“ЭТТ” ХК-д тогтоосон онцгой дэглэм үүргээ биелүүлж иргэд ногдол ашигтай, Төр Баялгийн сангийн хуультай болох нь

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийж “Олон жил яригдсан баялгийн суурь реформыг хийх улс төрийн зөвшилцөлд хүрч чадлаа.  Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулахаар тохиролцлоо” хэмээн мэдэгдэв. Энэ үеэр тэрбээр “Бид авлигатай нам харгалзалгүй тууштай тэмцэж чадаагүй бол өнөөдрийн энэ үр дүнд хүрэх боломжгүй байсан гэдгийг онцлон тэмдэглэе” гэв. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д “тохиолдсон явдал”-тай биз ээ.
Ийнхүү Засгийн газрын хуралдаанаас "Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн 2022 оны үйл ажиллагааны үр дүнгээс ногдол ашиг хуваарилж иргэдэд  2024 оны хоёрдугаар сарын 10-ны дотор олгох талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг  “Эрдэнэс Тавантолгой” компани болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн удирдлагад тус тус даалгалаа. Мөн 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг  Улсын Их Хурлын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргалаа.
Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрсний ил тод байдлыг хангаж, далд эдийн засгийг ил болгосны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3 их наяд, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2 их наяд, нийт 4,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэнд 1.2 их наяд төгрөгийн ногдол ашгийг хоёр үе шаттай хуваарилах боломж бүрдэж байна.

Эхний ээлжинд 2022 оны ногдол ашиг болох татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. 2023 оны ногдол ашиг 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна. Санхүүгийн тайлан эцэслэгдэж гарсны дараа хуулийн дагуу иргэн бүрд олгоно. "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшиж байгаад хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд энэ удаагийн шийдвэрээр өөрт үлдсэн хувьцаандаа ногдох ашгаа авах юм байна.

Өмнө нь Засгийн газрын 2012 оны 116 дугаар тогтоолоор 2012 оны 04 дүгээр сарын 11 өдрөөс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэхээр заасан.  Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолоор Монгол Улсын иргэнд 1072 ширхэг хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлэн нэрлэсэн үнийг 933 төгрөг тогтоож, иргэдэд хувьцааг саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр буцаан худалдахаас бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй онцгой нөхцөлтэй хувьцаа байхаар заасан байдаг. Бидний мэдэх 1072 хувьцааны талаарх “мэдлэг” энд хүрээд гацчихсан. 

Тэгвэл өнөөдөр гаргасан тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаанаас 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд шинээр төрсөн, Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг энгийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлж, Монгол Улсын иргэдэд төлбөргүйгээр олгосон хувьцааг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцаанд бүртгэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, дээрх тогтоолын төсөл батлагдсанаар байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүр тэгш хүртэх боломжтой болоод зогсохгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд тавих иргэдийн хяналт оролцоо дээшилж, ил тод, нээлттэй компанийн засаглал хөгжихөд чухал ач холбогдол үзүүлэх болно гэж үзжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол мөн батлагдлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2010 онд байгуулагдсан боловч 2020 онд анх удаа 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилж байсан билээ. Компани 2020 онд нэгж хувьцаанд 90 төгрөг буюу нийт 1,080 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилсан. Улмаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн бүр 96.5 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан удаатай.

Харин одоо эхний ээлжинд сар шинийн баярын өмнө 2022 оны цэвэр ашгаас нийт иргэдэд 351 орчим тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 108 төгрөг, 1072 хувьцаатай нэг иргэнд 116 мянга орчим төгрөгийг хуваарилна.

Сар шинийн баярын дараа компанийн 2023 жилийн эцсийн тайлан эцэслэж, хөндлөнгийн аудит хийж дууссаны дараа 2023 оны цэвэр ашгаас нийт иргэдэд 864 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 266 орчим төгрөг, 1072 хувьцаатай нэг иргэнд 286 мянга орчим төгрөг хуваарилахаар байна.

Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сар шинийн өмнөхөн Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, Улсын Их Хуралд өргөн барихаар боллоо.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.57.92.210)

    2024-02-01

    104000 төргөгийг мөнгө гэж тооцох уу? Энэ мөнгөөр одоо юу ч авахгүй шүү дээ. Орон сууцны нэг айл Имартаас нэг удаад 400000 төгрөгөөр хүнс худалдаж авдаг.