“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл, “Нүүрсний сонсгол”-ын тайлан болон хуулийн төслүүдийг хэлэлцэв

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хорооноос тогтоолын төсөлд эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газраас тус Байнгын хорооны хуралдаанд танилцуулжээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар явуулах үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ч.Ундрам, Д.Батлут нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ногдол ашиг тараах эсэх, тус компанийн өр төлбөрийн талаар асууж, тус тогтоолоор зохицуулагдах боломжгүй зарим асуудлыг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлд тусгаж шийдвэрлэх талаар саналаа хэлсэн байна.

Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, иргэдэд олгосон хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцаанд ногдох ашгаас компанийн өр төлбөрийг барагдуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэхдээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1.3 их наяд, 2023 онд 3.0 их наяд төгрөгийн ашигтай ажиллахын 2.0 их наяд төгрөгийг 3.5 сая иргэндээ ногдол ашиг болгож өгвөл нэг хүнд 580 000 төгрөг ногдоно гэж одоогоос сарын өмнө Байнгын хорооны хурал дээр хэлж байсан хэмээгээд, үүнийг цалин, тэтгэвэр нэмэхтэй зэрэгцүүлэн олговол эдийн засагт доргилт өгөх магадлалтай тул цагаан сарын өмнө өгөх ёстой гэсэн шаардлага тавьж байгаагаа дурав. Тэрбээр, 2022 оны ашиг 120 000 гаруй төгрөгийг цагаан сарын өмнө, 2023 оны ашиг 450 000 гаруй төгрөгийн ногдол ашгийг дөрөвдүгээр сарын сүүлээр өгөх нь зүйтэй гэж үзэж байна гээд ногдол ашгийг дутуу олговол үлдэх хэсгийг хэн хулгайлж, луйвардаж байгаа тухай асуудлыг ярина гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа төрийн өмчит компаниуд, байгалийн баялагт хулгай, луйвар нүүрлэж, ашиг, орлогыг үр ашиггүй зарцуулж байгааг дурдаад, иргэдийн хувьцааны ногдол ашгийг олгох, хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, уул уурхайн салбар биднийг тэжээж байгаа тухай дурдаад, байгалийн баялгийн өгөөж, орлогыг үр ашиггүй, хууль бус, луйврын төслүүд рүү оруулж, хулгайлсны нэг хэсэг нь “нүүрсний хулгай” шүү гэсэн юм. Тэрбээр 1072 ширхэг хувьцаа хэзээ бодитой хувьцаа болох вэ гэсэн асуулт тавьж, компанийн өр шир ямар байгаа болон цаашид тогтвортой авч явах талаар ямар анхаарал тавьж байгааг асууж хариулт авсан юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал С.Наранцогт үүнд, компани жилдээ 1.0 их наяд орчим төгрөгийн өр барагдуулж байгаа талаар дурдаад, өнөөдрийн байдлаар 4.0 их наяд төгрөгийн өр төлбөртэй хэмээн хариулсан юм. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд авлага боловч бусад төрийн өмчит компаниудад өр төлбөр болсон 4.9 их наяд төгрөгийн асуудал байгааг дурдав.

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, тогтоолын төсөлд туссан энгийн хувьцааны асуудал нь уг хувьцааг захиран зарцуулах иргэдийн эрхийг агуулж байгаа эсэхийг асуугаад “нүүрсний хулгай”-д алдсан 5.2 сая тонн нүүрс, төмөр замын төслийг санхүүжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагын асуудлыг хөндөж, төрийн өмчит компанийн орлогыг нээлттэй, хяналттай захиран зарцуулах талаар саналаа хэлсэн юм. Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар “нүүрсний сонсгол”-ын шинжээчид ташаа мэдээлэл өгсөн талаар ярьсныг мөн тодруулж асуув. Үүнд Сангийн яамны Төрий нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариулахдаа, сонсголын үеэр 5.2 сая тонн нүүрс дутсан гэх мэдээлэл гарсан, харин дараа нь тулгалт хийж үзэхэд зөрүү гараагүй байж болзошгүй байгаа тул нягталж байгаа гэсэн хариултыг өглөө.

Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа халамжийн данс болсон, сонгуулийн дөхөхөөр халамжийн дансандаа мөнгө хийдэг болсон хэмээн шүүмжлээд, Үндэсний баялгийн сангийн хуулиар энэ алдаа завхралыг засаж залруулах асуудал яагаад орж ирэхгүй байгааг асуусан юм. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулган зарлаж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлах ёстой гэсэн юм.

1072 ширхэг хувьцааны асуудал эмх замбараагүй болж, ойлгомжгүй олон асуудал хуримтлагдсаныг энэ тогтоолоор шийдвэрлэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам тодруулан тайлбарлаад, цаашид өмчийн харилцаанд орох боломжтой болж байгааг онцлов. Ногдол ашиг хуваарилах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийлээд, үүнийг компанийн ТУЗ зөв зүйтэй шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн тэрбээр, нүүрсний хулгайн хохирлоо барагдуулах талаар өөрсдөө хөөцөлдөж, идэвхтэй ажиллах хэрэгтэйг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин мөн тогтоолын ач холбогдлыг онцлоод, “Эрдэнэс Тавантолгой” ХК цаашид тогтвортой, үр ашигтай ажиллахын тулд эхний ээлжинд захиргаадалтаар бий болсон өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, тогтоолын төсөл харьцангуй хожуу буюу Засгийн газарт чиглэл болгосон хугацаанаас хоцорч орж ирж буйг анхааруулаад, Улсын Их Хурлаас өгсөн чиглэлүүдээс ард иргэдэд ногдол ашиг олгох асуудлыг орхигдуулсны үндэслэлийг асууж хариулт авсан юм. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “...Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан тул Улсын Их Хурлын тогтоолоор шийдвэрлэх боломжгүй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс бэлтгэж, Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хураалт явууллаа. Санал хураалтын үед Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, урьд өмнөх сонгуулиудын үед 1.0 сая гаруй иргэдийн хувьцааг мөнгөжүүлж, худалдан авсан, ахмад настны тэтгэвэр, сургалтын төлбөр зэрэгт суутгасныг буцаан олгох асуудлыг тогтоолтой хамтатган шийдвэрлэх санал дэвшүүлсэн юм. Гэвч энэ нь тогтоолын төсөлд тусгагдсан асуудалтай хамаарахгүй гэж үзэн хэлэлцсэнгүй. Мөн зарчмын зөрүүтэй саналын зургаа дахь “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолыг хүчингүй болгохтой холбоотой асуудал эрх зүйн үр дагавартай тул хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Зарчмын зөрүүтэй саналуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Төмөр замын тээврийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д өөрчлөлт оруулах тухай болон Төмөр замын тээврийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Иргэний нисэхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин танилцуулав. Хэлэлцүүлгийн үеэр тус гишүүдээс төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гарсангүй. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагийн гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд Төмөр замын тээврийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д өөрчлөлт оруулах тухай болон Төмөр замын тээврийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Иргэний нисэхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулсан юм. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Байнгын хорооны хуралдааны үеэр нэг санал хураалт явуулахад, гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн Байнгын хорооны гишүүдийн саналаар хуулийн төслийн зарим зүйл, заалтаар хоёр санал хураалт явуулж, гишүүдийн 2/3 нь дэмжжээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гарсангүй. Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар явуулсан тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу нэг санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжсэн талаар дурдсан юм.

