Иргэдийн саналаар нийтийн тээврийн 4 чиглэлд өөрчлөлт орууллаа

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцалыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус өнөөдрөөс үйлчилгээнд гарсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Тээврийн цагдаагийн албаны 386 алба хаагч, 191 цэг дээр замын хөдөлгөөний зохицуулалт хийлээ. Мөн хамгийн их ачаалал авч буй М:1 “5 шар – Офицеруудын ордон”, М:3 “Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай” чиглэлд 152 албан хаагч ажиллаж байна. Тус маршрутын шинэчлэлтийг чиглэлийн давхцалыг бууруулах, автобусны ашиглалтын хурдыг нэмэгдүүлэх, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг багасгах зорилгоор төлөвлөсөн юм.

Нийтийн тээврийн маршрутын шинэчлэлтэй холбоотой гарсан асуудлаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа:

-Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн зорчилтод зарцуулж байгаа хугацаа хуучин маршрутаар 100 минут байсан. Шинэчилсэн маршрутаар нэг зорчилтод зарцуулах хугацааг 70 минут байхаар төлөвлөсөн. Өмнө нь хотын нэг захаас төвөөрөө дамжин, нөгөө захдаа хүрдэг байсныг өөрчилж, хотын гол магистрал замын нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэн, хотын захаас богино эргэлтээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Төвдөө түгжрээд, хотын захдаа автобус нь хүлээгддэг байдлыг арилгаж, чиглэлийн давхцалыг бууруулах зохицуулалт юм. Тухайлбал, Шадивлан, Санзай, Шарга морьт буюу зуслангийн бүсээс ирж буй автобусыг “Зунжин” худалдааны төвийн буудлаас буцаж эргүүлж байгаа. Бид маршрут шинэчлэлтэй холбоотой мэдээллээ ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхэд анхаарах болно гэлээ.

Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн санал дээр үндэслэн дөрвөн чиглэлийн маршрут шинэчлэлтэд тодотгол хийн, өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал,

  • М:4 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шар хад” чиглэлийг “Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шар хад”,
  • Ү:5 “Тоосгоны үйлдвэр-Сансарын тойрог-ХӨСҮТ” чиглэлийг “Тоосгоны үйлдвэр-Чингис зочид буудал-Зүүн 4 зам-ХӨСҮТ”,
  • Ү:9 “Нисэхийн шинэ эцэс-Яармагийн эцэс” чиглэлийг “Нисэх-Сонсголон-5 шар”
  • Ү:10 “Нисэх-ТЭЦ 4 - 3-р эмнэлэг” чиглэлийг “Яармагийн эцэс-ТЭЦ 4 – 3-р эмнэлэг” болгон өөрчилжээ.

Нийтийн тээврийн маршрутын шинэчлэлийг хийхдээ иргэдийн дамжин суух цэг хаана огтлолцож буйг тодорхойлон, богино эргэлтийн дамжин суух чиглэлийг боловсруулжээ. Иргэд автобусанд сууж, буухдаа картаа уншуулбал цахим төлбөрийн датагаар бодит мэдээллийг цуглуулж, маршрут шинэчлэлтээ илүү сайжруулах боломжтойг албаныхан онцолж байлаа.

Мөн иргэд www.iMap.mn цахим сайт болон гар утасны аппликейшнээр нэвтэрч, автобусны чиглэлийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох боломжтой юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)