Бүх авто зогсоолыг нэгдсэн системд бүртгэнэ
- 2024-01-18
- Улаанбаатар
- 0
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар өнөөдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмын төслийг хэлэлцэв.
Хотын хүн амын өсөлт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос хамааран сүүлийн жилүүдэд Улаанбаатарт авто зогсоолын эрэлт хэрэгцээ ихээр нэмэгдсэн.
Жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгддэг аж. Дэлхийн ихэнх улс оронд бүх авто зогсоол төлбөртэй байх зарчим баримтлан, зогсоолын зөв зохистой менежментийг хэрэгжүүлэх нь замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой гэж үздэг. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт авто замын түгжрэлийг бууруулах, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх хүрээнд энэхүү журмын төслийг боловсруулсан байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрээс үл хамааран авто зогсоолын төрөл, тэдгээрийн нийтлэг шаардлагыг хотын стандартаар тогтоохоор тусгажээ. Бүх төрлийн авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч нь авто зогсоолын нэгдсэн системд холбогдсон байна. Ингэснээр иргэд сул чөлөөтэй авто зогсоолын мэдээллийг авах боломж бүрдэнэ. Мөн авто зогсоолоор үйлчлүүлж буй этгээдийн тоон мэдээллийг үнэн зөв гаргах боломж бүрдэх юм байна. Зогсоолыг:
- Төвлөрсөн ил авто зогсоол
- Төвлөрсөн дотор авто зогсоол
- Орон сууцны хороолол дундах авто зогсоол
- Гудамж, зам дагуух авто зогсоол
- Их багтаамжтай газар доорх авто зогсоол
- Их багтаамжтай олон давхар зогсоол
- Гол гудамж, зорчих хэсгийн хажуугийн зогсоол гэж төлөвлөнө.
Мөн авто зогсоол барьж байгуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна. Түүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжтой. Эцэст нь дотоод гадаадын хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр барьж байгуулах боломжтой байхаар тусгажээ.
Сэтгэгдэл (0)