Байнгын хорооны санал дүгнэлтээс Улсын Их Хурлын гишүүд асуулт асуусангүй. Байнгын хорооноос боловсруулсан зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн, мөн “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарын гаргасан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хийлээ. Тогтоолын төсөлд, хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэх авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед түүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгах, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулдаг үндэслэл, нөхцөл боломжийг бий болгож байгаа хуулийн хийдлийг судалж, түүнийг арилгах зохицуулалтыг боловсронгуй болгох, хавтаст хэргийг цахимжуулах, цахим суурьтай нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлах, түүнийг үнэлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгах, Өмгөөллийн тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмж тусгах, хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг гардуулан өгөх зохицуулалтыг хуульд тусгах зэрэг асуудлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн боловсруулж, 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт чиглэл болгожээ.

 

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо, Эрүү шүүлтийн эсрэг хорооноос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүхийн тогтолцоог бүрдүүлэх асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авах тогтоолын төсөлд тусгах, мөн шинээр нэгтгэсэн хэрэгт цагдан хоригдсон хугацааг тусад нь тоолох зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгах нь давтан гэмт хэрэг байнга үйлддэг гэмт этгээдийг цагдан хорих хугацааг тоолох асуудлыг нэг мөр цэгцлэх зэрэг ач холбогдолтой талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр дуудан байцаалт авах, яллах дүгнэлтийг танилцуулах зэрэг ажиллагаа нь амьдрал дээр хүний эрхийг зөрчиж буй талаар, мөн тогтоолыг хэрэгжүүлэхэд уг асуудлыг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, тогтоолыг хэрэгжүүлэх хугацааны талаар, мөн тогтоолын дагуу төслийг боловсруулахдаа асуудалд бодитой хандаж хүний эрхийг зөрчихгүй байхад анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан тогтоолын төсөлд туссан өмгөөлөгчийн эрх, үүргийг баталгаажуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан цахим суурьтай нотлох баримтыг үнэлэх асуудалд анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагын талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг олон хохирогчтой хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг боловсронгуй болгох талаар, мөн хэргийг тусгаарлах, нэгтгэх явцад үүсэж байгаа асуудлын талаар саналаа илэрхийлж, үг хэлсэн байна.

“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Мөн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаанд оролцсон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар эцэслэн батлах үе шаттай нэгтгэн хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, хууль батлах болгонд араас нь тогтоол гаргадаг жишиг тогтоож болохгүй гэсэн байр суурь илэрхийлэв. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил тодорхой тайлбар өгч, баталсан хуультайгаа уялдаатай, хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгаад байгаа талаар тайлбарлав. Ингээд Байнгын хорооны дарга Д.Цогтбаатарын гаргасан горимыг саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй хамт эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар хийв. Тэрбээр, хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж асууж, хариулт авсан талаар дурдаад, төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Ажлын хэсгийн гишүүд үзсэн тул гурван саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд ороцсон гишүдийн 2/3-оос доошгүй нь дэмжсэн гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, хуулийн төсөлд татварын болон гаалийн хөнгөлөлтүүд нэлээд туссан байгааг дурдаад, аливаа байдлаар төрийн байгууллагууд авилгажих нүх сүв олгосон зүйлээс хууль тогтоогчид аль болох зайлсхийх ёстойг онцолж, үүнийг хэр зэрэг хаасан талаар асууж, хариулт авав. Манай улс журмын улс болсон байгаа талаар тэрбээр сануулаад, төсөлд мөн хэд хэдэн журмын асуудал туссаныг шүүмжилсэн юм. Ялангуяа их хэмжээний хөнгөлөлт, чөлөөлөлт олгох журмын салбарын сайд гаргаж хэрэгжүүлэх талаарх заалтуудаас зайлсхийх нь зүйтэйг тэрбээр тэмдэглэсэн юм. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс олсон орлогод ногдох албан татварыг эхний таван жилд 100 хувь, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлөх зохицуулсан заалтыг тайлбарлахдаа, өнөөгийн байдлаар Монгол Улсад органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж бараг байхгүй, байгаа цөөн хэдэн аж ахуйн нэгж тун жижигхэн байгааг тайлбарласан юм. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, энэ талаарх судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг дэмжих нь зүйтэй гэж үзэн холбогох заалтыг тусгасан талаар тэрбээр ярив.

