Баянгол дүүрэгт “МонПЭН санаачилга” хэрэгжиж эхэллээ
- 2024-01-25
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүрэгт халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх “МонПЭН санаачилга” төслийн нээлт өнөөдөр боллоо.
Дүүргийн 34 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжүүлж иргэдийг зүрх судасны өвчнөөс сэргийлэх замаар халдварт бус өвчний нас баралтыг бууруулах зорилготой төслийн нээлтэд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, НЭМҮТ-ийн Захирал С.Өнөрсайхан, Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, НХХ-ийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа болон 24 ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд оролцлоо.
“МонПЭН санаачилга” төслийн гол зорилго нь эрсдэлтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэж, чихрийн шижин, зүрх судасны өвчин, түүний хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх юм.
Төслийн хүрээнд Баянгол дүүргийн 24 Өрхийн эрүүл мэндийн дарга нар, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нийт 65 эмч, мэргэжилтэн хамрагдах бөгөөд халдварт бус өвчлөл, зүрх судасны өвчний тандалт, сэргийлэлт, менежментийн чадавхыг бэхжүүлэх цогц сургалт нэгдүгээр сарын 25-28-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
2024 онд “МонПЭН санаачилга” төслийг 2024 онд Багануур, Баянгол дүүрэг болон Архангай, Өвөрхангай, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Дорноговь аймгуудад хэрэгжүүлж буй. Уг төсөл нь ДЭМБ-ын тусламжтайгаар 2019-2020 онд “МонПЭН” загвар төслийг хэрэгжүүлсэн Дархан Уул аймаг, Сонгинохайрхан дүүргийн 16 өрхийн эрүүл мэндийн төвд 100 гаруй сая төгрөгийн 14 нэр төрлийн тоног төхөөрөмж, гарын авлагыг, 2021 онд зургаан аймаг, нэг дүүргийн 132 ӨЭМТ-д 740 гаруй сая төгрөгийн 12 нэр төрлийн тоног төхөөрөмж, гарын авлагаар эмч, мэргэжилтнүүдийг хангасан байна. Энэхүү загвар төслийн үр дүнд Дархан-Уул аймаг тархины харвалт, нас баралт 1,4 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 2.5 дахин буурсан үзүүлэлт бий. Түүнчлэн 2021-2022 онд хэрэгжиж эхэлсэн зургаан аймаг, нийслэлийн нэг дүүргийн хүн амын дундах тархины харвалтын шинэ тохиолдлын тоо 1.2 дахин, нас баралтын тоо 1.7 дахин, зүрхний шигдээсийн шинэ тохиолдлын тоо 1.1 дахин, нас баралтын тоо 1.2 дахин буурсан байна.
Сэтгэгдэл (0)