Хэнтий: Биндэр, Батширээт сумд эмнэлгийн шинэ барилгынхаа нээлтийг хийлээ

Биндэр суманд улсын төсвийн 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 20 ортой сум дундын эмнэлэг,  Батширээт суманд 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ЭМТ-ийн өргөтгөлийн барилга барьсан юм. Сумдын шинэ эмнэлгийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нарын аймаг орон нутгийн удирдлага, эрүүл мэндийн салбарын үе үеийн ажиллагсад, иргэдийн төлөөлөл, барилгын ажлыг гүйцэтгэсэн “Урал их”,  "Винтер гарден" компаниудын холбогдох хүмүүс оролцлоо.  
Эрүүл мэндийн салбар чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээс хойш Биндэр сумын эмнэлэг нь 2022 онд 100 гаруй сая төгрөг, 2023 онд 250 сая төгрөгийн ашигтай ажилласан нь эмч, ажиллагсдынхаа цалинг нэмэх, шинэ эмнэлгээ тохижуулах боломж олгосон байна.  Тус эмнэлэг өөрийн сумын 4000 гаруй иргэнээс гадна зэргэлдээ сумдынханд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй юм.



Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл ашиглалтад орсноор хэвтэн эмчлүүлэх яаралтай тусламжийн 10 ор нэмэгдсэн байна. Ингэснээр  иргэдэд ор хүлээх, эсвэл аймаг орж эмнэлэгт хэвтэх зэргээр учирдаг байсан хүндрэл багасаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай авах боломж бүрдлээ. Тус сум эмнэлгийнхээ хуучин барилгад Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн 400 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн засвар хийхээр болжээ.




 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)