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Байнгын хорооноос боловсруулсан зарчмын зөрүүтэй гурван саналын томъёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн боловсруулах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Засгийн газраас энэ сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дараа нь явууллаа. Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд тогтоолын төслийн 1 дэх заалтын “үе шаттайгаар нүүлгэн байршуулах арга хэмжээ авах” гэснийг “нүүлгэн байршуулах талаарх бодлого боловсруулах” гэж өөрчлөх, мөн 2 дахь дэд заалтаас “шаардлагатай бол” гэснийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлд, “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ” гэж заасан талаар дурдаад, ямар байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх, үүнтэй холбоотой зардлын тооцоо, судалгаа, албан хаагчдын шилжилт, хөдөлгөөн, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар асуулт асууж, хариулт авав. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тайлбар өгч, эхний ээлжинд бодлогоо боловсруулж, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн асуусан нарийвчилсан зохицуулалтыг дараа нь шийдвэрлэхээр тогтоолд тусгаж байгаа талаар дурдав. Тэрбээр, тогтоолыг хэрэгжүүлэхдээ Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлж, шат дараатайгаар, зардал хөрөнгийг жил жилийн улсын төсөвт тусгах байдлаар шийдвэрлээд явна гэв.

Тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэв.

Үүний дараа Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцэх эсэхийг нь хэлэлцсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, мөн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор хийв. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн болон зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн талаар тэд дурдлаа.

Төсвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, Өдөр тутмын сонины холбооноос ирүүлсэн хэвлэл захиалгын зардлыг Төрийн хэмнэлтийн тухай хуулиар зохицуулж өгөхийг хүссэн хүсэлтийг уламжлаад, хэлэлцэж байгаа төсөлд туссан зохицуулалттай холбоогүй тул дараагийн ээлжинд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан Байнгын хорооноос боловсруулж бэлтгэсэн зарчмын зөрүүтэй дөрвөн санал, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан гаргасан гурван саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтад хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан, санал, дүгнэлт болон холбогдох тогтоолын төслийг хэлэлцэв. Хянан шалгах түр хорооны тайлан болон санал, дүгнэлтийг тус Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцууллаа.

Тэрбээр, Хянан шалгах түр хороо стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордод үйл ажиллагаа явуулж буй "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой" ХК-иудад хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийсэн талаар дурдаад, тухайн компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 3.1 сая гаруй хуудас баримт материалыг хамруулсан хяналт шалгалтыг 72 хоногийн хугацаанд хийж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулсныг дэлгэрэнгүй танилцуулав.

Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн хувьд, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 51 хувийн хувьцаа эзэмшигчийн төлөөллөө үр нөлөөтэй хэрэгжүүлээгүйгээс нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон түүний хамаарал бүхий этгээд компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, зарим улс төрд нөлөө бүхий этгээд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүдийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдийн компани их хэмжээний нүүрсний гэрээ, хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулж байсан, ажлын гүйцэтгэгч, бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа холбогдох хуулийг мөрдөөгүй, нүүрс худалдан авагчийг хэрхэн сонгон шалгаруулж байсан нь тодорхойгүй, ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ, их хэмжээний хэлцэлд хамаарахгүй гэрээ, хэлцэл болон ажил гүйцэтгэгч, нүүрс худалдан авагчийн жагсаалтыг баталж ирсэн, худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим бүрэн хэрэгжээгүй гэсэн дүгнэлтийг хийжээ. Архивын сан хөмрөгийн бүрдэл, бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, бүрэн хадгалагдаагүй, баримт материалаа хүлээлцээгүй, устгасан болон цаг хугацааны хязгаарлагдмал нөхцөл байдал нь хяналт, шалгалтын цар хүрээг хязгаарлахад хүргэж байсныг тэрбээр онцолсон юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш орлого, ашгаасаа Төрийн шийдвэрээр нийт 1,196.5 тэрбум төгрөгийг нийгмийн болон төсвийн шинж чанартай асуудлыг санхүүжүүлэхэд зарцуулсан, энэ нь компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ бие даан шийдвэр гаргах боломжийг хязгаарлаж, компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, компанийн үнэ цэн, олон улсын зах зээлээс санхүүжилт босгох, сайн засаглалыг бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлсөн, Цанхийн хэсгийн батлуулсан ТЭЗҮ-д тусгасан нэмүү өртөг шингээх төслүүдийн хэрэгжилт хангалтгүйгээс нүүрсний III, IV давхаргын сайн чанарын коксжих нүүрсийг сорчлон (нийт олборлосон нүүрсний 92% нь коксжих нүүрс) олборлосон нь хууль зөрчсөн хэмээн дүгнэлээ.

