Прокурорын газраас авлига, албан тушаалын 4 хэргийг шүүхэд шилжүүллээ
- 2024-01-15
- Нийгэм
- 0
Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 78, Өмчлөх эрхийн эсрэг 72, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 6, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Авлига, албан тушаалын 4, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах 2 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Ц, ахлах мэргэжилтэн Г.Н, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Г.Э, Ашигт малтмал, газрын тосны газрын ахлах мэргэжилтэн П.З, мэргэжилтэн Г.Д, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Ч.Д нар нь БНХАУ-ын иргэн Ф-ийн ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа эхлүүлэх акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Гадаадын иргэн, харьяатын газрын Виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Э.М нь нийтийн албан тушаалтан буюу Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газарт виз, зөвшөөрлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа БНХАУ-ын нэр бүхий 24 иргэний Монгол Улсад оршин суух визний зөвшөөрлийг гаргаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариу бусдаас хахууль авч, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 23.4 дүгээр зүйлийн 1 /Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
“Чандмань Налайх” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга З.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан иргэн Н.Г, А.А нартай хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажилд томилж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ноос боловсруулах үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Баянгол дүүргийн прокурорын газраас хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй иргэн Б.Д нь иргэн А.Л-д холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.8 дугаар зүйлийн 1 /Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлээ.
Сэтгэгдэл (0)