Д.Даваа-Очир: Сонгуулийн үеийн зөрчлийг есөн байгууллагын эрх бүхий албан тушаалтан шалган шийдвэрлэнэ

УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил болон сонгуулийн хуулийн зөрчилд хэрхэн хяналт тавьж шийдвэрлэх талаар Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очиртой ярилцлаа.

 

-Ээлжит сонгуультай холбоотой шийдвэрүүд ерөнхийдөө тодорхой боллоо. Бэлтгэл ажил хэр хангаж байна вэ?

-2024 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор болсон. Өөрөөр хэлбэл, 78 гишүүнийг сонгуулийн томсгосон тойргоос олныг төлөөлөх мажоритар аргаар сонгоно. Сонгуулийн хуулийн дагуу бүсчилсэн байдлаар 13 тойрогтойгоор байгуулах шийдвэрийг УИХ гаргасан. Зургаадугаар сарын 28-нд санал хураалт явагдана.

Тухайлбал, УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулна. Сонгуулийн нэг тойрогт хоёр ба хэд хэдэн аймаг, дүүрэг багтаж байвал аль олон сонгогчтой аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь тухайн тойрог дахь сонгуулийн зохион байгуулалтын ажлыг хариуцахаар заасан. Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн ИТХ сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарладаг. Энэ мэтээр цаг хугацааны хуваарийг гарган хууль журмын дагуу ажиллаж байна.

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд нам, эвсэл нэр дэвшигчидтэй холбоотой багагүй хязгаарлалтууд үйлчилж эхэлсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгвөл?

-Сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор хуульд зааснаар шинэ оны эхнээс зарим төрлийн хязгаарлалтууд хэрэгжиж эхэллээ.  Хүн, хуулийн этгээд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсвэл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлэхийг хориглодог. Мөн нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулах,  сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амрааж, сувилуулж болохгүй. Түүнчлэн ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулсан, хэлцэл хийсэн, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэргээр  давуу байдал олгосон, амлалт өгөх, сонгуульд оролцохоос татгалзах болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах нь хуулиар хориотой.  Харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар торгох заалттай.

Мөн сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан, зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн. Нам, эвслийн нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөр гаргаж ашигласан. Хандив өгөхийг хориглосон этгээдээс өгсөн хандивыг буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж торгуулийн арга хэмжээ авах зохицуулалттай.

-Ер нь сонгуулийн үеэр хууль журам зөрчсөн бол гомдлыг хэрхэн богино хугацаанд шийдвэрлэх вэ. Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор гомдлыг хянах, хариуцлага тооцох процесст өөрчлөлт орсон уу?

-Сонгуулийн үеийн зөрчлийг Цагдаа, тагнуулын байгууллагын эрх бүх албан тушаалтан, Татвар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголбанк, Улсын бүртгэл, нягтлан бодох, харилцаа холбооны улсын байцаагчид болон эрүүгийн хэргийн шүүх зэрэг есөн байгууллага шалгаж шийдвэрлэнэ. Үүнийг хуульд тус тусын эрх, үүргээр нь маш тодорхой заасан байдаг ба зөрчлийн талаас илүү хувийг цагдаагийн байгууллага шалгах бол улсын бүртгэл, татварын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх зохицуулалт шинээр бий болсон. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцоно гэдэг эргээд өндөр үүрэг, хариуцлагатай шүү гэдгийг тодорхой болгож байгаа юм.

Сонгуулийн хууль зөрчсөн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган шийдвэрлэнэ. Тухайлбал, нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол торгоно.

Санал хураалтын дүн, сонгуулийн баримт бичгийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх, дамжуулахад саад учруулсан, сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан явуулж байгаа мэдээллийн ажиллагаанд хуулиар эрх олгогдоогүй хүн, хуулийн этгээд хөндлөнгөөс оролцсон бол тагнуулын байгууллага шалгана. Татварын улсын байцаагч сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, хэмжээнээс хэтрүүлж нам, эвсэлд, эсвэл нэр дэвшигчид хандив өгсөн, тухайн намын нэгдэн орсон эвсэлд давхардуулан хандив өгсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж торгоно. Мөнгөн бус хандив өгөх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж торгоно.

Монгол банкны хянан шалгагчийн хувьд сонгуулийн зардлын данс байршуулсан банк сонгуулийн санал авах ажиллагаа дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор нам, эвсэл, нэр дэвшигчийн дансны гүйлгээний мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол,улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч хуульд зааснаас бусад тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг олшруулсан, эсвэл тараасан бол шалгах юм. Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн хувьд нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа  заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол, Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй эсэхийг шалгана.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинтой холбоотой зөрчлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч нар хянаж шалгахаар байгаа. Бусад төрлийн бүхий л зөрчлийг цагдаагийн байгууллага шалгахаар хуульчилсан. Харин прокурорын байгууллага зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар эрх бүхий байгууллагад шаардлага хүргүүлэх ба зөрчлийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцоно. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хороо Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудад мэдээлэл өгч, уулзалт зохион байгуулж хамтран ажиллаж байна.  

-Улс төрийн намын хуульд сонгуулийн байгууллагын эрх нэлээн нэмэгдэж орж ирсэн. Шууд торгох эрх мэдэлтэй болсон бил үү?

-Улс төрийн намын тухай хуульд  зөрчилтэй холбоотой заалтууд орсон. Тухайлбал, Монгол Улсын иргэд нам үүсгэн байгуулахад дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцсон,  намын хяналтын байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол торгуулийн хариуцлагатай. Үүнийг эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.

 Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн хувьд намаас бусад хуулийн этгээд нам гэсэн оноосон нэр хэрэглэсэн бол шалгаж шийдвэрлэнэ. Харин энэ хуулиар сонгуулийн төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар болсон. Нам нь Улс төрийн намын тухай хуулийн 10.1.6-д заасан хориглолтыг зөрчиж мөнгөн хөрөнгө авсан бол тухайн мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, мөнгөн бус хөрөнгө, эсвэл  үйлчилгээ авсан бол хууль бусаар авсан хөрөнгө, орлогыг хурааж торгохоор заасан. Нам хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан тохиолдолд түүний өмч, хөрөнгийг намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэсэн бол, Улс төрийн намын тухай хуульд заасан орлогыг банкны нэг дансаар хүлээн аваагүй бол торгох шийтгэл оногдуулахаар заасан.

Нам иргэний болон хуулийн этгээдийн хандивыг бэлэн мөнгөөр хүлээн авсан бол тухайн мөнгөн дүнг хоёр дахин үржүүлнэ. Нам жилд нэг иргэн, хуулийн этгээдээс авах хандивын дээд хэмжээг хуульд зааснаас хэтрүүлэн авсан бол мөнгөн дүнг мөн л хоёр дахин үржүүлэхээр байгаа. Эдгээр торгох заалтыг сонгуулийн байгууллага Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэх юм.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.57.92.210)

    2024-01-19

    Монгол эрчүүд хүүхнүүд шиг чөлөөт цагаараа зөвхөн хүн судлал хийдэг. Яахав монгол эрчүүд угийн маш жижиг боовнуудтай учраас аргагүй л транс-сексуаль буюу манин юм.

  • (103.57.92.210)

    2024-01-18

    Сонгуулиар тоо мэддэг инженерийг сонгох уу аль эсвэл англиар цор цор хийж чаддаг нэр дэвшигчийг сонгох уу?