Хүүхдийн хөгжлийн судалгааны үр дүнг танилцуулах уулзалт боллоо
- 2024-01-26
- Нийгэм
- 0
Бага насны хүүхдийн хөгжил болон өсвөр үед ээлтэй эрүүл мэндийн тусламжийг анхан шатанд үзүүлэх боломж, хэрэгцээ ба зөрүүг тодорхойлох үнэлгээний үр дүнг танилцуулах уулзалт /2024-01-26/ ЭМЯ-нд боллоо.
Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коасси-Комлан, НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Халид Шарифи, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал болон тус судалгааны үнэлгээний багийнхан оролцсон.
С.Чинзориг сайд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ дэлхий дахинд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоонд бага насны хүүхдийн хөгжил, өсвөр үе, залуучуудад ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах асуудлыг чухалчилж байгааг онцлоод “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих асуудал болон өсвөр үе, залууст ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй уялдуулах асуудал эрх зүйн орчин, бодлогын хувьд харьцангуй дэмжлэгтэй байна.
Харин хэрэгжилтийн шатандаа анхан шатны нэгждээ анхаарах, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр чадавхжуулж сургах, стандарт журам, заавраар хангах, үйлчилгээний орчныг бүрдүүлэх, бага насны хүүхдэд аюулгүй, өсвөр үеийнхэнд ээлтэй тэдний эрхийг хамгаалсан, нууцыг хадгалсан хэрэгцээнд нийцсэн байдлаар хөгжүүлж өргөжүүлэх, санхүүжилтийг эрүүл хүүхдийн хяналт, бага насны хүүхдийн хөгжил, хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэнд ээлтэй үйлчилгээ рүү чиглүүлэх хэрэгцээ байна гэж харж байгаа. Тиймээс эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг дээшлүүлэхийн тулд тэднийг мэдээллээр хангах, хүүхдээ асрах дадалд сургах шаардлагатай” гэсэн юм.
Үнэлгээний багийн ахлагч Х.Энхжаргал “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний бодлого, үйл ажиллагааг үнэлж, үйлчилгээний хүрээ, чанарын өнөөгийн байдал” сэдвээр танилцуулгаа хийсэн бөгөөд уг үнэлгээг хийхэд чанарын судалгааны аргыг түлхүү ашиглаж, өрх, сумдын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд чиглэсэн судалгаа явуулсан талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коасси-Комлан энэхүү үнэлгээний үр дүнгийн талаар “Бага насны хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгохын тулд эхлээд Тогтвортой хөгжлийн зорилтын дагуу анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх шаардлагатай байна. Эдгээр үйл ажилагааг өрх, сумдын Эрүүл мэндийн төвөөр дамжуулан хэрэгжүүлэхэд ЭМЯ, ЭМДЕГ-аас хамтран ажиллаж, бага насны хүүхдийн эрт илрүүлэг, үзлэгийг явуулсан. Харин үзлэгээр илэрсэн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг арилгахад “Эрт хөгжлийн оролцоо, дэмжлэг үзүүлэх” үйлчилгээг нэвтрүүлэхээр 2024 оны зорилтод тусгасан” гэв.
Судалгааны дүгнэлтээр өсвөр насныхан өрх, сумын Эрүүл мэндийн төвөөс тусламж үйлчилгээ авах нь хангалтгүй гэсэн үнэлгээ гарчээ. Тэдэнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн бойжилт, бэлгийн боловсрол, архи тамхины хэрэглээ, сэтгэцийн эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудал тулгамддаг байна. Гэтэл уг асуудлаар өрх, сумын Эрүүл мэндийн төвдөө хандах нь бага, нөгөө талдаа анхан шатны тусламж үйлчилгээний эмч нарын мэргэшсэн ур чадвар дутмаг байгаа нь хүүхдүүд хувийн эмнэлэгт хандах шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд онцолсон.
Бага буюу 0-3 насны хүүхдүүд эрүүл мэндийн ажилтны хяналтад байдаг ба хөгжлийн судалгааг нь “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийн доторх асуумжийн дагуу гэр бүл, өрх сумын эрүүл мэндийн төвийн эмч нар хамтран хянадаг байхаар бодлогын түвшинд шийдвэрлэсэн ч хэрэгжилтийн явц тодорхой үр дүнд хүрээгүй байна. Энэ нь өвчлөл их байгаагаас шалтгаалж анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх эмч, сувилагчдын ачаалал нэмэгдэж бага насны хүүхдийн хөгжлийг хянах, зөвлөгөө өгөх боломж хомс болсон зэрэг дүгнэлт гарсныг мэргэжилтнүүд танилцуулж, харилцан санал солилцлоо.
Сэтгэгдэл (0)