Гал зогсоох шинэ төлөвлөгөөг Израил, ХАМАС-ын талд танилцуулжээ
- 2024-01-25
- Дэлхий
- 0
НЬЮ-ЙОРК, 2024 нэгдүгээр сарын 25 /Bloomberg/. Газын зурваст гал зогсоох шинэ төлөвлөгөөг Катарын зуучлагчид Израил улс болон Палестины ХАМАС хөдөлгөөнд танилцуулжээ. Энэ талаар Bloomberg агентлаг яриа хэлэлцээний явцын талаар мэдээлэлтэй эх сурвалжийг эш татан мэдээлэв.
Катарын төлөвлөгөөнд тусгагдсанаар Газын зурваст барьцаанд буй Израилын иргэдийг бүгдийг нь сулласны хариуд Израилын тал Палестины зарим хоригдлыг суллах ёстой. Түүнчлэн тус зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх талаар тусгажээ.
Bloomberg-ийн мэдээлснээр, ХАМАС бүлэглэлийг үндсээр нь устгах хүртэл Газад явуулж буй ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэх Израилын талын мэдэгдэл гал зогсоох хэлэлцээрт хүрэхэд саад болж байгаа аж. Катарын эрх баригчид Газын зурвас дахь хямралыг зохицуулахын тулд зуучлалын хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байгааг тус улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мажид бен Мохаммед аль-Ансари мэдэгджээ.
Барьцаалагдсан хүмүүсийн талаар ХАМАС-тай хийж буй хэлэлцээнд ахиц дэвшил гарсан тухай мэдээллийг Израилын тал өмнө нь няцаасан байна.
Үүнээс өмнө гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд нэг сарын дотор барьцааны хүмүүс болон хоригдлуудыг солилцох талаар Израил, ХАМАС хөдөлгөөний хооронд зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн гэж мэдээлсэн юм хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)