Үндэсний үйлдвэрлэгчид 2025 он гэхэд өндөгний хэрэгцээг бүрэн хангана

 

онгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “НВЦ”, “Хүнс сервис” ХХК-д ажиллалаа.

“НВЦ” ХХК-ийн “Баян” өндөгний үйлдвэр нэг сая толгой шувуутай. Өдөрт 600 мянган өндөг нийлүүлдэг бөгөөд дэгдээхэй бойжуулах, өндөг ангилан савлах, хагас боловсруулсан бүтээгдэхүүний болон тэжээлийн үйлдвэр зэргийг цогцоор нь байгуулжээ.

2023 онд улсын хэмжээнд 500 орчим сая өндөг зах зээлд борлуулагдсаны 300 сая буюу 60 орчим хувийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлсэн байна. Үүний 50 хувийг “НВЦ” ХХК дангаар бүрдүүлжээ.

Энэ жил шувууныхаа тоо толгойг 1.5 саяд хүргэж, өндөг үйлдвэрлэгч бусад аж ахуйн нэгжтэй хамтран 2025 он гэхэд өндөгний хэрэгцээг бүрэн хангана гэдгийг компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэг хэллээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шувууны аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж, бага хүүтэй зээл олгон, бодлогын бусад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.

Өндөгний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тэжээлийн технологи хариуцсан болон тэжээлийн үйлдвэрийн автомат, электрон тоног төхөөрөмжийн мэргэжилтэн дутагдаж байгааг ч хэллээ.

Мөн Монголд ургадаггүй үр тариаг гааль болон НӨАТ, өндөг үйлдвэрлэгчдийг үйл ажиллагаа нь жигдэртэл НӨАТ-аас чөлөөлөх чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн “Хүнс сервис” ХХК-д ажиллалаа.

Тус компани жигнэж хэрчсэн 14 төрлийн бэлэн гурилаа сургууль, цэцэрлэг, нийтийн хоолны газрууд болон сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлдэг.

“Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Өег” зэрэг компаниас түүхий эдээ авч, зориулалтын агуулахдаа нөөцлөн, иргэдэд хямд, чанартай, баталгаатай, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнгүй, хадгалалтын хугацаа уртасгагч бодисгүй гурил үйлдвэрлэж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон гэдгийг “Хүнс сервис” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Саранчимэг хэллээ.

Цаашид тус компани болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгжийг хөрөнгө оруулалтын зээлд аль болох хамруулж байвал таван жилийн дотор дотоодын зах зээлээ бүрэн хангаж, улмаар экспортод гаргах боломжтой гэж үздэгээ илэрхийллээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгч 1,800 гаруй аж ахуйн нэгж 675 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Хүнс, хөдөө аж ахуйн 19 төрлийн үйлдвэрлэлд шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжид импортын гаалийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)