Мөн 2011-2023 онд нийт 944 гэрээгээр 13.3 их наяд төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулснаас хяналт шалгалтад 500 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий нийт 11.5 их наяд төгрөгийн 92 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг хамруулан нягтлахад 4.8 их наяд төгрөгийн дүн бүхий 40 төсөл, арга  хэмжээний худалдан авах ажиллагаа хуульд нийцээгүй нь тогтоогдсон байна. Үүний дотор 2011-2014 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан тус компанийн архивт байхгүй байжээ. Түүнчлэн тус компани 2011-2023 оны 10 сар хүртэл хугацаанд 398 гэрээгээр 110.1 сая тонн буюу 20.2 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд борлуулалтын нийт гэрээний сарын дундаж үнийг тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй нь харьцуульж зөрүүг тооцоход алдагдсан боломжийн зардал ойролцоогоор 826.4 сая ам.доллар байна. Засгийн газраас 2010 онд хувьцааны үнэлгээг зөвлөх үйлчилгээний компанитай хамтран тогтоох үүрэг өгсөн боловч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшиж буй Тавантолгойн ордод үнэлгээ хийж компанийн хувьцааны нэрлэсэн үнийг тогтоохгүйгээр нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тооцсон нь алдаатай байна гэж Хянан шалгах түр хороо дүгнэжээ. Мөн Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолд “Бонд гаргаж, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ” гэж заасан боловч үнэт цаасны арилжаагаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн 42.0 хувийг гэрээт олборлогчдын төлбөрийг барагдуулахад зарцуулсан байна.

