Баянгол дүүргийн төмөр замын бүс буюу 4, 27-р хорооны оршин суугчидтай уулзалт хийлээ
- 2024-01-10
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүргийн төмөр замын бүс буюу 4, 27-р хорооны оршин суугчидтайгаа уулзаж, 2021-2023 онд дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд болон 2024 онд дүүрэгт хэрэгжүүлэх ажлаа товч танилцуулж, санал хүсэлтийг нь сонслоо.
Дүүргийн 4-р хороо нь 2022 онд 4, 27-р хороо болж хуваагдсан бөгөөд 2021-2023 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын олон ажил хийсэн байна. Тухайлбал,
Арктай шар байрны урд байсан 53 гарааш буулгаж, чөлөөлсөн талбайд 2 эгнээ авто зам, явган хүний зам, 70 гаруй авто зогсоол байгуулснаас гадна 55, 57, 58-р байрны орц гарцыг нээлээ.
20-р сургуулийн хойно, 164-р цэцэрлэгийн баруун тал, дүүргийн ЗДТГ-ын хойно гээд нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй барьсан 90 гаруй гараашийг буулгаж, чөлөөлсөн талбайд 230 орчим авто зогсоолыг шинээр байгуулсан байна.
Үүнээс гадна “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран Н.Цэрэнноровын гудамжны тохижилт, явган хүний зам, тоглоомын талбай зэргийг шинээр байгууллаа.
Жасрайн гудамж, Замчдын гудамжны замыг өргөтгөж шинэчилснээс гадна явган хүний зам, ногоон байгууламж, авто зогсоолын асуудлыг цогцоор нь шийдсэн байна.
Манай дүүргийн 4, 27-р хорооны хувьд 100 хувь байшин хороолол бөгөөд ихэнх нь угсармал орон сууц. Иймд оршин суугчидтай уулзах үеэр олонх нь байрны фасад дулаалга болон камержуулалт, гэрэлтүүлгийг сайжруулах, хог ачилтыг нэмэгдүүлэх талаар санал хүсэлтээ илэрхийллээ.
Баянгол дүүргийн хувьд 80 гаруй хувь нь байшин хороолол. 1200 гаруй байртай. 300 орчим СӨХ үйл ажиллагаа явуулдаг юм. Өмнө нь уулзсан хороодын оршин суугчид маань мөн л 4, 27-р хорооныхтой адил СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулахад дүүрэг орон нутгийн зүгээс анхаарал хандуулж ажиллах талаар хүсэлт тавьж байсан. Иймд дүүргийнхээ нийт оршин суугчдынхаа санал хүсэлтийн дагуу ирэх хоёрдугаар сард холбогдох газруудтай нь хамтран дүүргийн нутаг дэвсгэрт СӨХ-дын үйл ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллах болно.
Сэтгэгдэл (0)