсээ, Манжийн хааны хятад орныг захирах төрийн нууц бодлогыгнэвт мэддэг болжээ.
Чингүн хатан ийнхүү нөхрөө бага хатан буулгахаас өмнө гурван хүүхдийн эцэг болсоныг нь сануулж, Дондовдоржийг заримдаа манж нарыг таалахгүй, тэднийг муу хэлсэн үг гаргахад нь анзаараагүй байдал гаргадаг байжээ. Ихэнхи тохиолдолд нөхөрөө хамгаалж алдаа дутагдлыг нь манжийн хаанаас нуудаг байв. Гэвч энэ нь Манжийн хааны ордонд сонсогдож , Чингүн хатан зэмлэл хүртдэг байв. Тухайлбал: Манжийн эзэн хааны зарлигаар чин ван Дондовдоржийг эрх нөлөөгөө ашиглан, гадаад улс буюу хаант Оростой зөвшөөрөлгүй дур мэдэн харилцав гэдэг шалтгаанаар Түшээт ханы хэргэмийг эвдэж, сул ван болгохдоо Чингүн хатныг энэ мэт ноцтой явдлыг цаг тухайд нь мэдэгдээгүй хэмээн зэмлэл хүртээсэн байна. Энэ явдалд дургүйлхсэн Дондовдорж: "Би монголын хан хөрш улстай найртай сайхнаар харилцахад юунд үл болох билээ. Энэ чинь түмэн улсын ашид тогтоосон ёс биш билүү" хэмээн гоморхож байжээ. Чингүн хатан нөхрөө Манжийн ордны элдэв хардлага сэрдэлтээс хамгаалсаар байв. Чингүн хатан явдал учрыг хангалттай мэдэж байсан ч, хаан эцгийнхээ үгийг дагахаас илүүтэй нөхрөө төрд тэрсэлсэн хэргээр ял халдаж, гурван хүүхдэд нь балаг болчих вий хэмээн ихэд болгоомжилж, Дондовдорж вангийн элдэв хурц яриа нь хаан эцгийн нь ордонд хүрчих вий хэмээн нөхрөө элдэв үг гаргахаас ихэд сэргийлдэг байжээ.
Цаг хугацаа өнгөрсөөр залуу гүнжийн нас өндөр болж, залуу үеийн идэр жавхаа нь буурах үед Халх төдийгүй, бүх монгол даяар өндөр нэр хүндтэй Өндөр гэгээний дараах дүрийг тодруулах шаардлага Монголд тулгарч гарч байгааг хааны ордонд ойр, улс төрийн гүн мэдрэмжтэйн хатны хувьд мэджээ.Чингүн хатан нэгэнт хүүхэд төрүүлэх нас нь өнгөрсөн,Халх даяар шүтэгдсэн их хутагт бээр цэвэр монгол цусны хүүхэд байх нь зохимжтой, тэр хүүхэд нөхрийн үр байвал бүр ч зохимжтой сайн хэмээн бодсоны үндсэн дээр нөхөртөө: "Та монголын их ноён тул монгол хатантай байх ёстой. Танай Чингис хаан “Нэгэн моринд хоёр эмээл тохож болохгүй, харин нэгэн эр хэдэн ч эхнэр авч болно” гэсэн биш билүү" хэмээн түүнийг залуу монгол хатан буулгахыг ятгажээ. Хатныхаа үгийг дагасан Дондовдорж ноён Чингисийн угсааны хаад ноёд өөрсдийн овгоос биш харь овгоос хатан буулгадаг эртний ёс заншлыг дагаж, Халхын Хотгойд нутгаас Даш тавнангийн охин Баярт хэмээх үзэсгэлэнт залуу бүсгүйг хатан буулгажээ. Гэхдээ Дондовдорж Бээжинд жасаалж байгаад буцахдаа гэрээрээ оролгүй, шууд Хөвсгөл нутагт очиж Баяртыг авсан нь басхүү улс төрийн учир шалтгааныг ойлгож яаравчилсных байсан биз.
