Засгийн газрын нөөц сангаас гаргасан хөрөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж, буцаан төлүүлнэ
- 2024-01-25
- Улс төр
- 0
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01.06 цагт гарсан гал түймрийн нөхцөл байдал, яаралтай шийдвэрлэх асуудлын талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон холбогдох хууль хяналтын байгууллагын удирдлагууд хуралдаанд танилцууллаа.
Зам тээврийн осол, галын шалтгааныг тогтоохоор цагдаа, шүүхийн шинжилгээ, прокурорын байгууллагын ажлын хэсгүүд хэргийн газарт үзлэг шинжилгээ хийж байна. Зам тээврийн ослын улмаас гал гарсантай холбоотой ОБЕГ-ын нэр бүхий гурван алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад хүчтэй дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан эмгэнэлт үйл явдал болсон. Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-т 24-ний өдрийн 01:10 минутад анхны дуудлага ирж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Нийт 27 хүн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 хүн зөвлөгөө, үйлчилгээ авчээ. Түлэгдэж бэртсэн 19-60 насны 14 хүн одоо хэвтэн эмчлүүлж байна. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй таван хүний биеийн байдал нэн хүнд, есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна.
“Дүнжингарав” худалдааны төвийн урд хэсэгт байрлах “Эду апартмент” нэг орцтой, 12 давхар, 61 өрхийн орон сууцны барилгын гадна хэсэг болон зарим айлын эд, хогшил, үйлчилгээний төв, уулзварын баруун талд байрлах “Санни таун” 830 дугаар байрны нэг давхрын үйлчилгээний төв галд өртжээ. Гал түймэрт өртсөн орон сууцны 198 оршин суугчаас 30 өрхийн 116 иргэнийг “Купер плаза интернэшнл” зочид буудалд нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангаж, сэтгэлзүйч зөвлөгөө өгч байна. Ил зогсоол болон авто зам дээр байрлаж байсан 36 тээврийн хэрэгсэл их, бага хэмжээгээр галд өртсөнөөс 29 нь дахин ашиглах боломжгүй болжээ.
УОК-оос гаргасан урьдчилсан дүгнэлтэд үндэслэн ослын хор уршгийг арилгах зорилгоор гал түймэрт амь насаа алдсан алба хаагчдын ар гэрт хуульд заасан нөхөн олговор олгох, осолд өртсөн 207 дугаар байрыг сэргээн засварлах хүртэл тус байрны өрхийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд байр түрээслэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Засгийн газрын нөөц сангаас гаргасан хөрөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж, буцаан төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Гал түймэрт амиа алдсан албан хаагчдын ар гэрийнхэнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр “Буянт Ухаа-2” хороололд тус бүр гурван өрөө байр өгөх, 207 дугаар байрыг энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийн дотор нийслэлийн төсвийн хөрөнгөөр сэргээн засварлахаар боллоо.
Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандарт, дүрэм журмыг шинэчлэх, жигд мөрдүүлэх, ОБЕГ-ын бүтэц, чадавх, хөрөнгө хуваарилалт, гадаад харилцааг сайжруулах, нийт ажилтнуудын сургалт, аюулгүй байдалд онцгой анхаарах, гадаадаас аврах ажиллагааны сургалт авах ажиллагааг зохион байгуулахыг Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.
Нийслэлийн хэмжээнд шатахуун, хий зэрэг тэсэрч дэлбэрэх аюултай бодисын хадгалалт, тээвэрлэлт хийдэг ШТС-уудын үйл ажиллагаа хууль эрх зүйн болон стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллахыг нийслэлийн удирдлагуудад даалгалаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын сүүлийн 20 жилийн газар олголт, газрын хувьчлал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд газар олгосон нь хууль зөрчсөн эсэх, мөн нийтийн тээврийн асуудлаар нээлттэй, нийтийн сонсгол хийх, УИХ-ын даргад хандаж Түр хороо байгуулах чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өглөө.
Сэтгэгдэл (0)