Компани, төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, кокс-эрчим хүчний үйлдвэр зэрэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хамаарах, нэмүү өртөг шингээх найман төсөлд нийт 5,024.7 тэрбум төгрөг, Засгийн газар, ТУЗ-ийн холбогдох шийдвэрийн дагуу компанийн үндсэн үйл ажиллагаанд үл хамаарах Богдхан төмөр зам, Газрын тос дамжуулах хоолой зэрэг төсөлд 463.2 тэрбум зарцуулж, Тавантолгой түлш ХХК-д 1,069.4 тэрбум төгрөгийн санхүүжилт, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-д нийт 63.3 тэрбум төгрөгийн зээл тус тус олгосон байх агаад төмөр замын таван төсөлд мөнгөн хөрөнгө болон нүүрсээр нийт 4,643.3 тэрбум төгрөгийн санхүүжилт өгснөөс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл бүрэн хэрэгжиж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд Богдхан төмөр замын төсөл судалгааны ажлын түвшинд зогсжээ. Эдгээр төслийн захиалагч болох “Монголын төмөр зам” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ууд ерөнхий гүйцэтгэгч Барилга, инженерийн цэргийн удирдах газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Бодь интернэшнл” ХХК-тай шууд гэрээ байгуулсан, холболтын төмөр замын 218.0 тэрбум төгрөгийн, Тавантолгойн нүүрс ачилтын логистикийн төвийн 217.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ЕРС гэрээг магадлалаар баталгаажуулаагүй зураг төсөл, үнийн дүнд үндэслэн байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд ТЭЗҮ-ийн дүнг үндэслэн гэрээний үнийн дүнг 95.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нийт 2.3 сая тонн ачаа тээвэрлэсэн хэдий ч зүтгүүр, вагоны тоо хангалтгүйгээс төмөр замын ашигт ажиллагаа ТЭЗҮ-д заасан хэмжээнд хүрээгүй байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар нийт 488.4  мянган тонн нүүрс тээвэрлэсэн бөгөөд одоогоор зураг төслийн ажил үргэлжилж буй хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор эхний жилд 10.6 сая тонн, хоёр дахь жилд 21.1 сая тонн, гурав дахь жилд 26.4 сая тонн, 4-20 дахь жилүүдэд тус бүр 31.9 сая тонн, 21-30 дахь жилүүдэд тус бүр 50.2 сая тонн нүүрс тээвэрлэхээр байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-иас нүүрс худалдан авч, экспортолсон аж ахуйн нэгжүүдэд олгосон “С” төрлийн зөвшөөрлийн бичгийн 2010-2017 оны анхан шатны бичиг баримт төрийн байгууллагуудад хадгалагдаагүйгээс хяналт шалгалт хийх боломжгүй, “С” зөвшөөрлийн бичиг олголтын үйл ажиллагаа, түүнээс төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн зарцуулалтад дээд шатны болон хөндлөнгийн аудитын байгууллагаас хяналт шалгалт хийгдээгүй, холбогдох ажлын хэсгийн дарга нар нь ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэгдэж байсныг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулгадаа дурдав.

Тэрбээр үргэлжлүүлэн, Монгол Улсын гаалийн байгууллага экспортолсон нийт нүүрсийг бүртгэхдээ тухайн худалдан авч буй талын бүртгэлтэй улсын нэрээр статистик мэдээлэлд оруулдгийг тайлбарлаад, манай улсаас БНХАУ-аас бусад улс орнууд руу экспортолж буй нүүрс нь БНХАУ-ын хилээр гарч бүртгэгдэж байгаа бөгөөд тус улсын гаалийн байгууллага хэрхэн бүртгэж байгааг тодорхойлох боломжгүй байсныг дурдсан юм. Хятадын нүүрсний экспорт, импортын статистик мэдээллийн платформ дахь Монгол Улсаас импортолсон нийт нүүрсний хэмжээг Дэлхийн банк, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллагын статистикийн нэгдсэн мэдээллийн платформ дахь мэдээлэлтэй харьцуулахад зөрүү нь 39 мянган тонн гарчээ. Мөн манай улсын 2013-2022 оны хооронд экспортолсон нийт нүүрсний биет хэмжээг, Хятадын нүүрсний экспорт, импортын статистик мэдээллийн платформ дахь Монгол Улсаас импортолсон нүүрсний тоон мэдээлэлтэй тулган шалгаж, БНХАУ-аас бусад улс орон руу экспорт хийсэн дүнг оруулж тооцоход 980.0 мянган тонн илүү, оруулаагүй тохиолдолд 6.1 сая тонн дутуу гарсан байна.

Цагаан хадны бүсэд байрлах нүүрс ачих, буулгах 36 терминалын пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон Гаалийн ерөнхий газрын CAIS систем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод манифестын өгөгдлийг MS Access программ уншуулан тулган баталгаажуулалт хийхэд олон улсын тээврийн “С” зөвшөөрөл бүхий 487 хуулийн этгээдээс 246 тээвэрлэгч нь нийт 52,030 удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байгааг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр дүгнэлтдээ онцлов.