Даян дэлхийд хамгийн их хүч нөлөөтэй , эрх сүртэй, эцэг хаан болон манж удам угсаанаасаа илүүтэй, хадамлаж очсон монгол эр нөхөртөө үнэнч, монгол нутагт чин сэтгэлээсээ хайртай болсон Чингүн хатны нөлөөгөөр, түүний хүүхдүүд нь хожим Амарсанаа, Чингүнжав нарын удирдлагаар өрнөсөн монголын эрх чөлөөний төлөөх тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэжээ. Нэгэн удаа Рэнцэндорж хан хүү Энх Амгалан хааны даалгавраар Манжаас уравсан Амарсанааг Бээжин хүргэх замдаа түүнийг тавьж сулласан нь нэгд, элэг нэгт монгол хүнээ манжаас аварсан, хоёрт, баруун Монголд манжийн эсрэг тэмцлийг өрнөх боломжийг бүрдүүлсэн явдал болжээ.
Чингүн хатан нас барахдаа: "Миний цогцсыг дотор газар Хятадад аваачих хэрэгтүй. Би монгол хүний гэргий учир нэгэнт монгол хүн болсон болмой. Намайг Монгол газар оршуулаарай" хэмээн гэрээсэлсэн байдаг. Ийнхүү Чингүн хатны гэрээслэл ёсоор монголын Түшээт ханы нутгийн Сарьдагийн нурууны өврөөс эх авсан, Гурван Баян хэмээх голын зүүн Баяны баруун этгээд, салхи шуурга үздэгтүй нөмөр дулаахан, ногоон ой мод, төрөл бүрийн жимс ургажхүрээлэгдсэн үзэсгэлэнтэйсайхан газар гүнжийн шарилыг оршуулан, дээр нь Бурханы сайхан сүм барьж, тоосгон хэрмээр хүрээлүүлжээ. Эхийгээ оршуулах ажлыг Рэнцэндорж эцгийн хамт удирдан гүйцэтгэж, гол сүм болон хөх тоосгоор хийсэн жигүүрийн хоёр жижиг сүм бариулжээ. Сүмийн урд талд том мэлхий чулуун дээр суурилсан гэрэлт хөшөөн дээр манж үсгээр "Хичээнгүй Амирлангуй улсын гүнж" хэмээн сийлж дурсгалыг нь мөнхжүүлжээ. Энэ газарт тахилгын асар оройт их сүм, гүнжийн булшны бунхан сүм, зочдын байрлах байшин барьж, хэрмэнд Бээжин маягийн асарт гоётом хаалга хийж байрлуулжээ. Гүнжийн сүмийг хамгаалах тусгай нэгэн хэсэг отог ардыг томилж, тэдгээр хүмүүсийг сумчин отог хэмээн нэрийджээ. Энэ газарт долоо хоног бүр бурханы хурал хурж, улиралд нэг удаа Богдын хүрээнээс лам нар ирж, Балдан Лхам хурж, сахиус залдаг байв. Мөн тэрхүү сүм байрласан Дархан засгийн хошууны дээд өвөг ноёдод Манжийн хаанаас өвөр хошууны Хөх хотын ойролцоо тусгай хэсэг газрыг хишиг болгон хайрлаж, тэр газарт тарьсан гурил будааг ирүүлдэг байв.
Чингүн хатан монгол хүмүүст энэ газар нутгийг хэвээр нь сахиулах эрмэлзэлтэй байсан тул монголчууд Гүнжийн сүмийг ихэд хүндэтгэн дээдэлдэг байжээ. Эдүгээ нийслэл Улаанбаатар хотоос холгүй оршихТэрэлжийн ууланд байх нэгэн жижиг сүмийг хүмүүс Гүнжийн сүм хэмээн хүндэтгэн нэрийддэг нь угтаа Халхын Түшээт хан Дондовдоржийн их хатан, Манжийн Чин гүрний Энх Амгалан хааны охин хичээнгүй Амарлингуй Чингүн хатны дурсгалтай холбоотой юм. Гэхдээ жинхэнэ сүм нь Тэрэлжээс нилээд хойхно ой модон дотор туурь балгас нь үлдсэн гэдэг. Улаантнууд 1937 онд Гүнжийн сүмийг нурааж сүйтгэсэн гэдэг. Тэр үед улаантнууд монголын 1250 буддын сүм хийдийг шатаан нурааж устгасан байдаг.Эдүгээ цөвүүн цаг улиран одож сайн цаг ирсэн тул Гүнжийн сүмийг монголчууд дахин сэргээж, Чингүн гүнжийн тухай ном зохиол, кино бүтээх нь зүйтэй байна. Хэдийгээр гурван зуун улиран одсон ч Манжийн хааны ухаант гүнж, Дархан чин ван, Түшээт ханы их хатан Чингүнийг монголчууд бид мартаагүй.
2024.01.10
Сэтгэгдэл (0)