Хэнтий: Эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт явуулж байна

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хамтран Хэнтий аймгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед “Монпэн” санаачлагын хүрээнд халдварт бус өвчлөл, зүрх судасны өвчний тандалт, сэргийлэлт, менежментийн чадавхийг бэхжүүлэх цогц сургалтыг энэ сарын 17-25-нд зохион байгуулж байна.



Манай улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байна. Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон тэдгээр өвчлөлөөс сэргийлэх, эрт илрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, бүх нийтийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор ДЭМБ-аас Пэн хайртс (PEN HEARTS) загвар төслийг санаачилсан бөгөөд манай улс 2019-2020 онд  нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул аймгийн нийт 16 өрх, сумын Эрүүл мэндийн төвд амжилттай хэрэгжүүлсэн.



Энэ удаагийн сургалт Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд халдварт бус болон зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/Hearts)-ыг нэвтрүүлэх талаар эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, дадлыг дээшлүүлэх зорилготой юм.



НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар халдварт бус өвчнөөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25 хувь, архины хортой хэрэглээ, хөдөлгөөний хомсдлыг 10 хувь, давс, тамхины хэрэглээг 30 хувь, цусны даралт ихсэлтийг 25 хувь, таргалалт, чихрийн шижингийн өсөлтийг тогтоон барихаар тусгасан. Энэхүү зорилтыг ханган биелүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах ажлыг шат дараатай хийх юм.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.57.92.210)

    2024-01-21

    Монголд өвчтөний өвчний түүхийг нууцлахаа больсон. Монголын их эмч өвчтнүүдийн өвчний түүхийг асуусан хүн болгонд дуртаяа хэлж өгдөг юм.

  • (202.126.91.59)

    2024-01-21

    Сайн байна. Амжилт!