Иран, Пакистаны аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

ИСЛАМАБАД, 2024 оны нэгдүгээр сарын 30 /DW/. Иран, Пакистан улсууд харилцаагаа сайжруулахын тулд аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тохиролцоонд  даваа гарагт хүрчээ. Талууд энэ сарын эхээр харилцан пуужингийн цохилт өгсний улмаас харилцаа хурцдаад байсан юм. 

 

Тодруулбал, Ираны талаас Пакистаны нутаг дэвсгэр дэх босогчдод өгсөн цохилтын улмаас хоёр хүүхэд амь эрсэдсэн нь хөрш хоёр улсын хооронд хурцадмал байдал үүсгээд байлаа. Үүний дараа Пакистан хариу арга хэмжээ авах зорилгоор Ираны нутаг дэвсгэрт босогчдын байрлалуудад цохилт өгсөн байна. 

 

Харин даваа гарагт Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиян, Пакистаны Гадаад хэргийн сайд Жалиль Аббас Жилани нар Исламабад хотноо уулзжээ.

 

Х.Абдоллахиян хэлэхдээ, талууд “бие биенийхээ тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эрхэмлэн хүндэтгэдэг” бөгөөд ирээдүйд тулгарах аливаа асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх болно гэжээ.

 

Үүний хариуд Ж.Жилани, ийм төрлийн бүх суваг нээлттэй байгаа бөгөөд бид хоёр улсын хооронд үүссэн аливаа асуудал, үл ойлголцлыг маш хурдан шийдвэрлэж чадсан гэж хэлсэн байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)