Өмнөговь аймгийн Ханбогд суманд гаалийн хяналтын талбай, автотээврийн зогсоол, кемпийн зориулалттай газрыг 2020-2022 онд дуудлага худалдаагаар худалдаагүй бөгөөд дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй байхад газар олгон дараа нь нөхөн төлүүлж, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай 34 аж ахуйн нэгжид, 42 эзэмших эрхийн гэрчилгээгээр 475.3 га газар олгосон, мөн хоёр хуулийн этгээдэд 4,100 га газрыг эрчим хүчний зориулалтаар хууль бусаар эзэмшүүлснийг тэрбээр дурдлаа. “Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр гурван удаа зохион байгуулахдаа тендер шалгаруулалтын шаардлага хангаагүй этгээдийн ерөнхий нөхцөл, санхүү болон техникийн чадавхад нийцүүлэн, тендерийн бичиг баримтад өөрчлөлт оруулан шалгаруулж, гэрээ байгуулсан нь нэг этгээдэд давуу байдал үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй байгааг дүгнэв.

Дээрх бүгдийг үндэслэн Хянан шалгах түр хорооноос “Тавантолгой” ХК-ийн талаар төрийн эзэмшлийн 51 хувийн хувьцааг орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн болон хувьцаа эзэмшигчийн төрийн өмчийн төлөөллийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянан үзэж, шаардлагатай арга хэмжээг авах, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтыг төлөвлөх, сонгон шалгаруулах, тайлагнах, олон нийтэд мэдээлэх, архивын баримтыг бүрдүүлэхдээ хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөж ажиллах, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг мөрдөж ажиллах, нүүрс ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны анхан шатны баримт, пүүний программын мэдээллийн сангийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангуулж ажиллах зэрэг санал гаргасан юм.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар, компанийн засаглалыг сайжруулах хүрээнд компанийн засаглалын бодлого, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоо, эрх зүйн орчныг бүрдүүлэх, Тавантолгойн ордын нөөцийн зэрэглэлийг нэмэгдүүлэн, орд ашиглалтыг зохистой төлөвлөж, сорчлон ашиглахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн төлөвлөлт, удирдлагаар хангаж ажиллах, эзэмшиж буй найман тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах газар эзэмших эрхийн гэрчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу авч, гэрээ байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлэх, цаашид төсвийн шинжтэй, компанийн үйл ажиллагаанд хамааралгүй хөрөнгө оруулалт, төслийг санхүүжүүлэхгүй байх, бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэхэд шаардлагатай төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналтыг сайжруулах, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтыг төлөвлөх, сонгон шалгаруулах, тайлагнах, олон нийтэд мэдээлэх, архивын баримтыг бүрдүүлэхдээ хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөж ажиллах зэрэг саналыг дэвшүүлсэн юм. Түүнчлэн, нүүрсний салбарын статистик мэдээлэл бүх шатандаа нэршил, ангилал, тоо хэмжээ, үнийн дүнгийн бүртгэл зөрүүтэй байгаа тул хоёр улсын гаалийн байгууллагуудын мэдээллийн урсгалын солилцоог сайжруулах, бүртгэлийн нэг стандартад оруулах, холбогдох бусад төрийн байгууллагуудын мэдээллийн урсгалыг нэг болгож, хяналтыг сайжруулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэлгээг хийлгэж, хөрөнгийн биржид нээлттэй арилжаалж, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан энэ удаагийн хяналт шалгалт нь шударга ёсыг тогтоож, иргэдийн мэдэх эрхийг хангах, байгалийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн, ард түмний ахуй, амьдралыг сайжруулж, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд зориулан зүй зохистой ашиглах Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, заалтыг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх арга хэмжээ болсон гэж үзэж байгаагаа Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр онцлоод, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсан юм. Тогтоолын төсөлд,

1/ Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль зөрчиж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн асуудлыг шуурхай шалгаж, холбогдох шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээг авч, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх;

2/ Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд улс төрийн нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээд ажиллах, аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд улс төрийн нам, улс төрчид оролцохыг таслан зогсоох, хязгаарлах арга хэмжээг авах;

