Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА
Улсын Их Хурлын тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулах Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдсан, 2023-2030 онд хэрэгжүүлэх дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
Засгийн газраас яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг тус Үндэсний хороо хэрэгжүүлж ажиллана. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хороог ахалж, орлогч даргаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, Авлигатай тэмцэх газрын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хэлтсийн дарга нар ажиллана. Тус Үндэсний хорооны бүрэлдэхүүнд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Монгол Улсын Шадар сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга нарыг оруулахаар тусгалаа.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулснаар төсвөөс нэмэлт санхүүжилт шаардахгүй бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт эрчимжих ач холбогдолтой гэж үзлээ.

ШИНЭ ХАРХОРУМ ХОТ БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВНА
 

“Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлиг, Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах тухай Улсын Их Хурлын 2023 оны тогтоолын дагуу Засгийн газрын 2023 оны 40 дүгээр тогтоолоор Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг байгуулж, шаардлагатай суурь судалгаа, ТЭЗҮ, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Шинэ Хархорум хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363,19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, газрын хилийн заагийн эргэлтийн цэгийн солбилцлыг баталлаа.
Улсын тусгай хэрэгцээний газрын нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын судалгааг нарийвчлан гаргаж, Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг шилжүүлэх, чөлөөлөх нөхөн олговрыг тооцож, санхүүжилтыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэх арга хэмжээ авахыг ажил хариуцсан сайд, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

 

БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, БАГШИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ НЭМЭЛТ УРАМШУУЛЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРМЫГ БАТАЛЛАА


Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журмыг баталлаа.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог бүрдүүлэх хүрээнд сүүлийн хоёр жилд цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагааны болон багшийн ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнг улсын хэмжээнд нэгдсэн шалгуураар хөндлөнгөөс үнэлдэг болсон. Гүйцэтгэлээс урамшуулал олгох, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, сургалт, үйл ажиллагаанд хамруулах, сургалтын менежментийг ингэж сайжруулснаар олон ахиц гарч байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав.
Тухайлбал, 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр сургалтын байгууллагын гүйцэтгэлийн дундаж 71.7 хувь байсан бол 2023 онд 74.2 болж, багшийн ажлын гүйцэтгэлийн дундаж 2022 онд 72.5 хувь байсан бол 2023 онд 75.7 хувь болж нэмэгдсэн байна. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн 5937 багшид 5,937,825 мянган төгрөг, ЕБС-ийн 12,296 багшид нийт 31,276,001 мянган төгрөг, 2023 оны 09-12 дугаар сард 12,307 багшид 16,732,248 мянган төгрөг, цэцэрлэгийн 6,450 багшид 3,059,991 мянган төгрөгийн урамшуулал тус тус олгожээ.
Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 2022 онд 378 цэцэрлэгт 5,389,306 мянган төгрөгийн, 265 сургуульд 10,616,463 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилт, 2023 онд 396 цэцэрлэгт 5,884,157 мянган төгрөгийн, 325 сургуульд 13,942,860 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилт олгосон байна.
Шинээр баталсан журмын дагуу олгох нэмэлт урамшуулалд шаардагдах төсвийг 2024 оны улсын төсөвт тусгасан тул нэмэлт төсөв шаардлагагүй юм. 

 

ЯПОН УЛСАД ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ


Монгол Улсаас Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай тогтоолын төслийг баталлаа. Хүмүүнлэгийн тусламжид зориулж 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учраад байна. Уг газар хөдлөлтөөс үүссэн цунами Японы тэнгисийн эрэг дагуу Хоккайдогаас Кюүшю хүртэлх өргөн уудам нутгийг хамарч үүссэн бөгөөд энэ сарын 10-ны байдлаар тус мужид нийт 206 хүн нас барж, 52 хүн сураггүй алга болжээ. Гэмтэж бэртсэн иргэдийн тоо 567 болж, 1824 айлын орон гэр сүйдэж, 59000 өрх усгүй, 18000 өрх цахилгаангүй, нүүлгэн шилжүүлэх 400 орчим төвд 28000 гаруй хүн байгаа аж.

Товч мэдээ
-Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж бүсчилсэн форумыг аймаг, нийслэлд энэ оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Бүсчилсэн форумд аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллага, улс төрийн нам, эвсэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцоно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)