Монгол, Швейцарын өвлийн аялал жуулчлалыг манай улсад хөгжүүлэх боломжийг талууд хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч хатагтай Виола Патришиа Амхердтай нэгдүгээр сарын 16-нд уулзлаа.
2024 оны Холбооны Ерөнхийлөгчөөр томилогдсон Виола Амхердад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргэв.
Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд талууд түүхэн ойгоо өргөн хүрээнд тэмдэглэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Швейцарын талаас оруулсан хувь нэмрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цохон тэмдэглэв. Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд манай улсын хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол болон нийгмийн бусад салбарт амжилттай хэрэгжсэн төслүүд нь ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан.
Монгол, Швейцарын байгаль, цаг уурын төстэй байдлыг харгалзан өвлийн аялал жуулчлалыг манай улсад хөгжүүлэх боломжийг талууд хэлэлцэв.
2024 оны Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Виола Амхерд нь Холбооны батлан хамгаалах, спорт, иргэний хамгааллын асуудлыг хариуцдаг тул манай улсын хилийн цэргийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцов.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)