3/ “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК болон төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээдээс цаашид төсвийн шинжтэй, компанийн үйл ажиллагаанд хамааралгүй хөрөнгө оруулалт, төслийг санхүүжүүлэхгүй байх, хориглох арга хэмжээг авах;

4/ Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс аливаа хэлбэрээр оролцохыг хязгаарлах, тэдгээрийн компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, үйл ажиллагаагаа, иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

5/ “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК болон төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээдийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

6/ Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан, амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тус тус хуульчилсан тул ”Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн 51 хувийн хувьцааг орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолын холбогдох заалтыг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авах;

7/ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн тул ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “МТАС” түншлэлтэй 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г холбогдох хуульд заасан журмын дагуу хүчингүй болгох арга хэмжээг авах;

8/ татварын хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу зохион байгуулаагүйгээс нүүрс олборлогч зарим хуулийн этгээд татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж, татварын нөхөн ногдуулалт болон алданги, торгууль ногдуулах боломжийг алдагдуулсан албан тушаалтанд холбогдох хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэж, цаашид дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

9/ Монгол Улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэх, экспортлох, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлсэн албан тушаалтанд холбогдох хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэж, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, гааль болон хилийн хяналт шалгалтын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

10/ “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтад хийсэн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг авч, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Түр хорооны үйл ажиллагаанд саад учруулсан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын асуудлыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх талаар тусгасан байна.

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан, санал, дүгнэлт болон холбогдох тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Өнөрболор, М.Оюунчимэг, С.Одонтуяа, Б.Баттөмөр, Ш.Адьшаа, Н.Учрал, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нар асуулт асууж, үг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүд нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол иргэд, олон нийтийн мэдэх эрхийг хангаж, далд мэдээллийг ил болгосон, улс төрийн эр зориг гаргасан, холбогдох талуудыг тайлбар мэдүүлгээ өгөх боломжоор хангасан, үр дүнтэй арга хэмжээ болсныг тэмдэглээд, бизнес эрхлэгчдэд хэтэрхий хатуу хандсан талаар шүүмжлэлтэй хандлаа. Хүний нэр төрд халдсан тохиолдол гарсныг сануулж, цаашид үүнд онцгойлон анхаарахыг зөвлөсөн юм. Мөн хэт олон гэрчийг дуудаж, гол хүмүүст хандах анхаарлыг сарниулахад хүргэсэн сөрөг зүйл ажиглагдсаныг дурдаж, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын чиг үүргийг улс төрийн өрсөлдөгчдөө, сөрөг хүчнээ намнах хэрэгсэл болгох вий гэсэн болгоомжлолоо ч хэлсэн юм. Шинжээчдийн гаргаж тавьсан зарим тоон мэдээлэл ташаа байж болзошгүй нь зарим ноцтой үр дагаварт хүргэх вий гэдэгт болгоомжилж буйг мөн тэмдэглэв. Түүнчлэн, гаалийн бүртгэлгүй гарсан нүүрсний хэмжээг тодорхой болгох, алдагдсан боломжийн өртгийг шинжлэн тооцох, бодит хохирлын хэмжээг гаргаж ирэх, хууль бус үйл ажиллагаа, хулгай луйвар хийсэн хүмүүст хариуцлага тооцох, төрийн байгууллагуудыг хариуцлагажуулах нь зүйтэйг хөндөж, мухар төмөр замуудын бүтээн байгуулалтыг гүйцээх, архив, баримтын бүрдэл, арилжаа, мэдээллийн нэгдсэн платформд шилжих, төрийн хяналтын тогтолцоог сайжруулах, дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд зохистой оролцох асуудлыг цэгцлэн шийдвэрлэх шаардлага тулгамдсан хэвээр байгааг анхаарууллаа.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын батлах санал хураалт явуулахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолыг баталснаар Хянан шалгах түр хороо татан буугдсанд тооцов гэж Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)