Хулгайчийн халаасаас хувьцааны ногдол ашиг руу…
- 2024-01-22
- Нийтлэл
- 0
Монгол Улсын Засгийн газар 2012 онд шийдвэр гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг тус оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн иргэн бүрд 1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсноос хойш нэг удаад ногдол ашиг тарааснаас өөрөөр “ид шид” үзүүлээгүй “амьгүй” хувьцааны асуудлаар УИХ шинэ шийдвэр гаргалаа.
Тодруулбал, УИХ-ын энэ намрын чуулганы төгсгөлд буюу нэгдүгээр сарын 17-нд “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж, юуны өмнө 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох, иргэдийн хязгаарлагдмал эрхтэй хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр иргэд хувьцаагаа биржээр худалдах, худалдан авах, өвлүүлэх эрхтэй болж буй аж. Анх 2012 онд иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг нэг сая төгрөгт тооцон олгосон нь нэгж хувьцааг 933 орчим төгрөгөөр үнэлсэн хэрэг. Энэ бол улс төрийн л үнэлгээ байв. Харин цаашид хувьцааны нэгжийн үнэ зах зээлийн зарчмаар хөдлөх боломжтой болно.
Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэлх хувьцааны үнэ улс төрийн үнэлгээ байж ирсэн бол цаашид эдийн засгийн үнэлгээ энд үйлчилнэ гэсэн үг. Хамгийн гол нь газрын баялгийн үр өгөөжийг иргэдэд тэгш хүртээх тогтолцооны суурь бүрдэж, төрийн эзэмшилд байх хувь хэмжээ 85 хувиас 73 хувь болж буурлаа.
Нүүрсний хулгайг хянах боломжгүй хаалттай, харанхуй явж ирсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д төр бүрэн эрхэт тусгай төлөөлөгчийг 2022 оны арванхоёрдугаар сард томилж хяналтаа тогтоосноос хойш сүүлийн нэг жилд 11.3 их наяд төгрөгийн үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулан улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлж, гадаад валютын нөөцийг 1.6 тэрбум ам.доллароор зузаатгасан байна. Өнгөрсөн оны хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цэвэр ашиг гурван их наяд төгрөгт хүрэв.
Дараагийн асуудал нь иргэдийн хувьцаанд ногдол ашиг хуваарилах эсэх асуудал анхаарал татаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашгаас хувьцаанд ногдол ашиг хуваарилах эсэхийг тус компанийн ТУЗ тухайн жилдээ шийдвэрлэх журамтай тул УИХ-ын тогтоолд үүнийг тусгахгүй. Хүчин төгөлдөр буй журмын дагуу бол иргэдийн 1072 хувьцаанд хуваарилах ногдол ашгийн хэмжээ тухайн санхүүгийн жилийн цэвэр ашгийн 10 хувиас доошгүй байна гэж заажээ.
Иргэд хувьцаагаараа дамжуулан хяналт тогтоох боломжтой нээлттэй засаглал бүхий компанийг ХУВЬЦААТ КОМПАНИ гэж хэлдэг ч өнөөдрийг хүртэл хамгийн хаалттай байдал ноёрхож, хаалттай, хяналтгүйг далимдуулсан хамгийн том хулгай нүүрлэсэн газар бол “Эрдэнэс Тавантолгой”. Уг нь хувьцаа эзэмшигчид шаардахаас гадна аль болох ахиу ашиг хүртэхийн тулд үйл ажиллагааг нь сайжруулахыг шахах шаардах, засаглал болоод үр ашигт нь хяналт тавих эрхтэй ч тэгж чадаагүй, тийм боломж ч олгоогүй. Харин цаашид 3.5 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг төртэй хамтран эзэмших гэж байгаа бол ногдол ашгаа ч нэмэгдүүлэхийг шаардах ёстой. Үүний тулд үйл ажиллагаа, үр ашиг нь ч ил тод байхыг шаардах эрхтэй. Ямарваа хулгай харанхуй бөгөөд хяналтгүйг л далимдуулдаг. Хамгийн их нүүрс экспортлогч “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нүүрлэсэн нүүрсний хулгай ч мөн л “харанхуй”-г далимдуулсан. Тэгвэл тус компанийг жинхэнэ утгаар нээлттэй хувьцаат компани болгох, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангахыг эрмэлзэж буй бол тэнд гэрэл аслаа гэсэн үг.
Монголчуудыг дотор нь хувааж буй нэг хүчин зүйл бол орлого, баялгийн тэгш бус байдал. Тэгш бус зүйл жингийн ялгаанаасаа болоод тэнцвэртэй зэрэгцэн орших боломжгүй зүй тогтлыг дагаад үндэстэн дотроо нэг нэгнээ үзэн ядах хэмжээнд хүртлээ энэ асуудал хурцдаж буй. Баялгийн болоод орлогын тэгш байдлыг бий болгох нэг хөшүүрэг нь уул уурхайн орлогыг хэдхэн компани руу биш нийт иргэд рүү чиглүүлэх гарцын нэг нь “Эрдэнэс Тавантолгойн” ХК-ийн 1072 хувьцааг амь оруулах алхам юм. Шуудхан хэлэхэд “Ногдол ашгаа ахиухан өг өө” гээд сууж байх ёстой иргэд маань өнөөдөр “Ногдол ашиг гэж бэлэн мөнгө тарааж байхаар хөрөнгө оруулалт хийгээсэй” гэсэн саналыг ч гаргаж байна. Тийм ээ, энэ зөв зүйл. Гэхдээ үүнийг иргэдийн хувьцаанд ногдох ногдол ашгаас биш төрийн эзэмшлийн хувьд ногдох хувьцааны ашгаас шийдвэрлэх ёстой юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 оноос хойш таван охин компани байгуулж, тийшээ хөрөнгө оруулалт хийж ирсэн. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд “Гашуунсухайт авто зам”, “Зүүнбаян төмөр зам”, “Тавантолгой төмөр зам”, “Тавантолгойн дулааны цахилгаан станц”, “Тавантолгой түлш” компаниудыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар босгосон. Тэдгээрт оруулсан хөрөнгө оруулалтыг нэг талаас 1072 хувьцаа эзэмшигчид өөрсдөд ногдох ногдол ашгаасаа ч санхүүжүүлсэн гэж ойлгож болно. Яагаад гэвэл, энэ хугацаанд иргэд ногдол ашиг огт хүртээгүй. Гэхдээ энэ асуудалд УИХ-ын баталсан шинэ тогтоол хариулт өгснийг ч бас анзаарах ёстой. Юу гэхээр дээрх компаниудад оруулсан хөрөнгө оруулалтыг төрд ногдох ногдол ашгаас суутган тооцохоор болж буй.
Э.Боргилмаа
Сэтгэгдэл (0)